Хайх

Асуудал ба шийдэл: Нөсөө толбо

Асуудал ба шийдэл: Нөсөө толбо

Арьсны эмч нөсөө толбо үүсэх шалтгаануудыг нэрлэн, үүний эсрэг ямар арга хэмжээ авч болох, мөн зун цагт яагаад арьсаа цайруулж болохгүйг зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор хүний арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Бид энэ удаад нөсөө толбоны талаар таны мэдэх хэрэгтэй бүх мэдээллийг цуглууллаа.

Нөсөө толбо үүсэх шалтгаан

Нөсөө толбо үүсэхэд хүргэсэн гол шалтгаанаа олж мэдэх нь маш чухал. Учир нь ингэснээр та тэрхүү асуудлын эх үүсвэрийг устгаж эсвэл зайлсхийж, арьсаа мэдэгдэхүйц байдлаар илүү эрүүл болгох боломжтой.

Нар. Хамгийн том шалтгаан бол мэдээж хэрэг хэт ягаан туяа юм. Хэт ягаан туяаны нөлөөнд арьс өөрийгөө хамгаалах зорилгоор меланин пигмент ялгаруулж эхэлдэг.

Даавар. Дааврын тэнцвэр алдагдах нь нөсөө толбо үүсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Харин дааврын тэнцвэр нь инсулины эсэргүүцэл, жирэмслэлтээс хамгаалах эм, жирэмслэлт, цэвэршилт зэргээс шалтгаалж алдагддаг.

Ходоод гэдэсний замын асуудал. Ходоод гэдэсний зам, элэг, цөсний хүүдийн өвчин нөсөө толбо үүсэхэд нөлөөлнө. Тодруулбал буруу хоолны дэглэм, үүнээс үүдсэн шим тэжээлийн дутагдал, ялангуяа төмөр ба зэсийн хомсдол уг асуудлыг үүсгэнэ.

Гоо сайхны процедур ба арьс арчилгаа. Зуны цагт арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь нөсөө толбо үүсгэх өндөр аюултай. Мөн лазер, пилинг, үс унагаах эмчилгээ зэрэг гоо сайхны процедурт хамрагдсаны дараа арьсаа буруу арчлах нь үндсэн шалтгаануудын нэг болно.

Үрэвсэл. Арьс цочирч, үрэвсэж, экзем ба тууралт үүсэж, батганы асуудалтай тулгарснаас болж арьсны гадаргуу бүрэн бүтэл байдлаа алдаж, ийм байдалтай удаан хугацаанд явснаар нөсөө толбо үүснэ.

Эм. Жирэмслэлтээс хамгаалах эм, антибиотик, системийн ретиноид, алтан цэгцүүхэйн ханд, антигистамин, сульфониламид, зарим нэгэн стероидгүй үрэвслийн эсрэг эм, бактерийн эсрэг бэлдмэл зэрэг нь арьсыг хэт ягаан туяанд илүү мэдрэмтгий, эмзэг болгодог тул нөсөө толбо үүсэх шалтгаан болдог байна.

 

Нөсөө толбоны төрлүүд

Арьсны гүн рүү хэр хэмжээнд нэвтэрснээс нь шалтгаалж нөсөө толбыг эпидермал ба дермал гэсэн хоёр төрөлд хуваадаг. Эпидермал нөсөө толбо нь бор туяатай пигментууд байдаг. Энэ төрлийг гоо сайхны эмч нар амжилттайгаар эмчилж чаддаг. Зөв аргачлал сонгон, иж бүрэн арьс арчилгаа хийсэн тохиолдолд эпидермал нөсөө толбыг 1-1,5 сарын дотор цайруулах боломжтой. Харин дермал нөсөө толбо нь цэнхэр, саарал-цэнхэр, саарал туяатай байдаг.


Гоо сайхны эмчид ханддаг өвчтөнүүдийн дийлэнх нь сэвх буюу хацар, дух, дээд уруул ба эрүүн дээр үүссэн том хэмжээтэй бор толбонууд, лентиго буюу сэвхтэй ижил атлаа илүү том ба тод толбонууд, гиперпигментац буюу арьсны хэсэг газрууд хэтэрхий тод ба гүн өнгөтэй болсон төлөв, батганы дараах сорви гэсэн асуудлуудтай ирдэг.

Зөвхөн иж бүрэн арьс арчилгаа хийж, нөсөө толбо үүсэх үндсэн шалтгааныг тодорхойлон тэрхүү шалтгаанаас зайлсхийснээр урт удаан хугацааны эерэг үр дүнд хүрэх боломжтой. Шалтгаан тодорхойлох үйл явцад эмэгтэйчүүдийн эмч, гастроэнтерологич, физик эмчилгээний эмч зэрэг олон мэргэжилтнүүд хамрагдах шаардлагатай байж болзошгүй. Харин гоо зүйн эмчилгээний хувьд зөвхөн хуурайшуулан хатаах, цайруулах гэсэн л сонголтууд бий.

Нөсөө толбоны эмчилгээг жилийн аль улиралд хийх хэрэгтэй вэ?

Зуны улиралд аль болох нарнаас хол байж, хамгийн өндөр индекстэй нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Нөсөө толбоны эсрэг цайруулах үйлчилгээтэй эмчилгээг зун цагт хийсний хэрэггүй.

Харин намар-өвлийн улиралд нөсөө толбоны эсрэг тэмцлээ эрчимтэйгээр эхлүүлж болно. Арьсны тухайн хэсгийг хуурайшуулан хатаах, дэд давхаргыг шинэчлэх үйлчилгээтэй пилинг, фототермолизын процедур зэрэг нь үүнд хамрагдана. Мөн меланоцит эсэд нөлөөлдөг меланин ялгаруулахаас сэргийлэн блок хийдэг бүтээгдэхүүн, найрлагандаа арбутин, аскорбин, ниацинамид, гидрохинон, альфа-гидрокси хүчил, азелаин зэрэг цайруулах үйлчилгээтэй орц агуулдаг бэлдмэлүүд хэрэглэх шаардлагатай. Эцэст нь бүтэн жилийн турш арьсыг сайтар хамгаалж, сэргээж, тайвшруулах хэрэгтэйг бүү мартаарай.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх