Хайх

Нүүрний будгийн доор тавигддаг өнгөт праймерууд ямар ач тустай вэ?

Нүүрний будгийн доор тавигддаг өнгөт праймерууд ямар ач тустай вэ?

Ямар өнгө ямар өө сэвийг дардаг вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Мэргэжлийн нүүр хувиргагчид шар, цэнхэр, цагаан, ногоон ба хөх ягаан өнгийн праймерууд арьсны ямар өө сэв дардаг болохыг тодруулж, тэдгээрийг хэрхэн зөв ашиглахыг зааж өглөө

Хэрвээ та нүүрний будгийн доор тавигддаг праймерыг ямар ч хэрэггүй тансаглал гэж боддог бол маш том эндүүрч байна. Тийм ээ, магадгүй энэ нь нэн тэргүүний хэрэгцээтэй бүтээгдэхүүн биш байх. Гэхдээ праймер хэрэглэж заншсанаар бид арьсаа улам гоё сайхан харагдуулах болно. Батганы тууралт, хялгасан судасны тор, нүдний доорх хар хүрээ гэх зэрэг амаргүй асуудлуудыг праймер хамгийн гарамгайгаар нуун дардаг юм.

Праймер гэж юу вэ? Мөн энэ нь бидэнд ямар хэрэгтэй вэ?

Өнгөт праймерын найрлагад силикон орсон байдаг учраас бүтэц нь яг л хөнгөн суурь тос эсвэл гель хэлбэрийн тос шиг мэдрэгддэг. Праймер нь нүүрний будгийг илүү тогтоц сайтай болгож, арьсыг чийгшүүлж, гадаргууг тэгшилж, арьсны өнгийг илүү эрүүл харагдуулдаг. Хамгийн гол нь арьсныхаа онцлогоос хамааран зөв праймер сонгох хэрэгтэй.

"Ихэнх тохиолдолд чийгшүүлэгч тос ба суурь крем түрхэх нь хангалтгүй байдаг. Толбожилт, томорсон нүх, хуурайшилт, цочролт, судасны бүдүүрэл, өнгөө алдсан арьс гэх зэрэг асуудал бүрт тусгайлан зориулагдсан праймер гэж бий" хэмээн Buro Beauty салоны нүүр хувиргагч Кирилл Созонов ярьж байна.

Хэдэн төрлийн праймер байдаг вэ?

Цагаан - хамгийн түгээмэл ба алдартай праймер. Энэ бүтээгдэхүүнийг ихэнх тохиолдолд гэрэлтүүлэгч гэж нэрлэдэг. Цагаан праймер яг л энгийн чийгшүүлэгч тос шиг бүтэцтэй байдгаас гадна дотроо арьсыг гэрэлтүүлж өгдөг гялалзсан ширхгүүд агуулдаг юм. "Энэхүү праймерыг суурь крем түрхэлгүйгээр хэрэглэж болдог. Дээр нь нунтаг пудр тавихад л хангалттай. Ерөнхийдөө гэрэл ойлгодог праймерууд хөгширсөн болон хуурай арьсанд тохиромжтой" хэмээн MAC, Giorgio Armani Beauty брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай, бие даасан нүүр хувиргагч Григорий Ушков зөвлөлөө.

Шар - арьсны цэнхэр туяатай хэсгүүдийг нуун дардаг. Нүдний доорх хар толбыг дарах хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.

Ягаан ба тоорын өнгө - саармаг праймерууд. Гундаж сааралтсан арьсанд өнгө нэмнэ. Мөн хацранд байгалийн улаан туяа оруулдаг.

Ногоон - арьсан дээрх улаалт, батга ба хялгасан судасны торыг хормын зуур далдалдаг. "Манайх шиг хүйтэн орнуудад зарим бүсгүйчүүдийн арьс хэтэрхий цайвар эсвэл улаалттай болчихсон байдаг. Ийм нөхцөлд ногоон праймер хамгийн тохиромжтой" хэмээн нүүр хувиргагчийн «Персона» Artplay сургуулийн багш Ксения Шаповаленко ярьлаа.

Хөх ягаан - арьсан дээрх шар туяаг арилгадаг. Мэргэжлийн нүүр хувиргагчид энэхүү праймерыг телевизийн хөтлөгчид дээр ихэвчлэн хэрэглэдэг байна. Ингэснээр гэрлэн доор арьс илүү амьд бас шинэхэн харагддаг аж. Түүнээс гадна хөх ягаан праймер толбожилтыг сайн дардаг.

Хэрхэн зөв праймер сонгох вэ?

Юуны түрүүнд өнгөнүүд тус бүрдээ ямар асуудал шийддэгийг ойлгож авах хэрэгтэй. Үүнд өнгөний тойрог танд тус болно. "Өнгөний тойргийн ачаар ямар өнгөнүүд бие биенээ саармагжуулдагийг ойлгоход хялбар байдаг. Анхлан суралцаж буй нүүр хувиргагчид өнгөний тойргийг хэвлэж, косметикийн саван дээрээ наадаг" хэмээн Ксения Шаповаленко хуваалцлаа.
Тэгэхээр эцэст нь дүгнэж хэлэхэд улаалтыг ногоон, эрүүл бус шар туяаг хөх ягаан, цэнхэр-хөх туяаг шар праймер саармагжуулна.

 

цааш үзэх