Хайх

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд

Нууц дэлгэгдлээ

Text: Ө.Тодгэрэл


Үргэлж шинэ трендээр бялхаж байдаг нүүр будалтын ертөнцөд сурах зүйл их бий. Та дөнгөж суурь крем хэрэглэж заншиж буй анхлан сурагч, аль эсвэл төгс smoky будалт хийж чаддаг про хоёрын аль нь ч байсан ялгаагүй эдгээр аргачлалууд таны өдөр тутмын будалтад гарцаагүй хэрэг болно шүү

Харамсалтай нь хүн болгонд өдөр бүр мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах боломж байдаггүй. Бидний ихэнх нь нүүр будах урлагт бие дааж юм уу, youtube бичлэгээс суралцсан байдаг тул мэргэжилтнүүдийн хэрэглэдэг төгс будалтын заль мэхийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Бид уншигчиддаа зориулж мэргэжлийн нүүр хувиргагчдын Allure, Marie Claire болон Elle сэтгүүлүүдэд өгсөн ярилцлагаас бүсгүй хүн бүрт хэрэг болох жижиг боловч нууц аргачлалуудыг түүж нэгтгэлээ. Үзэг цаасаа бэлдээд, хэрэгтэй зөвлөгөөнүүдийг тэмдэглээд аваарай!

Нүүр

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд (фото 1)

"Гэрэлтсэн арьстай харагдахыг хүсвэл суурь кремээ алтлаг эсвэл сувдан цагаан нүдний тенитэй холиод үзээрэй. Таны арьс бүхэл өдрийн турш гэрэл гэгээ цацруулах болно" - Givenchy ордны гоо сайхны захирал Николя Диженнес

"Нимгэн цаастай сальфеткийг нүүрний илүүдэл тос авагч зориулалтын цаасны оронд ашиглаж болно" - Becca Cosmetics компаний загварын захирал Керри Коул

"Онцгой үйл явдалд оролцох шалтгаанаар удаан хугацааны турш тогтох нүүр будалт хийхийг хүсч байвал арьсандаа праймер түрхсэнийхээ дараа эхлээд нунтаг пудр хөнгөн тавьж, үүнийхээ дараа суурь кремээ хэрэглээрэй. Хачирхалтай сонсогдож байгаа ч энэ арга үнэхээр үр дүнтэй шүү. Хамгийн гол нь пудрээ хэтрүүлэлгүй хөнгөн түрхэх хэрэгтэйг санаарай" - Алдартнуудын нүүр хувиргагч Молли Стерн

"Таны суурь крем, өө дарагч ба нунтаг пудр нь гарны тань гадна биш харин дотор талын арьсны өнгөтэй зохицох ёстой" - Benefit Cosmetics-ын олон улсын гоо сайхны мэргэжилтэн Мэгги Форд Дэниелсон

"Бараг бүх мэргэжлийн нүүр хувиргагчид суурь крем түрхэхдээ BeautyBlender спонжийг ашигладаг. Спонжоо бага зэрэг чийгтэй болгож байгаад ашиглах нь суурь кремийг арьсанд сайтар шингээж, өөгүй бас нимгэн бүрхүүл үүсгэдэг" - Bobbi Brown-ы нүүр хувиргагч Марк Рейгэн

"Тосон хэлбэрийн хацар өнгөлөгч, бронзер ба хайлайтераа суурь кремийн дээр биш, доор түрхээрэй. Ингэснээр таны хацар "дотроосоо" ягаарч, арьс тань байгалиасаа гэрэлтэх болно" - Алдартнуудын нүүр хувиргагч Эрик де Сото

"Нүүрэн дээрх ямар нэгэн сорвийг дарахын тулд арьснаасаа нэг өнгөөр цайвар өө дарагч хэрэглээрэй. Ингэснээр таны арьсан дээр ямар нэгэн сүүдэрлэсэн хэсэг харагдахгүй болно" - Алдартнуудын нүүр хувиргагч Вэнди Роув

Нүд

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд (фото 2)

"Зүгээр ч нэг хар биш, харин бүр хав хар контур зурахыг хүсч байвал үзүүртэй багсаа сормуусныхаа будганд дүрж, будалтаа хийгээрэй" - Benefit Cosmetics-ын олон улсын гоо сайхны мэргэжилтэн Мэгги Форд Дэниелсон

"Том нүдтэй харагдахыг хүсч байвал сормуус дэрвийлгэгч ашиглахаа бүү мартаарай" - Sonia Kashuk Beauty брэндийн үүсгэн байгуулагч Соня Кашук

"Нүдний доод хэсэг дэх хар хүрээ таныг ядарсан харагдуулдаг. Тиймээс нүдээ будахдаа юуны түрүүнд чийгшүүлэгч тос түрхэж, дараа нь corrector хэрэглэснээр хөх туяаг арилгаж, үүний дараагаар өө дарагч түрхэж, сүүлд нь пудрээр будалтаа бэхжүүлээрэй" - Bobbi Brown-ы нүүр хувиргагч Марк Рейгэн

"Нүднийхээ дотор буланд гялалзсан ширхэгтэй гэрэлтүүлэгч түрхэж, түрхсэн будгаа нүднийхээ доод хэсэгт багсаар тараагаарай. Ингэснээр та илүү залуухан бас том нүдтэй харагдах болно" - Алдартнуудын нүүр хувиргагч Деанна Меллусо

Хөмсөг

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд (фото 3)

"Унтахаасаа өмнө хөмсгөндөө тэжээлийн бальзам түрхэж байх нь таны хөмсгийг илүү хурдан ургуулж, өтгөн болоход тусална" - By Terry компаний үүсгэн байгуулагч Терри де Ганзбург

"Байгалийн өтгөн хөмсөгтэй харагдах будалт хийхийн тулд нарийн багсаар нарийхан зурааснууд үснийхээ чиглэлээр хөнгөн зураарай. Будалтаа хийсний дараагаар хэлбэржүүлэгч гель түрхэж бас болох юм" - Алдартнуудын нүүр хувиргагч Жейми Гринбург

"Хөмсгөө үргэлж цэмцгэр харагдуулахын тулд хөмсөгний үс хэлбэржүүлэг гель хэрэглэж байгаарай" - Алдартнуудын нүүр хувиргагч Дэйвид Мейдэрик

"Хөмсгөө зөвхөн нэг өнгөөр будах нь буруу юм. Бараан эсвэл цайвар үстэй бүсгүйчүүдийн аль, аль нь хөмсгөө бор саарал болон гүн бор өнгийг хослуулан будах нь зохистой байдаг. Илүү цайвар будгаараа эхлээд хөмсгөө нэлэнхүйд нь будаж, харин бараан өнгийн будгаар үс багатай хэсгүүдийг бөглөж, мөн нум үүссэн хэсгийг тодруулах хэрэгтэй" - Bobbi Brown-ы нүүр хувиргагч Марк Рейгэн

Уруул

Зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын мэддэг заль мэхүүд (фото 4)

"Урт хугацааны турш тогтох будалт хийхийг хүсвэл матт уруулын будаг ашиглаарай. Тэд тийм ч амар арилахгүй шүү" - Алдартнуудын нүүр хувиргагч Жейми Гринбург

"Тод өнгийн тослог уруулын будгийг уруулан дээрээ удаан тогтоохын тулд будсаныхаа дараа цаасан салфеткийг урууландаа хүргэж, үүний дараагаар уруулын будгаа дахин нэг удаа түрхээрэй. Энэ дарааллыг гурван удаа давтах хэрэгтэй" - Алдартнуудын нүүр хувиргагч Салли Дувайл

цааш үзэх