Хайх

Зорилгодоо хүрч, жин нэмэхгүйн тулд согтууруулах ундааг хэрхэн хэрэглэх вэ?

Зорилгодоо хүрч, жин нэмэхгүйн тулд согтууруулах ундааг хэрхэн хэрэглэх вэ?

Калори ихээр агуулдаг спиртлэг зүйлсийн тухай

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ он гарахад өөртөө амлалт өгч, ирэх жилийнхээ зорилгыг тодорхойлсон хүмүүсийн тал хувь нь эхний зургаан өдөрт амлалтаа зөрчдөг гэдгийг зарим судалгаагаар тогтоосон байна. Гэхдээ асуудал хүмүүст биш, харин тэдгээр амлалтанд оршдог бөгөөд хамгийн гол нь бид өмнөө бодит бус зорилго тавьж байна гэсэн үг юм. Тухайлбал 2017 онд согтууруулах ундаа огтхон ч хэрэглэхгүй бөгөөд 10 кг турна гэдэг бол бодит бус зорилго. Харин 2017 онд согтууруулах ундааг зөв зохистой хэмжээгээр хэрэглэхийн зэрэгцээ мөн галбираа хадгалж үлдэнэ гэдэг хэрэгжихэд хялбар, бодит зорилго байх болно. Тэгэхээр энэ зорилгод хэрхэн хүрэх талаар бид доорх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

-

Спиртэнд маш олон дутагдал бий. Юуны түрүүнд спирт бидний бодсоноос ч өндөр калори агуулдаг. Дараа нь спирт мөн хүний сонор сэрэмжийг бууруулж, хоол идэх дуршил нэмэгдүүлдэг. Ингэснээр бид спирт хэрэглэсний улмаас хоол хүнс хэтрүүлэн хэрэглэж, жин нэмэх магадлалтай болдог.

Зарим согтууруулах ундааны төрлүүд амттантай харьцуулж болохуйц их хэмжээний калори агуулдаг. Тухайлбал 100 мл вискинд 295 ккал агуулагддаг бол нэг ширхэг шоколадтай чихэрт дунджаар 70-80 ккал байдаг. Тэгвэл өндөр илчлэгтэй согтууруулах ундааны төрөлд коньяк (239 ккал), жин ба цагаан архи (230-260 ккал), ликёр (дунджаар 300 ккал) зэрэг зүйлс ордог юм. Харин вермутын илчлэг 145 хүрдэг бол оргилуун дарсанд 88 ккал, харин хуурай дарсанд 65-80 ккал агуулагддаг байна.

"Галбираа хадгалж үлдэхийг хичээж байгаа эсвэл жин хасахыг хүсч байгаа хүмүүст хуурай дарс хамгийн тохиромжтой. Хэрвээ та аливаа үдэшлэгийг оргилуун дарсгүйгээр төсөөлдөггүй бол оргилуун дарснаас хэдхэн балга ууж, дараа нь хуурай дарс руу шилжээрэй" хэмээн GrinDin компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн Татьяна Залетова зөвлөж байна.

Just For You компанийн эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн Ольга Пашкова баяжуулсан дарс, ликёр ба коктейлийг аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөсөн. Эдгээр зүйл их хэмжээний элсэн чихэр агуулдаг тул бусад согтууруулах ундааны төрлүүдтэй харьцуулбал хоёр дахин их илчлэгтэй.

Хуурай улаан дарс хүний биед ээлтэй антиоксидантаар баялаг гэдгээрээ бусад төрлийн согтууруулах ундаанаас илүү давуу талтай.

Тэдгээр антиоксидантууд бие организм дахь холестерины түвшинг бууруулж, цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг юм. Тиймээс ерөнхийдөө дарс бол бусад спиртийн агууламжтай бүтээгдэхүүнүүдээс хамгийн аюул багатай нь төдийгүй мөн багахан хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд эсрэгээрээ бүр бие организмд эерэг нөлөө үзүүлэх болно.

Хүн бүр согтууруулах ундааг өөр, өөрөөр шингээдэг. "Эрчүүд хэрэглэсэн согтууруулах ундааныхаа дийлэнх хэсгийг өөрийн ходоодонд агуулагдах спиртийг катализид оруулах чадвартай ферментийн ачаар задалдаг. Харин эмэгтэйчүүдийн уг фермент элгэнд төвлөрсөн байдгийн улмаас спиртийн зарим хэсэг шүүгдэлгүйгээр үлддэг. Ийм учраас ижил хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсрэг хүйсийн хүмүүсийн эмэгтэй нь түрүүлж согтдог юм" хэмээн Ольга Пашкова ярьлаа.

Зорилгодоо хүрч, жин нэмэхгүйн тулд согтууруулах ундааг хэрхэн хэрэглэх вэ? (фото 1)

Согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө хоол идээрэй

Хоосон ходоодтой үедээ согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийгээрэй. Спирт сонор сэрэмжийг бууруулж, хоол идэх дуршлыг нэмдэг. Тиймээс та согтууруулах ундаа уусны дараа хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэх өндөр магадлалтай. Хамгийн зөв арга бол алкоголь хэрэглэхээсээ өмнө бага ч болов хоол идэх явдал юм.

