Хайх

Гоо үзэсгэлэнгийн стандарт: Барби хүүхэлдэй бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлсөөр байна уу?

Бодит бус төсөөлөл бий болгодог хүүхэлдэй

Гоо үзэсгэлэнгийн стандарт: Барби хүүхэлдэй бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлсөөр байна уу?

Text: Бюро 24/7

Бид бүгдийн хайртай Барби хүүхэлдэй нь олон жилийн турш бяцхан охидын оюун ухаанд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх бодит бус төсөөлөл суулгасаар ирсэн билээ. Гэхдээ өнөөдөр бидэнд ийм зүйл хэрэгтэй юу? Тэгээд ч орчин үед Барби хүүхэлдэй бидэнд нөлөөлсөн хэвээр байна уу? Энэ талаар Vogue-ийн сэтгүүлч Кейт Бранч эргэцүүлсэн байна.

1965 онд Mattel компани нэгэн шинэ төрлийн хүүхэлдэй гаргахад хүн бүхэн тэрхүү хүүхэлдэйг худалдан авахыг хүсэж, энэ нь олон охидын мөрөөдөл болон хувирсан байлаа. Хамгийн хачирхалтай нь усан цэнхэр өнгийн, доош харсан гунигтай нүдтэй, шар үстэй анхны Барби хүүхэлдэйг худалдаж авах үед жижиг хэмжээний толь, 50кг бүхий тэмдэглэгээтэй жижиг жин, мөн "Хэрхэн жин хасах вэ: Бүү ид!" гарчигтай ном дагалдаж ирдэг байв. Эдгээр өгөгдлийн дагуу тооцоолоод үзвэл тэрхүү Барбины бодит амьдрал дээрх хувилбар 46см бүхий бэлхүүс, 99см бүхий цээжний тойрог ба 83см бүхий таазны тойрогтой байх учиртай болж байгаа юм.

1970-аад онуудад Барби хүүхэлдэйн борлуулалт эрс унаж эхэлсэн. Үүнд тухайн үеийн феминистүүд багагүй нөлөө үзүүлсэн байдаг. Тэд "Барби хүүхэлдэй бидний тийм байхыг хүсдэггүй, гэхдээ нийгэм биднээс тийм байхыг шаарддаг тэр л гоо үзэсгэлэнгийн бодит бус стандартыг илтгэж байна" хэмээн тунхагладаг байлаа. Феминистүүд эмэгтэй хүний хөөрхөн царай бус түүний ухаанд анхаарлаа хандуулахыг уриалдаг байсан юм. Тэр цагаас хойшхи олон жилийн хугацаанд Барби хүүхэлдэй мэс засалчаас эхлээд UNICEF-ийн элч хүртэлх байж болох бүхий л төрлийн мэргэжлүүдийг туршиж үзсэн ч, эмэгтэй хүний амжилт түүний гадаад төрхтэй шууд хамааралтай гэх үзэл нийгэмд түгээмэл хэвээр байлаа.

Гоо үзэсгэлэнгийн стандарт: Барби хүүхэлдэй бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлсөөр байна уу? (фото 1)

Харин өнөөдөр Барби хүүхэлдэйн дүр төрхөд компанийн түүхэн дэхь хамгийн том өөрчлөлтүүд хийгдэж байна. 2016 онд намхан нуруутай, өндөр нуруутай, махлаг гээд төрөл бүрийн биеийн галбир, хэмжээтэй Барбинууд худалдаанд гарсан. Гэхдээ эдгээр бодит дүр төрхтэй хүүхэлдэйнүүдийг компани анх 2014 онд танилцуулахаар төлөвлөсөн байсан ч махлаг Барбиг "curvy" эсвэл "plus-size" гэх нэрсийн алинаар нь нэрлэхээ мэдэлгүй бүхэл бүтэн хоёр жил алдсан гэж хэлж болно. Харин хоёр жил гэдэг өнөөдрийн асар хурдацтай өөрчлөгдөж буй энэ нийгэмд маш удаан хугацаа юм. Нэг үгээр тэд энэ шинэчлэлтээ хэтэрхий хожуу танилцуулсан.

Барби хүүхэлдэйн бүтээгчид нийгэм дэхь эмэгтэй хүний талаарх төсөөлөл хэрхэн өөрчлөгдөж буйг цаг үед нь ойлгож амжихгүй л байна. Тэд саяхан өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө алдартай Фрида Калогийн Барби хувилбарыг гаргасан ч, түүний салшгүй нэг хэсэг болсон нийлж ургасан өтгөн хөмсгийг өөрчилснөөр асар том бүтэлгүйтсэн. Мэдээж Mattel цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаар хичээж байгаа нь магтууштай. Гэхдээ тэдний төгсгөл бага, багаар ойртож байгаа юм болов уу? Учир нь орчин үеийн эмэгтэй энэ урт удаан хугацааны эцэст одоо л нэг өөрийгөө байгаагаар нь хайрлаж сураад байна. Тэдний мөрөөдөл ганц нэг хүүхэлдэйгээр хэмжигдэхээ больж, өндөрт тэмүүлэн, хязгаар үгүй болж байна.

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх