Хайх

Бодит үнэн: Нүүрний хар маскны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Хар маскны сул талууд болон зөв хэрэглэх зааварчилгаа

Бодит үнэн: Нүүрний хар маскны талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Хэдэн жилийн өмнөөс шуугиан тарьж эхэлсэн нүүрний хар маск эхлээд Ази орнуудын зах зээлийг эзэлж, одоо мөн баруунд хүчээ авчээ. Энэхүү бүтээгдэхүүний хэрэглэгчдийн хүрээ тэлэх тусам, гоо сайхны мэргэжилтнүүд хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэхийг хүсэж, олон нийтийн арьсыг хамгаалахыг зорьж байна. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар энэ маск нь арьсыг хар цэг ба батгануудаас ангижруулах хамгийн хурдан бөгөөд хялбар арга юм. Гэвч энэ нь бодит үнэн мөн үү? Энэ маск нь үнэхээр л хар цэг ба батгыг багасгах уу? Хамгийн гол нь уг маскийг хэрэглэхэд аюулгүй гэж үнэн үү?

Сүүлийн үед нүүрний хар маскийн эргэн тойронд түлхүү сөрөг мэдээлэл үүсээд байна. Мэргэжилтнүүдийн анхааруулснаар хар маскийг хуулсны дараагаар маск дээр зөвхөн хар батга биш, мөн арьсны дээд давхарга болон шар үс үлддэг байна. Health сэтгүүлд өгсөн зөвлөгөөндөө анагаах ухааны доктор Мелисса Пилианг "Хар маск нь арьсыг орчин тойрны бохирдол, нөлөөнөөс хамгаалдаг зайлшгүй шаардлагатай арьсны дээд давхарга болон түүн дээрх байгалийн тосыг хуулдаг. Энэ нь мөн арьсан дээрх шар үсийг хуулж, яг л wax хийж буйтай адил арьсыг цочролд оруулж, улайж, гэмтэхэд хүргэдэг" гэж хэлсэн юм. Докторын онцолсноор ийм төрлийн маскийг зөвхөн нүүрнийхээ Т-бүсд хэрэглэж болох бөгөөд хэрэглэхдээ ч хүртэл маш болгоомжтой байх хэрэгтэй аж. Хүний нүүрний Т-бүс бусад хэсэгтэй харьцуулбал илүү тослог бөгөөд хамгаалалттай байдаг учир гэмтэж, цочрох магадлал арай бага юм. Гэхдээ маскийг хэрэглэсний дараагаар зөөлөн савангаар аливаа үлдэгдлийг цэвэрлэж, арьс тайвшруулах тос зайлшгүй түрхэх хэрэгтэйг Мелисса Пилианг тодотгон хэлжээ.

Сайн чанарын хар маскны найрлагад желатин ба нүүрсний нунтаг ордог. Харин бусад энгийн масканд ихэвчлэн цавуу ашиглагддаг тул ийм зэргийн маскийг хэрэглэхэд маш их өвдөлт мэдрэгддэг. Тиймээс хятад брэндүүдийн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, худалдан авсан маскаа эхлээд бугуйн дээрээ туршиж байхыг бид зөвлөж байна. Хэрвээ таны сонгосон маск хүндрэлтэй хуулагдаж байвал усанд норгох хэрэгтэйг анхаараарай.


Хар маскны тухай анхааруулга хэвлэл мэдээллээр тогтмол цацагддаг ч, хэрэглэгчдийн дунд энэ бүтээгдэхүүн нь эрэлттэй хэвээр байна. Хамгийн аюултай нь гоо сайхны блогерууд хар маскийг гэрийн нөхцөлд нүүрс ба ПВА буюу тарган цавуу ашигласнаар хийх жор тарааж байна. Ийм төрлийн батлагдаагүй, сайн дурын жороор хийгдсэн маск таны арьсны хамгаалалтын липидийн давхаргыг хуулж, гэмтээнэ. Харин гэмтсэн арьс тань дор хаяж нэг сарын дараа нөхөн төлжих болно.

Хар батгыг арилгах илүү зөөлөн аргууд бий. Үүний нэг бол нүүрсний найрлагатай тосон хэлбэрийн маск юм. Нүүрс бол арьсны нүхнээс шаардлагагүй бохирдол, тосыг татаж авах чадвартай, байгалийн гаралтай шингээгч юм. Түүгээр ч барахгүй нүүрс нь мөн бактерийн эсрэг нөлөө үзүүлдэг давуу талтай учир туршаад үзээрэй.

 

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх