Хайх

Элизабет Тейлорын хувийн нүүр хувиргагчийн ашигладаг таван нууц аргачлал

Элизабет Тейлорын хувийн нүүр хувиргагчийн ашигладаг таван нууц аргачлал

Франческа Толот үнэтэй зөвлөгөө өгч байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7-гийн гоо сайхны редактор Алексей Савостин M.A.C Cosmetics-ын арга хэмжээний үеэр алдарт нүүр хувиргагч Франческа Толоттой уулзаж, түүний ашигладаг нууц аргачлалуудын талаар асуулаа

Италийн мэргэжлийн нүүр хувиргагч Франческа Толот дуучин Бейонсегийн дөч гаруй хөгжмийн клип дээр ажиллаж, Марион Котийяр ба Жулия Робертс гэх зэрэг дэлхийн хэмжээний одуудын кино зураг авалтын нүүр будалтыг хариуцаж байсан баялаг туршлагатай. Гэхдээ Толотын хамгийн том амжилт бол түүний Америкийн кино од Элизабет Тейлорын хувийн нүүр хувиргагчаар 20 жилийн турш ажилласан явдал юм.

Хоёр жилийн өмнө "Нэг бүсгүй - 100 төрх" (One woman 100 faces) гэх нэртэй ном гаргаж байсан Толот хоёр хоногийн өмнө Москвад хүрэлцэн ирж, Бюро 24/7-д өөрийн нууц аргачлалуудаасаа ярьж өглөө.

Нүдээ томруулах

Сормуусны будгийг үргэлж ашиглаж байгаарай. Энэ нь нүдийг том харагдуулахад туслах хамгийн хялбар арга юм. Таны дөнгөж сэрсэн эсвэл өдрийн төгсгөлд маш ихээр ядарсан төрхийг сормуусны будаг хормын зуур сэргээж өгнө.

Эрүүл арьстай харагдах

Бронзер ба хайлайтерын хүч чадлыг үйл ойшоож болохгүй шүү. Уг бүтээгдэхүүнүүдээр нүүрээ хөнгөхөн бүрхэхэд таны арьс урьд өмнөхөөсөө хамаагүй эрүүл бас залуу харагдах болно.

Суурь кремнийхээ өнгийг зөв сонгох

Суурь крем худалдаж авахдаа үргэлж байгалийн гэрэлд өнгийг нь туршиж үзэж байгаарай. Ингэснээр таны арьсны өнгө суурь кремийн өнгөтэй хэрхэн зохицож байгааг бодитоор харна.

Элизабет Тейлорын хувийн нүүр хувиргагчийн ашигладаг таван нууц аргачлал (фото 1)

Тэгш хэмтэй будалт хийх

Нүдэн дээрээ контур зурж байхдаа эсвэл уруулаа хүрээлэхдээ хоёр талын хэм тэгш болсон эсэхийг шалгахын тулд гар утсаа авч, зураг дараад үзээрэй. Харамсалтай нь толь бидний бодит төрхийг гуйвуулдаг юм.

Өнгө холих

Би хэзээ ч зөвхөн нэг өнгө ашигладаггүй. Суурь крем ашиглахдаа үргэлж хоёр эсвэл гурван туяаг хооронд нь хольж, үйлчлүүлэгчийнхээ арьсанд төгс тохирох өнгийг гаргаж авдаг. Ингэснээр нүүр будалт илүү байгалийн харагддаг. Нүдний тенийн хувьд ч гэсэн би зөвхөн бор, хар эсвэл ногоон гэх мэт ганцаарчилсан өнгөнүүд ашигладаггүй. Би тэднийг хооронд нь хольж, олон давхарлаж түрхдэг. Үүний үр дүнд би илүү зөөлөн бас бодит төрх гаргадаг.

цааш үзэх