Хайх

Рианнагийн косметикийн брэнд ганцхан сарын дотор Urban Decay-г давж гарлаа

Urban Decay, NYX, Benefit гэх зэрэг алдарт брэндүүдийг ардаа орхисон Fenty Beauty

Рианнагийн косметикийн брэнд ганцхан сарын дотор Urban Decay-г давж гарлаа

Интернет сүлжээ дэхь стратеги ба маркетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Tribe Dynamics агентлаг саяхан брэндүүдийн медиа тавцнаар дамжуулан хийсэн борлуулалтыг дүгнэн дэлгэрэнгүй тайлан гаргалаа. Тус агентлаг энэхүү тайланг бэлтгэхдээ олон нийтийн сүлжээнээс брэндийн онлайн дэлгүүр лүү шилжин орсон худалдан авагчид дээр суурилж, тэдгээр худалдан авагчдын зарцуулсан мөнгөн дүнгээс шалтгаалан брэндүүдийн амжилтыг жагсаажээ.

Медиа тавцан дахь худалдаагаараа хамгийн амжилттай яваа косметик брэндүүдийн жагсаалтад Fenty Beauty гуравдугаар байрыг эзэлсэн байна. Дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан тус брэнд нь 2017 оны есдүгээр сарын 8-нд анхны цуглуулгаа худалдаанд гаргасан бөгөөд хоёр дахь цуглуулгаа аравдугаар сарын 13-нд танилцуулсан билээ.

Fenty Beauty-гийн медиа тавцан дахь есдүгээр сарын нийт орлого 72 сая ам.долларт хүрсэн юм. Ингэснээр залуу брэнд өөрийн амжилтаараа Urban Decay (37 сая ам.доллар), NYX (51,1 сая ам.доллар), Benefit (48,1 сая ам.доллар) гэх зэрэг алдарт брэндүүдийг үүсгэн байгуулагдсанаасаа хойших ганцхан сарын дотор давж гарч чаджээ.

Тайлангаас харахад Fenty Beauty брэндэд хамгийн ихээр орлого авчирсан медиа тавцан нь Instagram (45,2 сая ам.доллар) юм. Харин YouTube тавцан үүнээс дөрөв дахин бага буюу 10,6 сая ам.долларын орлого оруулсан байна.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх