Хайх

Насанд хүрэгчдийн батга: Үүсэх шалтгаан ба эмчлэх аргууд

Насанд хүрэгчдийн батга: Үүсэх шалтгаан ба эмчлэх аргууд

Гоо сайхны мэргэжилтнүүд батга ямар шалтгааны улмаас үүсдэгийг хэлж, хэрхэн тэмцэхийг зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Дааврын тэнцвэргүй байдал

Шилжилтийн насаа өнгөрсөн хэдий ч батганы асуудалтай тулгарсан хэвээр байгаа бол үүнд таны бие организм дахь эрэгтэй дааврууд нөлөөлж байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл таны эрэгтэй дааврын хэмжээ хэвийнээс өндөр байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдал үүсэх үед арьсны өөхөн булчирхай илүү их тос ялгаруулж, тэрхүү тос нь арьсны гаднах давхаргын эд эсүүдтэй холилддог. Бий болсон тос арьсны нүхээр гарч амжилгүй, аажмаар арьсан дээр үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Харин үүссэн үрэвслийг зөв арчлахгүй аваас арьсан дээр толбо ба сорви үлдэх аюултай.

Бие организм дахь дааврын үйлдвэрлэлтийг бамбай булчирхай хариуцдаг. Бамбай булчирхай хэт их ажиллаж, хэтрүүлсэн хэмжээний даавар үйлдвэрлэх үед арьсан дээр идээт үрэвсэл үүсэж, биеийн халууны хэм нэмэгдэж, жин хэлбэлздэг. Харин бамбай булчирхай идэвх багaтай ажиллах үед арьсан дээр мөн адил батга үүсэж, арьс хуурайшиж, сарын тэмдгийн мөчлөг алдагддаг.

Alex Cosmetic брэндийн гоо сайханч ба эмч Виолетта Громова: «Насанд хүрэгчдийн арьсан дээр үүссэн батганы шалтгааныг олж мэдэхийн тулд цусны шинжилгээ өгч, дааврын хэмжээгээ шалгуулах хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах үед батга үүсдэг. Тиймээс бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсан эсэхийг лабораторийн цусны шинжилгээ хэлж өгөх болно. Мөн өндгөвч, умай болон бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Цусан дахь дааврын шинж чанар сарын тэмдгийн мөчлөг болон тухайн өдрийн цагаас хамаардаг гэдгийг бүү мартаарай».

Дааврын тэнцвэр алдагдсаны улмаас үүссэн батгыг эмчлэхийн тулд юуны түрүүнд эмэгтэйчүүдийн эмч болон дотоод шүүрлийн булчирхайгаар мэргэшсэн эмчид хандах нь зүйтэй. Шинжилгээний хариу гарсны дараагаар эмч танд тохирох тусгай эмчилгээ бичиж өгнө. Үүний хажуугаар мөн гоо сайхнаар мэргэшсэн арьсны эмчтэй уулзах хэрэгтэй. Энэ салбарын эмч нар танд төрөл бүрийн бактерийн эсрэг түрхлэг болон тоснууд зөвлөх болно. Насанд хүрэгчдэд зориулсан батганы эмчилгээ нь арьсны өөхөн булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьс хуурайшуулдаггүй байх учиртай.
Насанд хүрэгчдийн батга: Үүсэх шалтгаан ба эмчлэх аргууд (фото 1)
«Атлас» төвийн эмч Светлана Бобко: «Эрчүүд батганы асуудалтай эмэгтэйчүүдээс их тулгардаг. Нийт эрчүүдийн ойролцоогоор 34% нь дунд болон хүнд түвшний батганы асуудалтай тулгардаг бол эмэгтэйчүүдийн ердөө 3-12 % нь тулгардаг байна. Бид батганы асуудалтай эрчүүдийг эмчлэхдээ юуны түрүүнд арьсны ерөнхий төлөв, биеийн хэсгүүд, үе мөч болон тухайн хүний өвчний түүх, хэрэглэж байсан мөн одоо хэрэглэж байгаа эм ба эмчилгээнүүд гээд бүх зүйлийг нь шалган дүгнэдэг. Бид эхлээд өвчтөнөөс цусны шинжилгээ авч, гастроэнтерологич мэргэжилтэнтэй зөвлөлдөж, хеликобактер байгаа эсэхийг шалгадаг. Хэрвээ батганы асуудал нэлээд хүнд шатандаа орсон бол цусны биохимийн шинжилгээ авах шаардлагатай болдог. Энэ шинжилгээний ачаар бид ретионидын эмчилгээг ямар нэгэн сөрөг үр дагаваргүйгээр хийх боломжтой байдаг. Ийм төрлийн эмчилгээг бактерийн эсрэг эм нөлөөлөхгүй үед зөвлөдөг юм. Зарим тохиолдолд бүх талын шинжилгээ хийсэн хэдий ч тухайн хүнд ямар нэгэн дотоод өвчин ба асуудал байхгүй болох нь илэрдэг. Тэгэхээр тухайн хүний батганы асуудал түүний удамшлын эмгэгтэй холбоотой болж байгаа юм. Энэ оношийг бататгахын тулд генетикийн шинжилгээ өгөх шаардлагатай болно».

