Хайх

Сарнайн усыг гоо сайханд ашиглах нь

Сарнайн усыг гоо сайханд ашиглах нь

Олон зуун жилийн турш гоо сайханд хэрэглэгдсээр ирсэн сарнайн усыг хэрэглэх 5 аргачлал

Text: Бюро 24/7


Найрлагандаа антиоксидант болон A, C амин дэмүүдийг агуулсан сарнайн усыг эрт дээр үеэс эмэгтэйчүүд гоо сайхандаа хэрэглэсээр иржээ. Сарнайн дэлбээг нэрж гарган авдаг сарнайн усыг чийгшүүлэгч тоник, будаг арилгагч гэх мэт олон янзаар ашиглах боломжтой ба бүхий л төрлийн арьсанд тохирдог давуу талтай билээ.

"Сарнайн усанд агуулагддаг антиоксидантууд нь арьсан дээрх чөлөөт радикалуудыг устган, арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг учир арьсны асуудалтай хүмүүс хэрэглэх боломжтой" хэмээн арьс гоо заслын эмч, Mir Skin-ийн үүсгэн байгуулагч Табасум Мир зөвлөжээ. Түүний хэлж буйгаар сарнайн усыг худалдаж авахдаа найрлагыг сайн нягтлах хэрэгтэй гэнэ. Учир нь спирт агуулсан эсвэл хэт хурц үнэртэй сарнайн ус нь арьсыг хуурайшуулж, загатнуулах магадлалтай байдаг байна. Тэгвэл сарнайн усыг гоо сайхан болон эрүүл мэнддээ хэрхэн ашиглах тухай зааварчилгааг бид хүргэж байна. 

Ваннд орохдоо 

Эртний Египетийн хатад биеийн арьсаа чийгшүүлж, тайвшруулахын тулд сарнайн дэлбээнээс гаргаж авсан охийг ваннтай усандаа дусааж хэрэглэдэг байжээ. Та ч бас ваннд орохдоо энэ аргыг туршаад үзээрэй.

Маск тавихдаа

Гэрийн нөхцөлд зуурдаг маск хэрэглэх гэж байгаа бол сарнайн усаар маскаа зуураад үзээрэй. Энэ нь арьсанд тань нэмэлт тэжээл өгөхөөс гадна маскны үйлчилгээг нэмэгдүүлэх тустай.

Үсээ арчлахдаа

Үсээ угаахдаа шампунь аль эсвэл ангижруулагчиндаа сарнайн усыг нэмээрэй. Ингэснээр үс тань гялалзсан, эрүүл харагдахаас гадна анхилам үнэртэй болно.

Нүүр цэвэрлэхдээ 

Хэрэв та байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг бол нүүрээ цэвэрлэхдээ наргил модны самрын тосыг сарнайн устай холин нүүрээ цэвэрлээрэй. Үр дүн нь гайхалтай байхаас гадна таны арьсны балансыг тэнцвэржүүлэх болно.

Сарнайн ус таныг тайвшруулна

Сарнайн охь нь арома эмчилгээнд хамгийн их ашиглагддаг түүхий эдийн нэг билээ. Орондоо орохдоо сарнайн усаа дэр лүүгээ цацсанаар толгойн өвчин намдаж, илүү амар амгалан нойрсох боломжтой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх