Хайх

Хэрхэн арьсны төрөлдөө тохируулан SPF хамгаалалт сонгох вэ

Хэрхэн арьсны төрөлдөө тохируулан SPF хамгаалалт сонгох вэ

Арьсны нүхийг бөглөдөггүй, үрэвсүүлдэггүй, харшил үүсгэдэггүй нарны тос хэрхэн сонгох вэ

Text: Buro.Mongolia


Яагаад ихэнх SPF-тоснууд батга үүсгэдэг вэ?

Аялалд яваад ирсний дараа таны арьсан дээр батга үүссэн бол энэ нь дараах шалтгаануудтай холбоотой байж болзошгүй юм. Халуун цаг агаарт тослог болоод эмзэг арьсны себум (тос) ялгаралт ихэсдэг. Хэдийгээр нарны хэт ягаан туяаны нөлөөнд арьсан дээрх батганууд бага зэрэг хатдаг ч, үүний зэрэгцээ мөн арьсны дархлаа муудаж, энэ нь эргээд батга үүсэх гол шалтгаан болдог. "Аяллын дараа арьсан дээр батга гарах үзэгдэл нь зөвхөн SPF тосноос биш, харин тос, хөлс ба тоосны нэгдлээс шалтгаалж үүсдэг. Эдгээр нь хоорондоо холилдсоноор нян үржих төгс орчин үүсгэж, аажмаар батга болон хувирдаг. Ганц л зүйлийг санаж аваарай. SPF тосыг нарны туяа тусаагүй газарт орох бүрдээ угаах хэрэгтэй" хэмээн Methode Cholley брэндийн гоо сайханч ярилаа.

"Нарнаас хамгаалах шүүлтүүрүүд арьсны нүхийг бөглөдөггүй. Гэхдээ тухайн бүтээгдэхүүн ус нэвтэрдэггүй бүтэцтэй бол энэ нь асуудал үүсгэх гол шалтгаан болно. Тухайлбал Lanolin, Paraffine, Paraffinum Liquidum, Isoparaffin, Mineral oil, Myristyl Myristate гэх зэрэг орцууд нь арьсан дээр бүрхүүл бий болгож, амьсгалах боломж олгодоггүй. Ижил нөлөөг мөн наргил модны самрын тос, ши тос, какаоны тос зэрэг хатуу бүтэцтэй тоснууд үзүүлдэг. Гэхдээ эдгээр орц, найрлага нь бүх төрлийн арьсанд биш, харин ихэвчлэн тослог ба холимог арьсанд сөргөөр нөлөөлж, батга үүсгэдэг болохыг онцлох нь зүйтэй" гэж Tori гоо сайхны төвийн арьсны эмч тайлбарлалаа.

 

 

SPF-тос түрхсэний дараагаар яагаад наалдамхай, тослог мэдрэмж төрдөг вэ?

Наалдамхай бөгөөд тослог мэдрэмж авахгүйн тулд SPF-тосоо арьсныхаа төрөлд тохируулан, мөн найрлага ба бүтцийг нь сайтар судалж авах хэрэгтэй. "Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнүүдийн найрлагад хоёр төрлийн хэт ягаан туяаны шүүлтүүр ашигладаг. Тэр нь эрдсийн болоод химийн гаралтай шүүлтүүрүүд юм. Эрдсийн гаралтай шүүлтүүрүүд арьсны гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсгэж, тэрхүү давхарга нь хэт ягаан туяаг ойлгох үүрэгтэй байдаг. Харин химийн гаралтай шүүлтүүрүүд арьсны гүн рүү нэвтэрч, хэт ягаан туяаг "залгиж", дулааны энерги болгон хувиргадаг байна. Ерөнхийдөө эрдсийн гаралтай шүүлтүүрүүд нимгэн бүрхүүлийн эффект бий болгодог юм. Мөн бүтээгдэхүүний найрлагад газрын тос эсвэл вазелин зэрэг орсон бол тэдгээр нь нүх бөглөж, батга үүсгэх аюултай шүү. Эдгээр орц, найрлагаас аль болох хол байхыг хичээгээрэй" хэмээн La Roche-Posay брэндийн арьсны эмч зөвлөж байна.

"Түүнчлэн тослог болон наалдамхай мэдрэмж таны өөрийн арьсны нөхцөл байдлаас хамааран мэдрэгдэж болзошгүй юм. Тухайлбал ойрын хугацаанд пилинг хийлгээгүй, эвэршсэн арьсанд бүтээгдэхүүн шингэх боломжгүй байдаг. Хүмүүс пилингийг улиралдаа нэг хийлгэх ёстой гэх ташаа ойлголттой байдаг. Гэтэл орчин үеийн зөөлөн пилингүүдийг бүхэл жилийн турш хийлгэх боломжтой шүү дээ" гэж Methode Cholley брэндийн гоо сайханч онцоллоо.

 

 

Тослог арьсанд хэрхэн SPF-тос сонгох вэ?

