Хайх

Гоо сайхны боловсрол: \"С\"- серум

Гоо сайхны боловсрол: "С"- серум

Дээд зэргийн төвлөрөлт

Text: Buro.Mongolia


Орчин үед мэдлэгтэй хүнийг нийгэм илүү үнэлдэг болсон. Ийм ч учраас бид гоо сайхны мэргэжилтэн Алексей Савостинаас серум гэх ач тустай бүтээгдэхүүний тухай бүх үнэнийг ярьж өгөхийг хүссэн юм

Гоо сайхны тоймч нарын 2014 онд бичсэн нийтлэл бүрт "Серум" гэсэн үг агуулагдаж байсныг санаж байна уу? Хэдий хэвлэл мэдээллийн байгууллагууд бүтээлч сэтгэлгээ гарган энэхүү гоо сайхны бүтээгдэхүүний талаар олон өгүүлэл гаргасан ч одоо хүртэл зарим нэг хүмүүс серум гэж яг юу болох тал дээр муухан ойлголттой явна. Хэрэв та энгийн өдрийн тос ба серум хоёрын ялгаа юу болох, аль нь илүү үр дүнтэй вэ гэдгийг мэдэхийг хүсвэл энэ нийтлэлийг заавал уншихыг зөвлөж байна.


Серумын онцгой чанар юу вэ?


Та магадгүй дэлгүүрийн шилэн хоргонд, гоо сайхны салонд, эсвэл бүр эмнэлэгт ч олон удаа "Серум" гэсэн савтай бүтээгдэхүүн харсан байх. Тэгэхээр серум гэх үгийг илүү ойлгомжтойгоор тайлбарлавал "Баяжмал" гэсэн утгатай үг бөгөөд арьсны өнгөн давхаргад нэвтрэх чадвартай, биологийн идэвхит бодисын өндөр агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн. Сeрум арьсны биологийн үйл ажиллагаанд нөлөөлж, арьсны бүтцийг сайжруулдаг нь түүний гол чадвар юм.

Гэхдээ биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй, арьсны өнгөн давхаргад нэвчдэг, эсийн төвшинд үйлчилдэг крем, лосьон бүрийг серум гэж нэрлэж болно гэж үү? Эмчилгээний чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг энгийнээр "Серум" гэх нэрээр сольчихож болох болов уу? Энэ талаар дэлгэрэнгүй авч үзье.

Бид үргэлж шударга өрсөлдөөнийг дэмжиж ирсэн. Эрүүл өрсөлдөөн бүтээгдэхүүний чанарыг сайжрүүлах, орчин үеийн шинэлэг технологи ашиглахад хүргэх гэх мэт олон сайн талтай. Гэсэн хэдий ч өрсөлдөөн компаниудыг зах зээл дээр шинэ нэр томъёо зохиож гаргаж ирэх, маркетингийн зальтай арга барил хэрэглэхэд хүргэдэг байна. Хэрэглэгчдэд серумын нүдэнд харагдах үр дүн болон хөнгөн бүтэц нь тэр даруй таалагддаг. Хариуд нь шинэ трендээс хоцрохыг хүсдэггүй косметикийн компаниуд "усан доторх тос", "шингэн крем" зэрэг шинэ нэртэй бүтээгдэхүүн гаргаж эхэлдэг. Улмаар бусад брэндүүд өрсөлдөгч компанийнхаа борлуулалт өссөнийг мэдмэгц ижил орцтой, ижил технологиор хийсэн, ижил үйлчилгээтэй боловч "Серум" гэж өөрөөр нэрлэсэн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнээс харахад зах зээл дээр сайн, муу талтай олон төрлийн бүтээгдэхүүн цугларчээ. Асар их хэмжээний мөнгө цацсан сурталчилгаа, ухуулга зэрэг нь биднийг серумд дуртай болохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд бид тэдгээр сурталчилгаанд маш амархан автдаг. Тэгээд ч биологийн идэвхит бодисын орц ихтэй, үнэхээр сайн үйлчилдэг жинхэнэ серум зах зээл дээр бас оршин тогтнож байгаа.

Гоо сайхны боловсрол: "С"- серум (фото 1)

Нөхцөл байдал хэр гүнзгийрсэн бэ?

Бидний сонирхож буй арьс арчилгааны энэхүү бодисыг арьсны гүн рүү нэвтрүүлэх зорилгоор нарийн бэлдмэл дотор тусгай дамжуулагч байрлуулдаг. Жишээ нь липосомыг нэрлэж болно. Тийм дамжуулагч бүтээгдэхүүний идэвхит бодисыг арьсны гадаргууд үлдээхээс сэргийлж чадна. Липосомын бүрхүүл нь бидний эсийн бүрхүүлтэй төстэй байгалийн фосфолипид гэх эсээс бүрддэг аж. Тиймээс липосомууд арьсны эстэй энгийн урвалд орж, үр дүнд нь идэвхит бодисууд арьсанд маш амархан шингэдэг.

