Хайх

Малгай өмссөн ч хэлбэрээ алдахгүй үсний засалт бүтээе: Тохиромжтой бүтээгдэхүүнүүд

Малгай өмссөн ч хэлбэрээ алдахгүй үсний засалт бүтээе: Тохиромжтой бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Өвлийн улиралд хүйтнээс авардаг хувцас хэрэглэлүүдийн нэг бол яахын аргагүй дулаан малгай. Харин малгай өмсөхтэй зэрэгцэн үсний засалт өөрчлөгдөх, хэлбэрээ алдах гэхчлэн асуудлууд гарах нь бий. Гэхдээ яав ч малгайнаасаа татгалзаж болохгүй бөгөөд толгойн хэсгээрээ даарах нь судас нарийсаж, үсний уутанцар дахь цусны хангамж буурах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс үс засалтын энэхүү асуудлыг тохирох бүтээгдэхүүний тусламжтай шийдэх нь зөв юм.


АСУУДАЛ 1: ҮС ХӨВСГӨР БАЙДЛАА АЛДАХ

Шийдэл: Үс нарийн ширхэгтэй, шулуун байх тусмаа малгай өмссөний дараа хөвсгөр чанараа алдах магадлалтай байдаг. Тиймээс хэрэв та үсээ доор боох, эсвэл задгай тавих гэхчлэн өвөл хэрэгжүүлэхээс аргагүй байдалд оруулдаг засалтуудаас залхсан бол юун түрүүнд малгайныхаа сонголт дээр анхаарах нь зүйтэй. Ингэхдээ сулавтар эсгүүртэй, том сүлжээстэй загварууд тохиромжтой. Харин үсэндээ өтгөн бүтэцтэй бүтээгдэхүүн түрхэхээс зайлсхийж хөвсийлгөгч нунтаг, цацлага, эсвэл хуурай шампунь ашиглахыг зөвлөе.

Малгай өмссөн ч хэлбэрээ алдахгүй үсний засалт бүтээе: Тохиромжтой бүтээгдэхүүнүүд (фото 1)
Bosley MD

АСУУДАЛ 2: ҮС ХУРДАН ТОСЛОГДОХ

Шийдэл: Үсний тослог зөвхөн өвлийн улиралд нэмэгдэх нь арчилгаандаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны дохио юм. Тиймээс та халгай, эсвэл цайны модны хандтай шампунь хэрэглээндээ нэвтрүүлээрэй. Тус бүтээгдэхүүний хуйх чийгшүүлэх үйлчилгээ нь тослогийн ялгарлыг бууруулах чадамжтай билээ. Мөн асуудлаасаа ангижрахад тань хуйхны хүчил шүлтийн түвшнийг тэнцвэржүүлдэг шампунь тохиромжтой.


АСУУДАЛ 3: ҮС ЦАХИЛГААНЖИХ

Шийдэл: Үс цахилгаанжих нь агаарын чийгшил доогуур байгаагийн илрэл юм. Тиймээс та өөрийн үсний бүтэц, өргөн нарийнаас үл хамааран чийгшүүлэх үйлчилгээтэй шампунь, ангижруулагч болон маскийг үс арчилгаандаа багтаагаарай. Найрлагадаа зуун настын шүүс, гиалуроны хүчил, кератин, наргил модны самрын тос орсон бүтээгдэхүүн нэн тохиромжтой. Мөн буржгар үсний үзүүр хэсэгт бага зэрэг тос түрхэж, харин шулуун үсэн дээр цахилгаанжуулалтын эсрэг спрей хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Үүнээс гадна натурал үс болон хуванцар шүд хосолсон сам цахилгаанжилтыг дардаг хэрэглэлүүдийн нэгт ордог билээ.


АСУУДАЛ 4: ҮС МАШ ИХ ШИРЭЛДЭХ

Шийдэл: Үс ширэлдэх асуудалд малгайнаас гадна өвлийн улиралд түгээмэл тохиодог хуурайшилт ихээхэн нөлөөлдөг. Тиймээс үсээ маш сайн чийгшүүлэх нь чухал юм. Чийгшүүлэх арга хэмжээ авсан ч үс ширэлдсээр байгаа тохиолдолд сэнсээр хатаах болон индүү ашиглах давтамжаа багасгаад үзээрэй. Мөн үсээ угаасны дараа алчуураар үрж арчихгүй байх нь зөв. Үүнээс гадна угаадаггүй төрлийн бүтээгдэхүүн буюу тос, серум ашиглах үр дүнтэйн сацуу ширэлдээс гаргагч спрей нэмэлтээр хэрэглэх боломжтой.


АСУУДАЛ 5: ҮС ХЭТ ХӨВСИЙХ

Шийдэл: Өвөл агаар хуурайшдгаас шалтгаалан үсний хамгийн гадна талын давхарга буюу бүрхүүл нягтаршлаа алдаж эхэлдэг. Тиймээс хэт хөвсийлт үүсдэг байна. Уг асуудлыг харин амин хүчил болон силикон агуулсан бүтээгдэхүүнээр шийдэх боломжтой. Мөн энэ үед үсээ аль болох бүлээн, эсвэл хүйтэн сэнсээр хатааж, индүү ашиглахын өмнө хамгаалагч цацлага хэрэглэж заншаарай.

Малгай өмссөн ч хэлбэрээ алдахгүй үсний засалт бүтээе: Тохиромжтой бүтээгдэхүүнүүд (фото 5)
Matrix

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх