Хайх

Buro 24/7 гоо сайхны толь бичиг: C – centella

Buro 24/7 гоо сайхны толь бичиг: C – centella

“Мөрөөдлийн өвс”

Text: Buro.Mongolia


Зураг:

Анагаах ухаанд сенсаацитайгаар орж ирсэн центелла гэх ургамлын ид шид юундаа оршдогийг бид энэ удаа танд ярьж өгөх болно. Харин үүнийг хамгийн анх хүмүүст Азийн бар зааж өгсөн гэх домогтой

Эрт нэгэн цагт, 1911 онд Францын баруун хэсэгт орших Коньяк хотод Пьер Луи Буато гэх нэгэн хүү төрсөн юм. Тэр хүү Версалийн хөдөө аж ахуйн сургуульд сурдаг байсан бөгөөд ургамал ба байгаль шинжлэл ихэд сонирхдог байж. Тэр сургуулиа төгссөний дараа цэргийн алба хаахаар болж, 1932 онд Мадагаскар арал руу албаныхаа үүргээр аялжээ. Тэнд Пьер нэгэн эрдэмтнийг дагалдах үүрэг авч, арлын хамгийн аймшигтай хэсэг гэгдэх уяман өвчнийг оношлох, эмчлэх, өвчтөнүүдийг тусгаарлах байгууллага дээр хэсэг хугацааг өнгөрүүлсэн байна. Пьер удалгүй малагаси хэлийг бүрэн эзэмшиж, дотоодын шуламтай итгэлцлийн харилцаа бий болгож, эмч нарын ашигладаг байсан зургаан гол ургамлыг олж тогтоосон байдаг. Тэдгээр ургамал дунд Азийн центелла багтаж байжээ.

Центелла гэх нимгэн иштэй зэрлэг ургамал нь Хятад ба Энэтхэгийн анагаах ухаанд гурван мянга гаруй жилийн турш хэрэглэгдэж байгаа. Эдгээр улс центеллагийн тухай домог хүртэл сэдсэн байдаг. Тэдний хэлдгээр энэхүү ургамлыг ашиглах аргыг хүмүүст Азийн бар анх зааж өгсөн аж. Гэмтэл авсан амьтад центелла ургадаг газрыг хайж олоод, өвсөн дээгүүр өнхөрч, шархаа эдгээдэг байж. Энэ домгийг Пьер мэддэг байсан эсэхийг бид таамаглаж чадахгүй ч 1937 онд чадварлаг ургамал судлаач өөрийн хичээл зүтгэлийн ачаар центелла ургамлын албан ёсны клиник судалгааг зөвшөөрүүлсэн юм. Судалгааны үр дүнд центеллагийн навчны хандад уяман өвчний микробактерийг устгагч бодис олдсон бөгөөд уг бодисыг эрдэмтэд азиатикозид хэмээн нэрлэсэн байдаг. Түүнчлэн энэ бодис нь арьсны сүрьеэ өвчнийг анагаахад ач тустай нь удалгүй тогтоогджээ. Ийнхүү центеллагийн шинж чанаруудыг сайтар судалсны эцэст арьс анагаах эмчилгээний бүтээгдэхүүнд ашиглах болж, удалгүй зах зээлд нэвтэрч эхэлсэн юм.

Өнөөдөр дэлхийн бүх гоо сайханчид центеллаг үрэвслийн эсрэг ба шарх эдгээхэд гаргуун гэдгийг магтан дуулж байна. Хэрвээ таны өдөр тутмын тосонд "centella asiatica extract" гэх орц орсон байвал энэ нь таны гэмтсэн судсыг сэргээж, бэхжүүлж, судас тэлэлтийг эмчлэхэд тусална.

Энэхүү ургамал нь гоо сайхны ертөнцөд их нэртэй. Аюурвидын анагаах ухаан центеллаг "тархины цагаан ба саарал бодисын сэргээгч" хэмээн нэрлэдэг бол, Хятадад үүнийг "залуу насны рашаан" гэдэг. Тэд центеллаг нас уртасгах, ой ухаан сайжруулах, анхаарал нэмэгдүүлэх, бие организмыг тайвшруулах, зүрх судасны болон мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэх чадвартай гэдэгт итгэдэг юм. Тэгэхээр центелла "Мөрөөдлийн өвс" биш байна гэж үү?

Ценетелла ургамлын ханд орсон бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэсэн үед таны судас илүү бат бөх болно. Энэ нь хамгийн жижиг хялгасан судсан дахь цусны эргэлтийг хүртэл сайжруулах чадвартай тул гэмтсэн болон хөгширч буй арьстай хүмүүс центеллаг анхааралдаа авах хэрэгтэй.

Та жишээ нь унтахаасаа өмнө хэтэрхий их ус уусны улмаас өглөө нь яг панда шиг сэрдэг үү? Санаа зоволтгүй ээ, центеллагийн суурьтай тос эсвэл гель таны хаванг буулгаж, арьсан дахь илүүдэл шингэнийг таны бие организмоос гадагшлуулах болно. Та үүнийг мөн целлюлитын эсрэг эмчилгээнд ашиглаж болно.

Тэгэхээр Азийн баруудын зөв байж таарлаа. Бас үүнийг бидэнд нээж өгсөн францын ухаалаг эрдэмтэнд баярласнаа илэрхийлж, аль болох их центелла агуулсан өдөр тутмын тос хэрэглэцгээе.

 

 

цааш үзэх