Хайх

Таны гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй биз?

Таны гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй биз?

Анхаарлаа хандуулна уу

Text: Ө.Тодгэрэл


Бид дурлаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэхийг хүсдэг ч тэдэнд ч бас хадгалах хугацаа бий гэдгийг бүү мартаарай. Хоол, хүнс биш болохоор хугацаа нь дууссан ч аюулгүй гэж үл тоомсорлох нь том алдаа юм шүү

Бид бүсгүйчүүдийн өдөр тутмын гол хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хадгалах хугацаатай байдгийг түүвэрлэн бэлтгэлээ. Тэгэхдээ хугацаа нь дуусаагүй ч гэлээ тэдгээр бүтээгдэхүүнд элдэв нян хуримтлагдсан бол таны арьсаар дамжин биед тань муугаар нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг Америкийн FDA сануулсан юм. Тиймээс доорх мэдээллийг анхааралдаа аваарай.

Суурь крем ба өө дарагч

Paula's Choice вебсайтын үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн гоо сайхны мэргэжилтэн Паула Бегоны мэдэгдэж буйгаар суурь кремийн хадгалах хугацаа нь түүний савлагааны шахдаг хэсэг рүү нян орсон эсэхээс шалтгаалж зургаан сараас нэг жилийн хооронд байдаг аж. Харин өө дарагчийн хувьд гэвэл нэг жилээс 18 сар хүртэл хугацаанд хадгалж болох байна. Гэхдээ дээр дурдсаны нэгэн адил элдэв нян орохоос сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд та бүтээгдэхүүн түрхэхдээ хэрэглэдэг багс ба спонжоо үргэлж  цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хэрвээ та бүтээгдэхүүнээ арьсандаа уусгахын тулд хуруугаа ашигладаг бол нүүрээ будахаас өмнө гараа тогтмол угааж заншаарай.

Таны гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй биз? (фото 1)

Нунтаг пудр, хацар өнгөлөгч ба бронзер

Нунтаг бүтэцтэй бүтээгдэхүүнийг хоёроос гурван жилийн дотор ашиглахад гэмгүй. Хамгийн гол нь будгийн тань өнгө өөрчлөгдөөгүй, мөн хамт хэрэглэдэг багснууд нь цэвэрхэн байгаа эсэхэд анхаараарай. Харин шахмал бүтэцтэй бүтээгдэхүүний хадгалах хугацаа ойролцоогоор нэг жил байдаг юм. Гэхдээ будгийн тань бүтэц өөрчлөгдөж, аль эсвэл хатаж эхэлсэн бол тэднийг эртхэн хаясан нь дээр шүү.

Уруулын будаг ба өнгөлөгч

Та хайртай уруулын будгаа худалдан авснаас хойш нэг юм уу хоёр жилийн хугацаанд хэрэглэхэд аюулгүй гэдэгт итгэлтэй байж болно. Уруулын будаг ба уруул өнгөлөгчийн хадгалах хугацаа ихэвчлэн 18-24 сарын хооронд байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний найрлагаас шалтгаалж өөр, өөр байдаг. Хэрвээ та ямар нэгэн эвгүй үнэр мэдэрч, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн байгааг анзаарвал бас л тэдэнд баяртай гэж хэлэх болсон гэсэн үг.

Таны гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй биз? (фото 2)

Нүдний будаг

Сормуусны будаг, контур, нүдний тень зэрэг бүтээгдэхүүнүүд таны хамгийн эмзэг цэгт төвлөрдөг учир та илүү анхаарч,  халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхны химич Жим Хаммер Allure сэтгүүлд зориулж зөвлөгөө өгөхдөө сормуусны будаг болон шингэн контурыг хамгийн ихдээ нэг жилийн дотор ашиглаж болохыг дурдсан байна. Гэхдээ сормуусны будгаа сэрүүн, хуурай газар хадгалахаа мартуузай. Эс тэгвээс бүтээгдэхүүнийг гурваас зургаан сарын дараа гэхэд л хаях хэрэг гарна. Түүнчлэн будгууд тань хатаж, бөөгнөрч эхэлбэл бас л хэрэглэж болохгүй гэсэн үг. Нунтаг бүтэцтэй нүдний тень болон нүдний харандаа хоёрыг хоёр жил хүртэл хугацаанд хадгалж болно. Харин шахмал бүтэцтэй тень чийгээ хурдан алддаг тул зургаан сар хэрэглээд дуусгаарай. Эдгээрээс гель хэлбэрийн контурууд бусдаасаа хамгийн эмзэг нь байдаг. Тэд ихэвчлэн хоёроос дөрвөн сарын дотор хатчихдаг.

Хумсны будаг

Хумсны будгийг цэвэрхэн хэрэглэсэн тохиолдолд ихэвчлэн нэгээс хоёр жилийн хадгалах хугацаатай байдаг. Гэхдээ мэдээж хэрэг будгийн тань өнгө бас бүтэц өөрчлөгдсөн байвал ашиглаж болохгүй.

Үнэртэй ус

Үнэртэй усны хадгалах хугацаа хоёроос бүтэн арван жил хүртэл үргэлжилдэг тохиолдол бий. Тиймээс та өөрийн илэрхийлэл болсон үнэрээ маш удаан хугацаанд хадгалж болох нь ээ. Гэхдээ үнэртэй ус муудсан бол үнэрээс нь эхлээд танд илт мэдэгдэх болно. Хэдий удаан хадгалж болох ч гэлээ үнэртний найрлага доторх молекулуудыг муутгахгүйн тулд үнэртэй усаа сэрүүн газар, нарны гэрлээс хол хадгалаарай.

Таны гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй биз? (фото 3)

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ямар савлагаатайгаас шалтгаалаад хадгалах хугацаа нь өөр байдаг. Гоо сайхны мэргэжилтэн Паула Бегоны хэлснээр лонх хэлбэрийн савлагаатай бол ойролцоогоор нэг жил хадгалж болно. Харин том таглаа бүхий савтай бол хадгалах хугацаа нь арай богино байдаг. Учир нь ихэнх хүмүүс бүтээгдэхүүнээ түрхэхдээ хуруугаа ашиглаж, дотор нь нян оруулах өндөр магадлалтай байдаг. Тиймээс том таглаатай бүтээгдэхүүнийг зөвхөн дагалдаж ирэх жижиг хүрзний хамтаар хэрэглэх шаардлагатай бөгөөд тэгж чадсан тохиолдолд хадгалах хугацаа нь зургаагаас есөн сар байна. Нүүр цэвэрлэгч, тонер, серум зэрэг илүү шингэн бүтээгдэхүүнүүдийг зургаагаас нэг жилийн дотор ашиглахад аюулгүй.

Үс ба биед зориулагдсан бүтээгдэхүүнүүд

Биеийн тос, биеийн шингэн саван, шампунь зэрэг нь хоёроос гурван жил хадгалах хугацаатай байдаг. Тэдний найрлагад илүү муутгахгүй бодис орсон байдаг тул илүү тогтвортой бүтэц бий болжээ. Тиймээс эдгээр зүйлсийг байнга шүршүүрт үлдээсэн ч санаа зовох зүйлгүй.

 

цааш үзэх