Тослог арьсанд зориулагдсан аливаа чийгшүүлэгч бүтээгдэхүүний адил нарны тос ч бас юуны түрүүнд хөнгөн бүтэцтэй байх учиртай. Лосьон, эмульс, шингэн хэлбэрийн байж болох бөгөөд найрлагадаа ямар ч тос агуулах ёсгүй. "Парафин, вазелин, газрын эсвэл ургамлын тос, мөн олеины, стеарины болон пальметины хүчлүүд гэх орц, найрлагаас зайлсхийгээрэй. Эдгээр нь арьсны нүхийг бөглөж, үрэвсүүлнэ. Харин үүний оронд себум ялгаралтыг тэнцвэржүүлдэг, матт эффект өгдөг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй орцуудыг хайх хэрэгтэй. Тэр нь салицилын хүчил, АНА хүчлүүд, цайр, хүхэр ба ургамлын ханд юм.

"Эрдсийн гаралтай шүүлтүүрүүд дээр суурилсан нарны тосноос болгоомжлох хэрэгтэй. Тухайлбал цайрын исэл нь ариутгах үйлчилгээ үзүүлж, үрэвсэлтэй тэмцдэг бол, титаны диоксид эсрэгээрээ нүх бөглөдөг" гэж Tori гоо сайхны төвийн эмч анхаарууллаа.

 

 

Хуурай арьсанд хэрхэн SPF-тос сонгох вэ?

Хуурай арьс арчилгааны гол өгөгдэхүүнүүд бол "чийгшил ба тэжээл" юм. "SPF-тосны бүтэц тослог бүтэцтэй байж, спирт агуулах учиргүй" гэж Methode Cholley брэндийн гоо сайханч хэллээ.

 

 

 

"Хуурай арьсанд зориулагдсан нарны тосонд хэт ягаан туяаны шүүлтүүрүүдээс гадна Е амин дэм, ургамлын гаралтай тос, алоэ вера, гиалуроны хүчил, глицерин ба коэнзим Q10 гэх чийгшүүлэх үйлчилгээтэй орцууд, амин дэмууд, антиоксидантууд ордог" хэмээн La Roche-Posay брэндийн эмчилгээний мэргэжилтэн хуваалцаж байна.

"Түүнчлэн найрлагаас арьсыг чийгшүүлэн сэргээх ши тос ба ниацинамид (никотины хүчил, В3 амин дэм) болон пантенол, гиалуроны хүчил зэргийг хайгаарай" гэж Орчин үеийн гоо сайхны төвийн эмч нэмж хэллээ.

 

 

Эмзэг арьсанд хэрхэн SPF-тос сонгох вэ?

Ийм төрлийн арьсыг илүү өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнээр хамгаалж, харшил үүсгэх магадлалтай орцуудаас зайлсхийх хэрэгтэй. Найрлага нь ямар нэгэн харшлын реакц үзүүлэх боломжгүй байх учиртай тул хамгийн шилдэг сонголт нь хүүхдэд зориулсан тос юм. "Ургамлын гаралтай тос, химийн гаралтай шүүлтүүрүүд зэргээс зайлсхийгээрэй. Тэгэхээр эмзэг арьсанд эрдсийн гаралтай шүүлтүүрүүдтэй, тосон бүтэцтэй, SPF 50+ бүхий өндөр хамгаалалттай тос тохирно" хэмээн Tori төвийн эмч зөвлөж байна.

"Эмзэг арьсанд зориулагдсан нарны тосны бүтэц хөнгөн байх учиртай тул сүүн шингэн, шингэн, эмульс хэлбэрийн бүтээгдэхүүн сонгоорой. Бүтээгдэхүүний шошго дээр эмзэг арьсанд зориулагдсан гэх заавар зайлшгүй бичигдсэн байх ёстой. Хэрвээ таны арьсан дээр харшил үүсэх магадлал өндөр байдаг бол эхлээд туршилт хийгээд үзээрэй. Бүтээгдэхүүнийг бугуй хэсэгтээ түрхэн нэг хоногийн хугацаанд хүлээх хэрэгтэй. Найрлагад дараах орцууд багтах нь зүйтэй: гиалуроны хүчил, алоэ вера, ягаан тос, аллантоин, пантенол" гэж La Roche-Posay брэндийн арьсны эмч ярьж байна.

 

 

Нарны тосыг хэрхэн, хэзээ түрхэх вэ?

Эхлээд арьсаа заавал цэвэрлэж, дараагаар нь тоникжуулах бүтээгдэхүүн эсвэл лосьон түрхэж, мөн чийгшүүлэгч тосоо давхарлаж, энэ бүгдийг шингэхийг хүлээнэ. Харин үүний дараа нарны тосоо түрхэж болно. "Гадаа гарахын 20-30 минутын өмнө нарны тосоо түрхэнэ. Нүүрний арьсанд оролцоогоор 1,5 мл SPF-тос шаардагддаг. Далайн эрэг дээр нарны тосоо 2 цаг тутамд шинэчлэнэ. Хэрвээ та SPF агууламжтай косметик бүтээгдэхүүн ашигладаг бол нарны тос түрхэх шаардлагагүй" гэж Methode Cholley брэндийн гоо сайханч товчхон бөгөөд тодорхой тайлбарлалаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх