Хайх

Зөв цадацгаая: Дасгалын дараа юу идэх вэ?

Зөв цадацгаая: Дасгалын дараа юу идэх вэ?

Бүгдийг нь биш

Text: Buro.Mongolia


Зураг:

Дасгалын дараах үр дүнгээ хадгалж үлдэхийн тулд хэрхэн хооллож, ямар хүнс хэрэглэх хэрэгтэйг Mövenpick йогуртны брэнд менежер, фитнесс мэргэжилтэн Валерия Пшениснова танд зөвлөж байна

Сүүлийн үед эрүүл хооллолтын талаар ярьдаггүй хүн бараг үгүй болжээ. Миний ихэнх найзууд махнаас татгалзаж, элсэн чихрийг жигшицгээж, хүнсэндээ зөвхөн чиа, киноа зэрэг хачирхалтай нэр төрлийн бүтээгдэхүүн л хэрэглэдэг болж. Гэхдээ иймэрхүү ганц хоёр хоолны "мэргэжилтнүүдтэй" ярилцаж эхлэхэд л тэдний итгэл үнэмшилд ан цав гарч эхлэдэг. Хэрэв зарим нь амин дэм, уургаар баяжуулсан тусгай амттан идэж болно гэдэг бол, нөгөө хэсэг нь үүний эсрэг зогсдог. Нэг хэсэг нь амьтны гаралтай уургийг дэмждэг бол, нөгөө хэсэг нь ургамлын гаралтай уургийг үнэнчээр хэрэглэсээр байдаг. 

Тэгэхээр зөв хооллолт бол хамгийн их маргаантай ухагдахууны нэг ажээ. Энэ нь ч ойлгомжой юм. Эрдэмтдэд хүртэл энэ тал дээр алдаа гаргалгүй судалгаа шинжилгээ хийхэд хэцүү байдаг. Жишээ нь Английн эмч Бен Голдакр хэлэхдээ, "Хэрэв төгс ертөнцөд байсан бол би мянган нярай хүүхдийг хоёр хэсэгт хуваагаад, талд нь амьдралынх нь туршид шинэхэн жимс ногоо идүүлж, харин нөгөө хэсгийг нь утсан гахайн мах, шарсан тахиагаар хооллох байсан. Харин ингэсэн тохиолдолд аль хэсэг нь хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөр өвчилж, хэнийх нь нүүрэн дээр илүү батга гарч, хэн нь удаан амьдрахыг би баттай тодорхойлж чадна" гэжээ. Гэсэн хэдий ч ийм судалгаа явуулах нь боломжгүй юм. Хэн ч бүхэл амьдралынхаа туршид ногоо жимсээр хооллохгүй шүү дээ.

Иймд бидэнд идсэн уураг, тос, нүүрс усаа тооцоолж, биеийн тамираар хичээллэх л үлдэж байгаа юм.

Би долоо хоногт 4-5 удаа дасгал хийдэг. Ихэнхдээ дасгал хийхээсээ өмнө цаг гучин минутаас хоёр цагийн өмнө хооллодог. Хэрэв юм идэж амжаагүй тохиолдолд 30 минутын өмнө жимс, смүүти эсвэл тараг иддэг. Хамгийн гол нь дасгал хийх үед ходоод тань хүнд оргих ёсгүй. Үүний зэрэгцээ суулт хийхдээ ухаан алдаад уначихгүй хэмжээний хүч, тамиртай байх хэрэгтэй.
Харин дасгалаа үнэнчээр хийсний дараа хэрхэн хооллох талаар дэлгэрэнгүй өгүүлье. Тэгэхээр бүх зүйл таны ямар зорилготой байгаагаас шалтгаалах болно шүү.

Зөв цадацгаая: Дасгалын дараа юу идэх вэ? (фото 1)

Зорилго 1. Булчингийн массыг нэмэх, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх хэдий ч турахгүй байх

Хийх зүйлс: Фитнесс зааланд хичээллэх, йога болон сунгалтын дасгалууд

Булчин бол уураг юм. Зааланд хамт хичээллэдэг ихэнх танилууд маань өдрийн хэрэгцээт уургаа тоолдог нэг төрлийн түгээмэл томьёотой байдаг. Ингэхдээ тэд биеийн жингийн кг бүрт хоёр грамм уураг ноогдохоор тооцоолдог байна. Жишээ нь хэрэв та 52 кг жинтэй бол танд өдөрт 104 грамм уураг хэрэгтэй гэсэн үг. Надад ямар, ямар хүнсний бүтээгдэхүүнд хэр их хэмжээний уураг агуулагддагийг цээжлэхэд хэдэн сар шаардагдсан. Эхний үедээ би хүнсний бүтээгдэхүүний савлагаа дээрх мэдээллийг идэвхтэйгээр уншиж, идэж байгаа бүхий л зүйлээ тогтоож авдаг байлаа. Үүний үр дүнд загас, тахианы цээж мах, ээдэм, тослог багатай мах, бяслаг, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, уургийн хэмжээ нь 5 гр-аас багагүй тараг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэйг ойлгосон. Мэдээж хэрэг энэ нь цорын ганц томьёо биш л дээ. Ихэнх хоол тэжээлийн мэргэжилтнүүд үүнээс хавьгүй бага хэмжээний уураг хүний биед шаардлагатай гэж хэлдэг.

Ялангуяа илүүдэл жингүй, спортоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа хүмүүст их хэмжээний уураг хэрэглэх нь аюултай. Харин ч илүү их нүүрс ус хэрэглэх учиртай. Учир нь нүүрс ус л таны хүсч байгаа булчинг тань ялгаруулж харагдахад тусална. Үүнд удаан нүүрс ус буюу бүхэл үрийн талх, үр зэрэг орно. Хэрэв танд чихэр идмээр санагдвал, зөвхөн маш ядарсан үед эсвэл толгой эргэсэн үедээ л идэж болох юм.

Та уургийн эсвэл нүүрс усны цонхны талаар сонссон байж магадгүй л юм. Айх хэрэггүй дээ. Фитнесийн багш нар "цонх" гэж ярихдаа бэлтгэлийн дараа хоёр цагийн турш зөв хооллох хэрэгтэй л гэсэн санааг илэрхийлдэг юм. Энэ нь булчингийн хэмжээг томосгоход нөлөөлдөг. Дасгал хийсний дараа нүүрс ус нь эрч хүчний нөөцийг хангаж, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Харин уураг нь таны булчинг тодотгоход тусална. Тиймээс таныг дасгалаа хийсний дараа идэж болох дараах зуушнуудыг санал болгоё.

Өөрийн гараар хийсэн уургийн коктейл

Хэрэв та спорт тэжээл хэрэглэж эхлээгүй байгаа бол, өөрийн гараар уургийн коктейл бэлдэж уух нь сайхан санаа юм. Үүнээс гадна энэхүү коктейл нь маш амттай. Холигчинд гадил, 100 гр ээдэм хийгээд, дээрээс нь 200 гр тослог багатай сүү нэмээд холино. Ингээд л хоромхон зуурт амтат коктейл бэлэн боллоо.

Зөгийн бал эсвэл гадил жимстэй ээдэм

Энэ нь дээрх жортой адил боловч арай хялбар зууш юм. Бэлтгэлийн дараа холигч ашиглах ч хүч тэнхээгүй болсон хүмүүст зориулсан бөгөөд дээрх орцнуудыг холиод л идэхэд бэлэн болно.

Үүнээс гадна, унтаж амрахаа мартуузай, нойрон дунд л булчин томорч өсдөгийг санах хэрэгтэй шүү.

Зөв цадацгаая: Дасгалын дараа юу идэх вэ? (фото 2)

Зорилго 2. Турах.

Хийх дасгал: Гүйх, алхах, аэробик, бүжиг хийх, усанд сэлэх

Мэргэжилтнүүд бодисын солилцоог түргэсгэхийн тулд бага, багаар хоёр цаг тутамд идэхийг зөвлөдөг. Мөн бэлтгэл хийсний дараах хоёр цагийн дотор уургийг нүүрс устай хамтад нь хэрэглэх нь зүйтэй.

Хушга болон хатаасан интоортой тараг

Энэхүү хөнгөн зуушийг цүнхэндээ авч явахад тохиромжтой тул хаана ч хооронд нь холиод идэж болох юм.

Сам хорхойтой салат

Жин хасч байгаа хүн бүр салатанд дуртай болох хэрэгтэй. Далайн гаралтай бүтээгдэхүүнийг салатны навчтай холиод л, уураг ихтэй шим тэжээлтэй хөнгөн зууш бэлэн болох нь тэр.

Зөв цадацгаая: Дасгалын дараа юу идэх вэ? (фото 3)

Зорилго 3. Булчингийн өвдөлтийг намдаах

Ус

Таны бэлтгэлийн зорилгоос үл хамаарч, маш их цэвэр ус уух хэрэгтэй. Ус нь сүүн хүчлийг гадагшлуулж, жин хасахад дэм болж, бие махбодид уургийг шингээхэд тусална.

Ингээд бүх уншигчиддаа амттай хоол болон сайхан бие галбирын хоорондох тэнцвэрийг олохыг чин сэтгэлээсээ хүсье.

цааш үзэх