CMD төвийн эмч Михаил Лебедев: «Бие организм дахь хэвийнээс өндөр түвшний эр бэлгийн даавар нь маш олон зүйлээс шалтгаалсан байх боломжтой. Үүнд удамшлын эмгэг, бамбай булчирхайн алдагдсан үйл ажиллагаа, бөөрний булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа гэх зэрэг хүчин зүйлс хамрагдана. Эр бэлгийн дааврыг хэвийн хэмжээнд оруулахын тулд юуны түрүүнд шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй. Тэрхүү шалтгаанаас нь хамаарч эмч энгийн эмчилгээ, эсвэл бүр хагалгаа хийлгэх шаардлагатай эсэхийг хэлж өгнө».

Буруу хооллолт

Шинжилгээ өгсний үр дүнд ямар нэгэн даавартай холбоотой асуудал илрээгүй бол өөрийнхөө хооллолтод анхаарах хэрэгтэй. Батга нь ихэвчлэн сахар ихтэй, гурилан бүтээгдэхүүн идсэний үр дүнд үүсдэг байна.

Хэрвээ таны арьс сахар ихтэй бүтээгдэхүүнд мэдрэг бөгөөд та ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэдэг бол таны бие организм дахь инсулин ба дааврын түвшин огцом өссөн байх магадлалтай. Хэрэв нүүрстөрөгчийг хөдөлгөөний тусламжтайгаар шатаахгүй бол энэ нь арьсан доорх өөхөн давхаргад хадгалагдаж үлдэх болно.

iSystem төслийн эмч, дасгалжуулагч Елена Лизак: «Сахар ихтэй, хортой бүтээгдэхүүнүүд батга үүсэх үндсэн шалтгаан болдог. Заримдаа мөн энэ нь өөр шалтгааны улмаас үүссэн батганы нөхцөл байдлыг улам бүр хурцатгадаг. Инсулин тестостеронд нөлөөлж, их хэмжээний тос ялгарахад хүргэдэг. Тэгэхээр нүүрс ус багатай хоол сонгох нь их чухал юм. Та нэг ширхэг шоколадтай амттан идэх үед таны цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэж, үүнийгээ дагаад эр бэлгийн дааврын түвшин өсдөг. Тиймээс бие организмдоо өдрийн турш ийм зэргийн огцом өөрчлөлт оруулалгүйгээр зөв хооллож сурах хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд эр бэлгийн дааврын хэмжээ тогтворжиж, арьсан дээр үрэвсэл үүсэх нь бага байх болно».

Буруу хооллолтын улмаас үүссэн батгыг эмчлэхийн тулд эхлээд өөртөө зорилго тавих хэрэгтэй. Таны хувьд эрүүл арьстай байх нь чухал уу, эсвэл амттан идэх нь чухал уу? Хэрвээ эрүүл, үзэсгэлэнтэй арьстай байхыг илүүд үзэж байвал нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэж, өдрийн турш хэрэглэх хоолоо зөв хуваарилаарай. Сүүтэй шоколадыг хар шоколадаар орлуулж, гурилан бүтээгдэхүүний оронд хатаасан жимс хэрэглэж, харин цай ба кофегоо элсэн чихэргүй уух хэрэгтэй. Өдөр тутмынхаа хоолны цэсэд мөн уураг ихтэй бүтээгдэхүүнүүд нэмээрэй. Үүнд ээдэм, тараг, бифилайф, йогурт гэх зэрэг бүтээгдэхүүнүүд хамрагдана. Түүнчлэн зөгийн бал хэрэглэж болно.
Насанд хүрэгчдийн батга: Үүсэх шалтгаан ба эмчлэх аргууд (фото 2)
Стресс

Ерөнхийдөө насанд хүрэгчдийн арьсан дээр үүссэн батгатай тэмцэхийн тулд цогц эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг. Батга үүссэн шалтгаан нь ямар ч байж болох ч, тэр бүгдийг өдөөдөг үндсэн эх үүсвэр болох стрессийг устгаж чадахгүй л бол ямар ч үр дүнгүй юм. Стресстэй нөхцөл байдал, байнгын ядаргаа зэрэг нь арьсны өөхөн булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Эдгээр нь мөн эр бэлгийн дааврын түвшинтэй шууд холбоотой байдаг. Тогтмол эсвэл архаг стресс нь бамбай булчирхайн дааврын түвшинг нэмэгдүүлдэг. Та хэрвээ байнга мэдрэлийн хурцадмал байдалтай байдаг бол дааврын тэнцвэр бүр мөсөн алдагдах болно.

