Хайх

“Удаан гоо үзэсгэлэн” гэж юу вэ мөн энэ нь яагаад тренд болсон бэ?

Slow beauty давалгаа хаанаас үүсэлтэй, яагаад их хотын хүмүүст хамгаас илүү тохиромжтой болохыг бид тайлбарлаж байна

“Удаан гоо үзэсгэлэн” гэж юу вэ мөн энэ нь яагаад тренд болсон бэ?

Text: Бюро 24/7

Slow Beauty буюу "удаан гоо үзэсгэлэн" гэх ойлголтыг анх зохиолч ба SpaRitual брэндийн үүсгэн байгуулагч Шел Пинк 2012 онд гаргасан байдаг. Энэ ойлголт нь XX зууны хоёрдугаар хагаст Итали улсад өрнөсөн нэгэн хөдөлгөөнөөс үүсэлтэй юм. Тодруулбал slow food нэртэй эсэргүүцэл нь 1980-аад онуудад Ром хотод анхны McDonald's нээгдсэнтэй холбогдуулан үүссэн юм. Slow food хөдөлгөөнийг хоолны редактор Карло Петрини санаачилсан бөгөөд тэрээр тухайн үед хөдөө аж ахуй, газар тариалан, органик бүтээгдэхүүн болоод ширээний ард суун хоол зооглох соёлыг дэмжин ийнхүү олныг уриалдаг байжээ.

Үүний дараагаар нийгэмд slow хөдөлгөөний төрөл бүрийн чиглэлүүд дэлгэрсэн. Удаан боловсрол, удаан хүмүүжил, удаан загвар гээд бүх л зүйл "удаан" болж эхэлсэн. Харин одоо "удаан гоо үзэсгэлэн" гэх ойлголт гарч ирж байна. Энэ чиглэлийн гол утгыг дараах өгүүлбэрээр тайлбарлаж болно.

Бид өөрсдийн байгалийн гоо үзэсгэлэнг аль болох удаан хугацаанд хадгалахын тулд тайван амьдралын хэв маяг хөтөлж, өөрсдийгөө аливаа сөрөг зүйл ба стрессээс хамгаалах учиртай.
"Өөрийнхөө дотоод ертөнцөд анхаарал тавин бие болоод оюун ухааны эв нэгдлийг олж чадсан тохиолдолд арьс арчилгаа хамаагүй илүү үр дүнтэй байх болно" хэмээн Шел Пинк ярьж байна.

Орчин үеийн их хотын амьдралд, тэр дундаа бүх салонууд ба гоо сайхны төвүүд экспресс үйлчилгээ үзүүлж, харин брэндүүд хурдан хугацаанд үр дүн өгөх хэтэрхий хурц найрлагатай бүтээгдэхүүн гаргах болсон өнөө үед "удаан гоо үзэсгэлэн" үзэл баримтлах нь бүүр ч илүү тохиромжтой юм.

Экспресс үйлчилгээнээс татгалзах

Slow beauty чиглэлийн гол дүрмүүдийн нэг бол түргэн хугацаанд арьсыг залуужуулдаг экспресс үйлчилгээнүүдээс татгалзах явдал юм. Тодруулбал төрөл бүрийн тарилга, эсвэл бүр гоо сайхны мэс ажилбар зэргийг мартах хэрэгтэй. "Хөгшрөлтийн гол шалтгаан бидний дотоод эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд оршдог. Мэс заслын эмч таны өнгөц үрчлээснүүдийг арилгасан ч, ‘дотоод үрчлээс'-ний асуудлыг шийдвэрлэж чадахгүй" хэмээн Шел Пинк үздэг байна. Энэ нь мөн хурдан үйлчилгээ үзүүлэх хурц найрлагатай косметик бүтээгдэхүүнүүдэд ч бас хамааралтай гэнэ.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох


Косметик бүтээгдэхүүн сонгохдоо зөвхөн ямар үр дүн авчирдагт нь ач холбогдол өгөлгүй, найрлагыг нь ч бас сайтар судлах хэрэгтэй. Аль болох байгалийн орц, найрлагатай, мөн үйлдвэрлэгч нь эко чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүтээгдэхүүн сонгох нь чухал. Энэ ухаалаг хэрэглээг арьс арчилгаанаасаа гадна мөн хоол хүнсэндээ ч бас хэрэгжүүлээрэй.

Органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн гаргадаг, амьтад дээр туршилт хийдэггүй, бүтээгдэхүүнийхээ савлагааг дахин боловсруулсан материалаар хийдэг брэндүүд өнөөдөр хамгийн өндрөөр үнэлэгдэж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн BDIH, NaTrue, Ecocert, USDA, Cosmos, NSF, USDA, DEMETER гэх сертификатуудаар өргөмжлөгдсөн байдгийг анхааралдаа аваарай.

Дорнын зан үйлийг өдөр тутамдаа хэрэгжүүлэх

Бокс, кросс-фит эсвэл хүнд жин өргөх гэх зэргийн идэвхтэй фитнесс дасгал сонгохын оронд бясалгал, йог, амьсгалын дасгал ба аюрведа амьдралын хэв маяг баримтлах нь slow beauty чиглэлийн үндэс суурь юм. Өөрөөр хэлбэл тайвшруулж, ариусал авчрах чадвартай зүйлсийг турших хэрэгтэй. "Удаан гоо үзэсгэлэн" чиглэлийг баримтлах үед та хэсэг хугацаанд түр завсарлагаа авахыг сурч, дотоод мэдрэмжээ сонсон ойлгох болно.

Спа

Slow beauty үзэл баримтлал нь арьсаа тайван, зөв зохистой арчлахыг уриалдаг тул спа бол үүний салшгүй нэг хэсэг юм. Гэхдээ бид үүгээрээ үнэтэй салонд спа үйлчилгээ хийлгүүлэх биш, харин гэрийн нөхцөлд лаа болоод анхилуун үнэртэй тосны тусламжтайгаар өөртөө спа хийхийг хэлж байна.

Ерөнхийдөө slow beauty философи нь дотоод тайвшралыг олон өөрийгөө хайрлах зарчим дээр суурилж, өөрийн эрүүл мэнд болоод байгаль орчны төлөө цэвэр орц, найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалдаг юм. Энэ үзэл баримтлалыг дагаснаар та амьдралынхаа чанарыг дээшлүүлж, өөртөө цаг зав зарцуулж, байгаль орчиндоо ч мөн ээлтэй амьдрах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх