Хайх

Байгаль орчинд ээлтэй нүүрний скрабыг зохион бүтээжээ

Энгийн скрабын найрлагад далайг бохирдуулж, задралд ороход олон зуун жил шаардагддаг газрын тосны полимерууд ордог юм

Байгаль орчинд ээлтэй нүүрний скрабыг зохион бүтээжээ

Бидний угаалгын өрөөний тавиур дээр байдаг зарим нүүрний скрабууд, шүдний оонууд, шүршүүрийн гелиуд болон бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн найрлагад байгалийн задралд ордоггүй хуванцар хэсгүүд агуулагддаг юм. Тэдгээр хэсгүүд усны шугам руу орсноор далайг бохирдуулж, аажмаар далай ба голын усаар дамжин шувуу, загас гэх зэрэг далайн амьтдын организм руу нэвтэрч, хор хөнөөл учруулдаг байна.

Гоо сайхны салбарт ихээхэн ашиглагддаг микро бөмбөлгүүд ихэвчлэн полиэтилен ба полипропиленоос бүрддэг юм. Харин эдгээр хямд бөгөөд бэлтгэхэд амар полимеруудыг байгалийн задралд ороход олон зуун жил шаардагддаг газрын тосноос гаргаж авдаг байна. Харамсалтай нь хэрэглэгчид нүүрний скраб эсвэл шүдний оо худалдаж авахдаа байгаль орчинг бохирдуулж буйгаа тэр бүр ухаардаггүй билээ.

Эдгээр хуванцар хэсгүүдийг 2017 оны сүүлээр бүр мөсөн хорих магадлал өндөр байна. Гэхдээ одоогийн байдлаар уг шийдвэрийг гаргах үйл явц бага зэрэг хойшлогдоод байгаа нь харамсалтай.

Энэ хооронд Их Британийн Бат их сургуулийн химийн ухааны эрдэмтэд хуванцар бөмбөлгүүдийг орлох боломжтой, байгаль орчинд ээлтэй хувилбарыг зохион бүтээжээ. Тэд байгаль орчинд аюулгүй гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн бий болгоход целлюлоз гэх орц ашигласан байна. Харин энэ орц нь бүхэлдээ задралд орж, хурдан уусдаг давуу талтай гэнэ. Түүнчлэн тус их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар целлюлозийг үйлдвэрлэхэд дахин боловсруулагдсан цаас ба картон ашиглаж болох аж.

Целлюлоз гэдэг нь мод ба ургамлаас олддог, бат бөх ширхгүүдээс бүрддэг материал юм.

Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийн бүрэн жагсаалтыг Beat The Microbead вебсайтаас олж харах боломжтой.

 

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх