Хайх

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг

Тогтоц сайтай, чийгшил ихтэй, гоёмсог өнгөтэй уруулын будгууд

Адал явдлаар дүүрэн, зугаатай бөгөөд өнгөлөг зуны өдрүүдийг одоо хүртэл дурссаар л байна уу? Тэр дундаа тод ягаан, улбар шар, час улаан гэх зэрэг дулаан улирлын анхаарал татам өнгөтэй уруулын будагнуудтайгаа хагацахад хараахан бэлэн биш байна уу? Бид уншигчиддаа намрын уур амьсгалд бүр мөсөн уусан ороход нь туслах үүднээс шинэ улирлын сэтгэл хөдөлгөм таван өнгийг онцолж байна. Намрын налгар өдрүүдийн адил илүү гүн туяатай, илүү тачаангуй эдгээр өнгөнүүд таны гоёмсог пальто, дулаахан ноосон цамц зэрэгтэй сайхан зохицож, хормын зуур өөртөө итгэлтэй болгоно.

Bourjois - Souffle de Velvet "07 Plum Plum Pidou"

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг (фото 1)

Яг л суфле мэт зөөлөн бөгөөд хөнгөн бүтэцтэй Bourjois брэндийн Souffle de Velvet уруулын будаг нь урууландаа өнгө нэмэхийн зэрэгцээ маш сайн чийгшүүлэхийг хүссэн хүн бүрт таалагдана. Нийт арван цагийн турш өнгөө барьж, чийгшлээ алддаггүй энэхүү будгийн "07 Plum Plum Pidou" гэх жимсгэний өнгө нь Public School брэндийн намар-өвөл 2017 загварын шоу дээр үзэгдсэн юм. Будгийг хурууныхаа өндгөөр хөнгөн тарааж, бага зэрэг хайхрамжгүй түрхэх нь таныг хэтэрхий их хичээл зүтгэл гаргаагүй мэт, байгалийн бөгөөд үзэсгэлэнтэй харагдуулна шүү.

Bourjois Souffle de Velvet 24,900₮

Urban Decay - Vice Lipstick "Blackmail"

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг (фото 2)

Дарсны гүн хөх ягаан өнгөтэй энэхүү гоёмсог будаг нь маш өндөр нягтшилтай тул та урууландаа ганц давхарга түрхэхэд л олон цагийн турш тогтоцтой байх, өвөрмөц өнгө гарч ирэх болно. Philipp Plein брэндийн нүүр хувиргагч уг будган дээр гялгар эффекттэй уруулын будаг давхарласан нь загвар өмсөгчдийг хурц дүр төрхтэй болгож, шийдэмгий ба дэгжин зан чанар нэмж өгсөн байлаа.

Bite Beauty - Amuse Bouche "Eggplant"

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг (фото 3)

Bite Beauty-гийн Amuse Bouche цувралын уруулын будагнууд найрлагадаа 12 төрлийн тэжээллэг тос агуулдаг тул уруул бүхий л өдрийн турш шим тэжээлээр хангалуун байж, чийгшлээр дутагдахгүй юм. Уг цувралын хаш ногоог санагдуулам гүн бор туяатай хөх ягаан "Eggplant" өнгө нь энэ улирлын үндсэн трендүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Erin Fetherson брэндийн загварын шоу дээрх моделиуд энэхүү гоёмсог өнгийг маш бага хэмжээгээр урууландаа түрхэж, ердөө л туяа оруулах төдий ашигласан байлаа. Ингэхийн тулд будгийг уруулынхаа голд түрхэж, үүний дараагаар дээд ба доод уруулаа хооронд нь үрэхэд л хангалттай юм.

Bourjois - Rouge Edition Velvet "03 Hot Pepper"

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг (фото 4)

Ямар ч жагсаалтад үргэлж багтдаг, бүсгүй бүрт зайлшгүй байх шаардлагатай, мөн дизайнер бүрийн бүх цаг үед ашиглах дуртай өнгө бол мэдээж хэрэг улаан юм. Тэр дундаа Bourjois брэндийн Rouge Edition Velvet цувралын "03 Hot Pepper" өнгө нь Jason Wu-гийн загварын шоу дээр үзэгдсэн, бага зэрэг неон шаргал туяатай тун дэгжин сонголт юм. Rouge Edition Velvet будаг нь уруулыг яг л хоёр дахь арьс мэт зөөлөн бүрхэж, шаардлагатай шим тэжээлээр хангаж, 24 цагийн турш өнгөө барих чадвартай гэх олон давуу талтай. Үүнээс гадна матт эффекттэй энэ уруулын будгийг та өдрийн турш шинэчлэх огтхон ч шаардлагагүй байх болно. Будгаа шинэлэг байдлаар түрхэхийг хүсвэл дээрээс нь гялгар будаг давхарлаж, винил эффект өгөөрэй.

Bourjois Rouge Edition Velvet 26,900₮

NARS - Pure Matte Lipstick "Madère"

Энэ намар-өвлийн улиралд туршиж үзэх хэрэгтэй таван уруулын будаг (фото 5)

Хүйтний улирал гэхээрээ л заавал гүн туяатай өнгө түрхэх хэрэгтэй гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Та заримдаа дулаахан ноосон цамц эсвэл хуниастай романтик даашинз өмсөх үедээ нүүр будалтаа ч бас үүний дагуу дэгжин байлгахыг хүсэх байх. Харин үүнд NARS брэндийн Pure Matte Lipstick төгс тохирно. Brock Collection брэндийн нүүр хувиргагч намар-өвөл улирлын шоунд зориулж загвар өмсөгчдийн нүүр будалтыг бүхэлд нь нунтаг ягаан өнгөөр шийдэж өгчээ. Pure Matte Lipstick нь мөн адил чийгшил ихтэй тул уруулыг хуурайшиж, хагарахаас сэргийлж, хамгаалах болно.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх