Хайх

Будагтай үсийг хэрхэн арчлах вэ

Будагтай үсийг хэрхэн арчлах вэ

Хүссэн өнгөөрөө будахын зэрэгцээ хэрхэн эрүүл үстэй байх вэ?

Text: Buro.Mongolia


Үсээ зөвхөн мэргэжилтнүүдэд даатга

Энэ нь магадгүй маш ойлгомжтой зөвлөгөө мэт санагдаж болох ч, үнэндээ зарим хүмүүс энэхүү зөвлөгөөг үл ойшоох нь элбэг байдаг. "Мэргэжлийн стилист зөв өнгө ба чанартай будаг сонгоод зогсохгүй, мөн үсийг байгалийн харагдуулах чадвартай хамгийн оновчтой аргачлалаар буддаг. Мэргэжилтний ур чадвараар будуулсан үс уг нь ургасан үед хүртэл цэмцгэр харагдах учиртай. Тэгээд ч үс будах үйл явцын үед стилист будгийн найрлагад тос эсвэл үс гэмтэхээс урьдчилан сэргийлдэг тусгай бүтээгдэхүүн хийж, үйлчлүүлэгчийнхээ үсний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулдаг юм" хэмээн Британа гоо сайхны студийн стилист Лера Ефименко зөвлөж байна.

Үсээ будахаасаа өмнө бэлтгэх хэрэгтэй

Будгийн хорт нөлөөг багасгаж, удаан тогтоцтой будалт хийлгэхийн тулд үсээ ойролцоогоор долоо хоногийн өмнө процедурт бэлтгэх хэрэгтэй. "Үсээ будуулахаас таваас долоо хоногийн өмнө үсэндээ гүн тэжээл өгөх үйлчилгээ хийлгэх хэрэгтэй. Үсний гэмтсэн хэсгүүдийг тэжээл өгөх тос эсвэл амин дэмээр дүүргэснээр таны хүссэн өнгө илүү удаан тогтоцтой байх болно" гэж Beauty Club салоны стилист Анна Журавлева хэллээ.

Гэрийн нөхцөлд үс арчлах зориулалттай мэргэжлийн бүтээгдэхүүн хэрэглээрэй


Чадвартай стилист аль болох гэмтэл багатай будалт хийж, гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаар тодорхой зөвлөгөө өгдөг. "Хамгийн гол нь толгойн арьсыг мөн үсийг хэрхэн арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Дэлгүүрээс дур мэдэн худалдан авсан эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн таны үсний онцлогт тохирохгүй, нөлөө үзүүлэхгүй байх өндөр магадлалтай. Арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо дэлгүүрийн зөвлөх биш, харин мэргэжлийн үсчинд хандаж, өөрт тохирсон оновчтой арчилгааг мэдэж авах нь хамгийн зөв арга юм" хэмээн Redken компанийн олон улсын мэргэжилтэн Тимур Садыков тайлбарлалаа.

Мөн Лера Ефименкогийн хэлж буйгаар зөв сонгосон бүтээгдэхүүнүүд үсний өнгийг удаан тогтоход тусалдаг бөгөөд гэрийн нөхцөлд бие даан найруулсан маск ба тэжээлүүд эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тодруулбал майонез, өндөгний шар гэх зэрэг гар доорх материалаар хийгддэг гэрийн маскууд үсний өнгийг хурдан арилгадаг гэнэ. "Үсээ будсаны эхний хоёр долоо хоногт чийгшүүлэх үйлчилгээтэй шампунь, маск ба ангижруулагчийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Тэдгээр нь үсний өнгийг арилгадаг юм. Харин будаг тогтсоны дараагаар мэдээж хэрэг буцаад хэрэглэж болно" гэж Beauty Club-ын стилист зөвлөлөө.

Үсээ зөв угааж сураарай

Энэхүү өдөр тутмын, энгийн алхмыг ихэнх хүмүүс буруу хийдэг. "Угаах үйл явцад үсээ үрэхгүй, зөөлөн хандах нь их чухал. Эс тэгвээс үс тань гэмтэнэ. Бүх бүтээгдэхүүнүүдийг, тэр дундаа ангижруулагч ба маскийг үсний ширхэг бүрт шингээн түрхэх хэрэгтэй. Дараа нь үсээ үрэлгүйгээр норгож, алчуураар ороогоорой. Гэхдээ алчуураар ч бас удаан ороож болохгүйг бүү мартаарай" хэмээн Британа гоо сайхны студийн стилист ярьж байна.

Дулааны хамгаалалт хэрэглээрэй

Зөвхөн будагтай гэлтгүй мөн будаггүй үсийг эрүүл байлгахын тулд дулаанаас хамгаалах бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх шаардлагатай. "Та хэрвээ үсээ сэнсээр хатаадаг бол арилдаггүй бүтэцтэй дулаанаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Тосон хэлбэрийн уг бүтээгдэхүүнүүд арьсны эпидермисийг нөхөн сэргээж, мөн гөлгөр болгож, үс хатах хугацааг хурдасгадаг" хэмээн Тимур Садыков зөвлөж байна. Гоо сайхны зах зээл дээр борлуулагдаж буй ихэнх дулаанаас хамгаалдаг бүтээгдэхүүнүүд мөн нарны хорт туяанаас хамгаалах үйлчилгээтэй байдаг. Тиймээс сайн чанарын бүтээгдэхүүн сонгож чадвал үс тань бүхэл өдөржингөө хамгаалалтанд байна гэсэн үг. Харин байгалийн гаралтай шингэн тосыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөх байна. Учир нь тэдгээр нь үсний гадаргууг нээж, будаг арилахад хүргэдэг юм.

цааш үзэх