"Хүн өглөөний цай, өдрийн хоол ба зуушийг хэзээ ч алгасч болохгүй учраас тогтмол цагт хооллож байгаарай. Тэгээд ч уургаар баялаг хоол согтууруулах ундааны шимэгдэлтийг удаашруулдаг" гэж Ольга Пашкова зөвлөлөө. Харин GrinDin компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн Татьяна Залетова алкоголь хэрэглэхээсээ өмнө нь өөх тос агуулсан хоол идэхийг санал болголоо. Үүнд загас эсвэл ургамлын тосоор хутгасан салат ч орж болох юм. Өөх тос нь спиртийн шимэгдэлтийг удаашруулахын хажуугаар мөн гастритын (ходоодны шархлаат өвчнүүд) аюулаас сэрэмжлэх юм.

Ус уухаа мартуузай

Өндөр илчлэгтэй алкоголь хэрэглэж байх үед хийжүүлсэн болон бусад чихэрлэг ундаанаас татгалзаарай. "Энэ тохиолдолд аль болох чихэр багатай, хийжүүлээгүй уух юм сонгох хэрэгтэй. Чихэрлэг, хийжүүлсэн ундаа нь алкоголийн цусанд шингэх явцыг хурдасгаж, согтох мэдрэмжийг нэмэгдүүлж, маргааш өглөө нь шартах магадлалыг ихэсгэдэг" хэмээн Татьяна Залетова ярьж байна.

Алкоголь организмыг шингэний дутагдалд оруулдаг тул хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсний дараа усны дутагдлыг хоол хүнсээр нөхөж эхэлдэг. Үүнээс үүдээд тэд хэтрүүлэн идэж, жин нэмэхэд хүрдэг. Тэгэхээр хэрвээ та гоолиг галбираа хадгалж үлдэхийг хүсч байвал ширээн дээрх дарсны хажууд заавал ч үгүй цэвэр ус тавьж байгаарай. "Шингэний дутагдлыг нөхөхийн тулд хийжүүлсэн биш харин эрдэстэй усыг нимбэгний хамт хэрэглэхийг зөвлөж байна" хэмээн World Class фитнесс клубын хоол тэжээлийн мэргэжилтэн Мария Ратникова хэллээ.

Бүжиглээрэй

Олон цагийн турш хөдөлгөөн бага хийж, ширээний ард суугаад байж болохгүй. Аль болох их хөдөлж, цэвэр агаар амьсгалахаар гадаа гарч байгаарай. "Хөдөлгөөн хийснээр та эрүүлжиж, организмд калори тунахаас сэргийлнэ. Таны элгэн дэх согтууруулах ундааны 90% нь бие организмоос алкоголь гадагшлуулдаг тусгай ферментээр исэлддэг бол үлдсэн 10% нь этанол задалдаг фермент буюу булчингийн катализаар исэлддэг. Ийм учраас булчингаа ажиллуулах нь эрүүлжихэд хүргэнэ" гэж Ольга Пашкова тайлбарлалаа.

та сонголтоо хундага дарс эсвэл 50 мл цагаан архин дээр зогсоож болох юм. Учир нь Энэ бол хамгийн зөв зохистой согтууруулах ундааны хэмжээ юм.

Хольж болохгүй

Юуны түрүүнд коктейлиэс татгалзах нь зүйтэй. Учир нь коктейлийн найрлагад амттантай адилтгаж болохуйц хэмжээний илчлэгтэй сироп, ликёр, хийжүүлсэн ундаа ба шүүс ордог юм. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд үдшийн турш зөвхөн нэг төрлийн согтууруулах ундаа хэрэглэхийг зөвлөдөг. Тухайлбал та сонголтоо хундага дарс эсвэл 50 мл цагаан архин дээр зогсоож болох юм. Учир нь энэ бол хамгийн зөв зохистой согтууруулах ундааны хэмжээ юм.

"Хэрвээ та үдшийн турш оргилуун дарс уухыг хүсч байвал хамгийн бага элсэн чихэр агуулсан брютийг сонгоорой. Оргилуун дарсны хамгийн том дутагдал бол түүний нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж юм. Үүний улмаас оргилуун дарс уусан үед алкоголь цусанд хурдан шингэдэг. Хийний хэмжээг багасгахын тулд оргилуун дарсаа гуурсаар хутгах эсвэл жимсгэнэ нэмэх аргыг хэрэглээрэй. Жимсгэнэ өөртөө хийг шингээх болно. Хамгийн гол нь дараа нь жимсгэнээ идэж болохгүй шүү. Бие организм дахь хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахын тулд оргилуун дарс хэрэглэхийн хажуугаар жимс, жимсгэнэ ба ногоогоор баялаг зууш идээрэй. Харин цагаан дарстай цагаан загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг гэх зэрэг уураг ихтэй хоол хүнс сайхан зохицдог" хэмээн Natural Diet компанийн үүсгэн байгуулагч Натали Макиенко зөвлөлөө.

Бие организмоо цэвэрлээрэй

Хэрвээ та бидний бэлдсэн дээрх зөвлөгөөнүүдийг үл анзааран согтууруулах ундааг өөрийнхөөрөө хэрэглэсэн бол унтахын өмнө эсвэл унтаад сэрсэн даруйдаа идэвхжүүлсэн нүүрс, фильтрум, энтеросгель гэх зэрэг шингээгч уугаарай. Энэ нь таны организмоос спиртийн шимэгдэлтээс үлдсэн хорт бодисуудыг гаргаж, мөн алкоголийн хамтаар хоол хүнс хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд ходоодны хүнд оргисон мэдрэмжийг арилгах болно. "Хэдхэн ширхэг идэвхжүүлсэн нүүрсний ачаар таны организм өөрийгөө байгалийн аргаар цэвэрлэх болно" гэж Ольга Пашкова хэллээ.

цааш үзэх