Хайх

Батгатай арьсыг хэрхэн арчилж, үр дүн авчрах зөв бүтээгдэхүүн сонгох вэ

Гоо сайхны мэргэжилтэн арьсан дээрх үрэвсэлтэй тэмцэхэд тань тусалж байна

Батгатай арьсыг хэрхэн арчилж, үр дүн авчрах зөв бүтээгдэхүүн сонгох вэ

Text: Бюро 24/7

Батганы эсрэг бүтээгдэхүүнээрээ алдартай Payot брэндийн мэргэжилтэн Майя Дадеева асуудалтай арьстай хүмүүст зөвлөгөө өгч, нүүрэн дээрх үрэвслийг хэрхэн багасгах, бүтээгдэхүүнээ сонгохдоо ямар орцнуудыг анхааралдаа авах хэрэгтэйг хэлж байна.

Арьс арчилгааны зөв шат дараалал баримтлах

Асуудалтай арьстай хүмүүс олон шат дараалал бүхий арьс арчилгааны систем бүрдүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд тэд арьсныхаа цэвэрлэгээнд анхаарлаа хандуулж, косметик будаг ба бохирдлыг гүн цэвэрлэх, арьсыг матт болгох, нүх багасгах бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Дараагаар нь асуудалтай арьсанд зориулагдсан тоник хэрэглэснээр арьсыг чийгшүүлж, бага багаар арьсны гадаргууд өөрчлөлт оруулах учиртай. Мөн тоникийн дараа хар батганы эсрэг болон нүх гүн цэвэрлэдэг тусгай бүтээгдэхүүн хэрэглэвэл бүүр ч сайн байх болно.

Арьс арчилгааны дараагийн шатанд серум эсвэл тусгай шингэн хэрэглэж, үүний дараагаар гүн цэвэрлэх маск болон үе үе арьсан дээр үүсдэг батганы эсрэг бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй. Ерөнхийдөө арьс арчилгааг аль болох үр дүнтэй болгохын тулд батганы эсрэг хөтөлбөрт багтдаг байж болох бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг ашиглах нь хмагийн зөв шийдэл болдог. Ингэснээр тэдгээр бүтээгдэхүүнүүд нь нэг нэгнийхээ үр нөлөөг идэвхжүүлж, хөтөлбөрийн ерөнхий үр дүнг нэмэгдүүлж өгдөг юм.

Бүтээгдэхүүний найрлагыг харах


Асуудалтай эсвэл тослог арьсанд зориулсан бүтээгдэхүүн сонгохдоо өөрийн авахыг хүсэж буй үр дүнг санах хэрэгтэй. Юуны түрүүнд ийм зэргийн бүтээгдэхүүн нь себум үйлдвэрлэлтийг багасгаж, илүүдэл тосыг шимж авах учиртай байдаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд бүтээгдэхүүний найрлагад цайрын оксид, хулсны нунтаг, цардуул, тальк гэх зэрэг орц орсон байх шаардлагатай. Хоёрдугаарт батганы эсрэг бүтээгдэхүүн нь гиперкератоз буюу арьсны дээд давхаргын зузааралтын эсрэг үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал. Үүнд арьсан дээрх үхсэн эсүүдийг гуужуулж, арьсны гадаргууг гөлгөр болгох үүрэгтэй салицилийн хүчил ба жимсний хүчил тусална. Гуравдугаарт зориулалтын бүтээгдэхүүний ачаар арьсан дээрх микро организмуудыг тэнцвэржүүлж, үүнийхээ ачаар батга гарах магадлалыг багасгах хэрэгтэй. Ийм үр дүнд хүрэхэд тань жишээ нь чилийн гаа хэрэг болно. Энэ орц нь "арьсны антибиотик" хэмээн нэрлэгддэг тусгай уургийн үйлдвэрлэлтийг дэмждэг байна.

Хэрвээ та чийгшүүлэх эсвэл нарнаас хамгаалах гэх тодорхой үйлчилгээтэй батганы эсрэг бүтээгдэхүүн сонгохыг хүсэж байгаа бол дотроо ямар нэгэн тос агуулаагүй хөнгөн бүтэцтэйг нь сонгоорой.

Батгатай арьсыг хэрхэн арчилж, үр дүн авчрах зөв бүтээгдэхүүн сонгох вэ (фото 1)

Зөв бүтэцтэй бүтээгдэхүүн сонгох


Хэрвээ таны арьс батганы асуудалтай тулгардаг бол дотроо том хэсгүүдтэй скраб хэрэглэж болохгүй бөгөөд арьсаа гуужуулах зорилгоор ферментийн пилинг сонгох нь зүйтэй. Мөн хэрвээ та арьсаа өдөр бүр усаар цэвэрлэдэг бол хөөсөрдөг бүтээгдэхүүн эсвэл мицеляр ус сонгохыг бид зөвлөж байна. Мицеляр ус нь асуудалтай, эмзэг болон тослог арьсанд хамгаас тохиромжтой байдаг.

Алдаанаасаа суралцах

Ихэнх хүмүүс арьсаа чийгшүүлж, хамгаалах нь хамгаас чухал ач холбогдолтой байдгийг мартдаг. Эдгээр нэн шаардлагатай алхмуудыг арьс арчилгааныхаа горимд нэвтрүүлэхгүй аваас усгүй болсон хуурайшсан арьс улам их себум үйлдвэрлэж эхэлдэг. Тиймээс арьсанд чийг өгөх серум ба маск гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж, арьсаа үргэлж шим тэжээлээр хангалуун байлгах хэрэгтэй. Матт эффект өгдөг бүтээгдэхүүнүүд хүртэл нэмэлт чийгшүүлэх үйлчилгээтэй байх учиртай юм шүү. Энэ дашрамд сануулахад мэргэжилтнүүд хатуу бүтэцтэй савангаас аль болох хол байхыг зөвлөж байна.

"Хатуу бүтэцтэй ихэнх савангууд шүлтлэг ихтэй байдаг учир энэ нь арьсны pH тэнцвэрийг алдагдуулж, арьсыг хуурайшуулдаг. Мөн савангийн найрлагад ордог тослог хүчлүүд арьсны нүхийг бөглөдөг. Тиймээс арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонгохдоо аль болох батганы эсрэг тусгай найрлагийг илүүд үзээрэй" хэмээн Майя ярьж байна.

Батгатай арьсыг хэрхэн арчилж, үр дүн авчрах зөв бүтээгдэхүүн сонгох вэ (фото 2)

Хүмүүс түүнчлэн өдөр тутмынхаа амьдралд маш энгийн алдаанууд гаргаж, арьсныхаа нөхцөл байдлыг дордуулдаг. Үүнд жишээ нь орныхоо даавууг солихгүй байх, гар утасныхаа дэлгэцийг ариутгахгүй байх, нүүр будалтын спонж ба багсыг цэвэрлэхгүй байх, шанаагаа тулж суух болон нүүрэндээ гараараа хүрэх гэх жижиг алдаанууд хамрагдах юм. Мэргэжилтнүүд арьсан дээрх батганы асуудал хүндэрсэн нөхцөлд нүүр цэвэрлэгээний нэг удаагийн салфетк хэрэглэж, даавуун алчуур болон нүүр будалтын спонжоос хэсэг хугацаанд татгалзахыг зөвлөдөг билээ.

Цааш үзэх