Хайх

Силикон спонжийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Силикон спонжийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Нүүр будалтын шинэ тренд

Text: Buro.Mongolia


Зураг:

Жигд нүүр будалт хийхэд зориулагдсан шинэ хэрэгсэл олон сая шүтэн бишрэгчидтэй болж байна

Ягаан өнгийн өндөг мэт харагдах Beautyblender спонж анх гоо сайхны зах зээлд нэвтрэх үед хүн бүрийн сонирхол төрж, томоохон шуугиан дэгдэж байсныг та бүгд санаж байгаа биз ээ. Одоогийн байдлаар энэхүү спонж мэргэжлийн нүүр хувиргагчдын хувьд зайлшгүй шаардлагатай, нэн чухал хэрэгсэл болон хувирч, бүхий л зураг авалт дээр ашиглагдаж байна. Гэхдээ уламжлалт ёсны дагуу аливаа сайхан зүйлд төгсгөл ирдэгийн адил Beautyblender-ийн эрин үе ч бас үүгээр өндөрлөж байх шиг байна. Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр гоо сайхны ертөнцөд Silisponge гэх нэртэй нэгэн шинэ бүтээгдэхүүн төрөн гарч ирсэн юм.

Суурь крем түрхэхэд зориулагдсан энэхүү спонж нь маш зөөлөн бүтэцтэй силикон материалаар хийгдсэнээрээ бусад бүтээгдэхүүнүүдээс онцгой. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Солонгосын Molly Cosmetics компанийн бүтээсэн Силиспонж саяхан танилцуулагдсан хэдий ч аль хэдийнэ олон сая бүсгүйчүүдийг байлдан дагуулаад байна. Хэрвээ та Instagram сүлжээнд #silisponge гэх хэштагийн дагуу хайлт хийвэл Израиль, Австрали, Бразил болон бусад олон орны бүсгүйчүүд шинэ спонжийг хэрхэн ашиглаж байгааг олж харах болно.

Силиспонжид хэд, хэдэн давуу тал бий. Алдарт "ягаан өндөг"-өөр суурь крем түрхэх үед кремийн зарим хэсэг спонжид шингэж, бид шаардлагатайгаас илүү их бүтээгдэхүүн хэрэглэх болдог. Харин Silisponge-ийг ашигласан үед тийм зүйл хэзээ ч тохиолдохгүй. Учир нь энэ спонж нь өөртөө юу ч шингээдэггүй юм. Түүгээр ч барахгүй бид одоо спонжоо цэвэрлэхийн тулд тусгай шингэн ашиглах шаардлагагүй боллоо. Силиспонжийг энгийн савангаар халуун усанд цэвэрлэж эсвэл чийгтэй салфеткаар арчиж, дахин хэрэглэх боломжтой юм.

Molly Cosmetics-ын албан ёсны вебсайт дээр борлуулагдаж буй шинэ бүтээгдэхүүний үнэ 24,591 төгрөг гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн урьдчилсан захиалга өгөх боломжтой байна. Анх худалдаанд гарснаасаа хойш нийт найман удаа борлуулагдаж дууссан Силиспонж одоо ес дэх захиалга дээрээ явж байна. Энэ дашрамд дурдахад компани мөн цөөн тоогоор үйлдвэрлэгдэх шинэ дизайнтай спонж танилцуулсан байгаа.

Тэгэхээр таны бодлоор Силиспонж "ягаан өндөг"-ийн орон зайг эзэлж чадах болов уу?

 

 

цааш үзэх