Жинхэнэ серумын бүтэц маш хөнгөхөн бүтэцтэй, арьсанд амархан шингэдэг байх ёстойг санаарай. Тэд арьсанд шууд л нөлөөлж, тодорхой асуудлуудыг шийдэж эхэлдэг. Жишээ нь үрчлээ тэнийлгэх, тосны булчирхайг тэнцвэржүүлэх, арьсны тонусыг нэмэгдүүлэх, үрэвсэл дарах эсвэл нөсөө толбыг бүдгэрүүлэх гэх мэт. Гэрийн нөхцөлд, түрхлэгийн үеэр арьсандаа хор хөнөөл учруулахгүйн тулд энгийн серумд идэвхит бодисын хэмжээ мэргэжлийн бүтээгдэхүүнээс арай бага тунгаар орсон байдаг. Тиймээс та серумээ ямар нэгэн юмнаас санаа зоволгүйгээр нүүрэндээ түрхээрэй. Гэхдээ нүдний эргэн тойрондоо хэрэглэж болохгүй шүү.

 
Хэн, ямар зорилгоор ашиглах ёстой вэ?

Хэн нэгэн надад өөртөө яг тохирсон серум олж авсан гэж хэлэхэд би Чеширийн муур шиг л (Алиса гайхамшгийн оронд) инээмсэглэдэг. Төгс серум гэж байдаггүй юм. Серумыг сонгохдоо дэлгүүрийн худалдагч, зөвлөхтэй ярилцсаны үр дүнд бус, харин мэргэжлийн эмч, гоо сайханчтай зөвлөж байж сонгох хэрэгтэй.

Зөвхөн мэргэжлийн хүн л таны арьсанд юу тохирохыг мэднэ. Нөсөө толбо ихтэй арьсанд цайруулах серум, батгашилттай тохиолдолд тэнцвэржүүлэх бас үрэвслийн эсрэг серум, хуурайшилттай арьсанд чийгшүүлэх серум, хөгшрөлтөнд сэргээх үйлчилгээтэй серум санал болгох болно. Учир нь серум нь зөвхөн тухайн арьсны төрөлд тодорхой асуудлыг шийдвэрлэх зориулалттай, хурдан үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Ийм ч учраас серумыг байнгын биш курсээр нь хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Гэхдээ энд нэг чухал зүйлийг орхигдуулсан нь, залуу арьсанд серумыг зөвхөн курсээр л хэрэглэж болох бол, харин нас тогтсон арьсанд идэвхит бодисыг тогтмол ашиглаж болно. 

Гоо сайхны боловсрол: "С"- серум (фото 2)

Серум уу? Тос уу?

Хэрэв серум нь бүхнийг чадагч бүтээгдэхүүн юм бол тос ер нь ямар хэрэгтэй юм бэ гэх асуулт гарч болох юм. Үнэхээр ганцхан серумыг бие даан хэрэглээд байж болох уу? Мэдээж болох л байх. Нүүрээ зөвхөн ус саван хоёроор л угаадаг хүмүүс хүртэл бий шүү дээ. Зөвхөн энэ тохиолдолд таны арьс 40 хүрээд л хөгширнө гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв нухацтай ярих юм бол аливаа тосны гол үүрэг нь таны арьсыг хүрээлэн буй орчны уур амьсгалаас хамгаалахад оршдог.

Тос нь арьсны гадна давхарга дээр үлдэн чийгтэй, гөлгөр мэдрэмж төрүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Мөн тэдний найрлагад арьсны гүнд нэвтрэн, тодорхой асуудал шийдвэрлэх зорилготой идэвхит бодис ордог байна. Үүгээрээ яг л серумтай адил бүтэцтэй гэсэн үг. Гэхдээ тосны найрлага дахь бодисууд серумд байдгаас харьцангуй бага тунгаар орсонд хэргийн учир бий.  

Ерөнхийдөө бол та серум хэрэглэснээр тосны үр нөлөөг нэмж, арьсны хүсээгүй өөрчлөлтүүтээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл серум тос хоёр нь Бонни, Клайд хоёр шиг хоорондоо төгс зохицдог байна.


Хамтад нь уу эсвэл тусдаа юу?

Тослог болон холимог (заримдаа энгийн) арьс өөрийн тослогийн тусламжтайгаар хангалттай хамгаалалттай байдаг тул ийм арьсанд  серумыг дангаар нь хэрэглэхэд тохиромжтой. Гэвч серумд нарны хамгаалалт (SPF) байдаггүйг та мартаж болохгүй. Тэгэхээр хэрэв серумыг өдөр хэрэглэх гэж байгаа бол арьсаа давхар хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Тийм ч учраас зочид буудлаасаа нартай далайн эрэг рүү гарахдаа серумээ түрхээд дээрээс нь өдрийн тосоо нэмж түрхэхээ мартуузай. Харин чийгшилээ алдсан хуурай арьсанд өдрийн тос түрхэхгүй байж яасан ч болохгүй. Ийм төрлийн арьстай хүмүүс эхлээд серумээ түрхээд бүрэн шингэснийх нь дараа тосоо түрхэх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид танд өөрийн серумыг магтан, ямар ч хамаагүй аргаар зарах гэж оролдох тул та алдаа гаргах өндөр магадлалтай байна. Тиймээс олон жилийн туршлагатай мэргэжлийн гоо сайханчид хандах хэрэгтэй шүү. Тэр таны арьсны онцлогт тохирсон арчилгаа сонгож, төгс зөвлөгөө өгөх болно.

цааш үзэх