Хайх

Нутригенетик: ДНХ-ын шинжилгээгээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн сонгохуй

Нутригенетик: ДНХ-ын шинжилгээгээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн сонгохуй

XXI зууны шинжлэх ухаан

Text: Б.Амина


Зураг:

GrinDin компанийн хөгжүүлэгч Алиса Шабанова нутригенетик гэж юу болох, мөн яагаад энэ шинжлэх ухаан эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэлгүй жин буруулдаг болон хэрхэн ажилладаг тухай дэлгэлээ

Одоо цаг үед шинэ хоолны дэглэм хэнд ч гайхам санагдахгүй. Бид Аткинс болон Дюканы дэглэм, ногоон смүүти ууж эсвэл оддын барьдаг өөх тос багатай хоол хүнс хэрэглэж турахыг туршаад үзчихсэн билээ. Мөн зарим нэгэн цусны бүлгийнхээ дагуу өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг. Заримдаа "тарган хүн их иддэг эсвэл туранхай хүн дасгал хөдөлгөөн их хийдэг" гэсэн ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголт ч гарч ирдэг. Ингэснээр залхуу хүмүүс өөрсдийн алдаа болон их идэх хүслээ зөвтгөх хандлагатай байдаг.

Харин одоо XXI зуунд Стэнфордын генетикийн судлаачид бидний ДНХ-ын бүрэлдэхүүнийг судлаж, жин нэмэх хандлагад нөлөөлдөг нь цуу яриа биш гэдгийг харуулжээ. Судалгаанд 300 гаруй 35-50 насны бүсгүйчүүд оролцсон байна.

Нэгдүгээрт, хүн бүрийн бодисын солилцоо адилгүй байдаг. Хэрэв таны найз шөнө хавчуургатай талх идсэн ч 42 размерын хувцас өмссөн хэвээр байж, харин та ганц зүсэм талх идэхэд л таргалаад байгаа бол энэ нь таны гентэй холбоотой аж. Өөрөөр хэлвэл таны генд илүүдэл жин хуримтлуулах программ суулгагдсан гэсэн үг юм. ДНХ зөвхөн таргалахыг шийдээд зогсохгүй мөн биеийн аль хэсэгт өөх хуримтлуулахаа сайн мэддэг байна.

Нутригенетик: ДНХ-ын шинжилгээгээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн сонгохуй (фото 1)

Хоёрдугаарт, хэрэв та жингээ хасахыг хүсч байгаа бол мэдээж хоолны дэглэм бүхэн танд тохирно гэсэн үг биш. Хүн бүр адилгүй. Таны бие организм хурдан өөхөлдөг бол та өөх тосноос хурдан жин нэмнэ. Хэрвээ бие организм тань нүүрс усаар дутах үед ханаагүй өөх тосоор тэжээлээ хангаж байвал танд нүүрс ус багатай хоолны дэглэм тохирох юм.

Гуравдугаарт, "өдөрт ядаж 30 минут дасгал хөдөлгөөн хийснээр та бие галбираа хадгална" гэдэг нь мөн л хүн бүрт тохирохгүй. Мэдээж хөдөлгөөн хийх нь хүний биед хэрэгтэй, мөн стрессийг бууруулж зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Харин жин хасах үйл явцад энэ нь тийм ч их нөлөөлөхгүй. Судалгааны явцад, долоо хоногт гурван удаа хөнгөн дасгал хийх нь турахыг хүссэн зарим хүнд тохиромжтой байсан бол харин зарим нь таргалах хандлагатай байжээ. Ингэснээр тэд долоо хоногт зургаан удаа дасгал хийх хэрэгтэй болж байгаа юм.

Нутригенетик: ДНХ-ын шинжилгээгээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн сонгохуй (фото 2)

Судалгааны явцад илүүдэл жинтэй, таргалах хандлагатай гентэй хүмүүс бусдаасаа 2-3 дахин удаан хугацаанд турж байжээ. Өөрийнхөө бие организмд тохирсон хоол хүнс хэрэглэсэн хүн хагас жилийн дотор биеийн жингийн 6-8 хувийг хассан бол харин өөрт тохироогүй хүнс тэжээл хэрэглэснээр зөвхөн 1-2 хувийн жинг л хасаж чадсан байна.

Энэхүү судалгааны үр дүнд АНУ-д 2008 онд хоол тэжээлийн мэргэжилтний шинэ төрөл буюу ДНХ-ын шинжилгээнд тулгуурлан ажилладаг нутригенетикч үүсчээ. Удалгүй Европт нэрд гарч, Европын бараг бүх улсад нутригенетикийн шинжилгээнд тулгуурласан хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний ачаалал зэргийг тооцоолон гаргуулах боломжтой болжээ. Харин манай хойд хөрш ОХУ-д саяхнаас энэхүү шинжилгээг 15 000-20 000 рубль буюу ойролцоогоор 640 мянган төгрөгөөр хийх болсон аж. Харин бусад оронд магадгүй үүнээс үнэтэй байж мэднэ. Мөн өөр улс орны компанид хандахдаа болгоомжтой байх хэрэгтэйг анхаараарай. Учир нь генетикийн холбогдолтой материал явуулахыг хориглосон заалтыг зөрчих магадлалтай тул гадны компанид хандахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна.

ДНХ шинжилгээний гол давуу тал нь зөвхөн таны шүлс л хэрэгтэй. Мөн шинжилгээний дээжийг хаана ч хэзээ ч авч болно. Мэргэжилтэн таны шүлсийг авч лабораторид шинжилгээнд өгснөөр 10-12 ажлын өдрийн дотор хоол тэжээл болон дасгалын зөвлөгөөг гаргаж өгнө.

Генетикийн шинжилгээгээр гарсан хариунд тулруурлан өөх тос бага, нүүрс ус бага эсвэл тэнцвэрт хоолны дэглэм зэргийг санал болгоод зогсохгүй мөн олон төрлийн өөх тосыг хэрхэн зөв зохистой хэрэглэх болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй өөхний хэмжээ зэргийг тооцдог байна. Харин дасгал хөдөлгөөний зөвлөмжинд дасгалын төрөл, хөнгөн хүнд байдал, үргэлжлэх хугацаа болон давтамж зэргийг заана.

Нутригенетик: ДНХ-ын шинжилгээгээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн сонгохуй (фото 3)

ДНХ хүний наснаас хамаарч өөрчлөгддөггүй тул нутригенетикийн шинжилгээг ганцхан удаа өгөхөд л хангалттай.

Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ та удамшлын болон архаг, цочмог өвчинтэй (чихрийн шижин, шарх, зүрх судасны өвчин) эсэхээ шалгуулан эмчид үзүүлээрэй. Генетикийн шинжилгээ нь эдгээр өвчлөлийг илрүүлэхгүй мөн илрүүлэх зорилготой биш учир хөдөлгөөний огцом нэмэгдэл болон хоол тэжээлийн таарамжгүй байдал нь биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

 

цааш үзэх