Клиникийн сэтгэл зүйч, багш Анна Сметанникова: «Стресс болон мэдрэлийн эмгэг нь арьсны эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Үүний улмаас арьсан дээр үрэвсэл үүсч, арьс өнгөө алдаж, дархлаагүй болдог. Хэрвээ стрессийг олон жилийн турш хуримтлуулбал энэ нь эцэстээ батга болж хувирна. Тэгэхээр юуны түрүүнд өдөрт найман цагийн нойроо зайлшгүй авах хэрэгтэй. Мөн өөртөө амралт олгож, тайвширч сурах шаардлагатай».

Хэрвээ та байнгын стресстэй байдаг бол кофе аль болох бага хэрэглэж, үүний оронд гаатай ногоон цай ууж заншаарай. Тайвшрахын тулд танд бясалгал, йога, усанд сэлэх спортууд тусална. Гоо сайхны эсвэл арьсны эмчид хандаж, гэрийн нөхцөлд ямар арьс арчилгаа хэрэгжүүлэх хэрэгтэйг олж мэдээрэй. Хамгийн гол нь арьсны хамгаалагч давхаргыг гэмтээдэггүй, зөөлөн атлаа сайн бүтээгдэхүүнээр арьсаа цэвэрлэх нь зүйтэй. Нүүрээ цэвэрлэсний дараагаар арьс таталдсан, эсвэл хуурайшсан мэдрэмж төрж байвал та буруу бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үг. Мөн арьс гуужуулдаг лосьон хэрэглэж, арьсаа тосны үр шимийг авахад нь бэлтгэж өгөөрэй.

Таны мэдэх хэрэгтэй зүйл


Нас нэмэгдэх тусам арьсны өөрийгөө дахин сэлбэх чадвар алдагддаг. Хэрвээ өсвөр насны батга арьсан дээр үл мэдэгдэх жижиг сорви үлдээдэг бол, насанд хүрэгчдийн батга нүүрэн дээр мэдэгдэхүйц хэмжээний том сорви үлдээх магадлалтай. Түүнээс гадна нас ахих тусам нүүрний арьс илүү хуурай болдог. Тиймээс арьсны гаднах давхаргыг нөхөн сэргээж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай бүтээгдэхүүн сонгож эхлээрэй.
Насанд хүрэгчдийн батга: Үүсэх шалтгаан ба эмчлэх аргууд (фото 3)
Эмчилгээний аргууд

Арьс болон гоо сайхны эмч нар хөнгөн бөгөөд дундаж түвшний батганд арьсны гаднаас нөлөөлөх эмчилгээ бичиж өгдөг. Үүнд ихэвчлэн эмийн сангийн гель ба тосон түрхлэгүүд ашиглагддаг. Харин хүнд нөхцөлд (арьсан дээр 40-өөс их тооны идээтэй батга гарсан нөхцөлийг хэлнэ) бактерийн эсрэг үйлчилгээтэй эм уухыг зөвлөнө.

Батганы улмаас үүссэн шарх, сорви ба толбыг арилгаж, арьсныхаа ерөнхий өнгө ба бүтцийг сэргээх зорилготой хүмүүст гоо сайханчид хэд, хэдэн давтамжтай пилинг процедур санал болгодог. Пилинг хийхэд арьсыг сайтар гуужуулдаг тусгай хүчлүүд ашиглагддаг юм. Харин төхөөрөмжийн тусламжтай аргууд дундаас гидромеханопилинг гэх процедур нь хамгийн үр дүнтэй. Энэ процедурыг хийлгэх үед мэргэжилтэн очир эрдэнэ бүрхүүлтэй тусгай хошуу ашиглаж, вакуум үүсгэх аргачлалаар арьсны гадаргууг хуулдаг. Үүний дараагаар мэргэжилтэн мөн тусгай серум түрхдэг байгаа. Гоо сайханчдын зөвлөдөг бас нэгэн процедур бол бичил цахилгаантай эмчилгээ юм. Энэ процедур нь арьсны үрэвслийг дарж, бактериудыг устгаж, арьсны гадаргууг шинэчилдэг.

Харин тарилгын аргууд дундаас мезотерапи эмчилгээг мэргэжилтнүүд онцолдог. Энэ эмчилгээний үр дүнд арьс амин дэмүүд, бичил эрдсүүд болон анагаах чанартай бодисуудаар баяждаг. Гоо сайханч тухайн хүнд тохирох баяжмалыг сонгож, үүн дээр амин дэмүүд, бичил элементүүд болон антиоксидантууд нэмснээр коктейль бий болгодог юм. Харин энэхүү коктейлийг арьсны 1-2 мм гүн рүү тарилгын аргаар нэвтрүүлдэг. Энэхүү процедурын дараагаар арьс сэргэж, арьсан дээрх үрэвсэл, сорви ба толбууд аажмаар арилж эхэлдэг.

цааш үзэх