Хайх

Жүнсүнг Ким: Инээх тусам нүүрний хэлбэр сайхнаар өөрчлөгддөг

Жүнсүнг Ким: Инээх тусам нүүрний хэлбэр сайхнаар өөрчлөгддөг

Гоо сайхны мэс заслын талаарх төөрөгдлүүд болон бодит үнэн

Text: Ж.Чинбат


Дэлхийд гоо сайхны мэс заслаараа тэргүүлэгч Солонгос улсын мэргэжлийн эмч Жүнсүнг Ким Монголд аялахаар ирэхдээ Бюро 24/7-д тусгайлсан ярилцлага өглөө

технологийн дэвшлээр хүн бүрийг өөрийн хүссэн бие галбир, царай зүстэй болгоход нь таатай орчин бүрдүүлсэн Солонгос улсын мэргэжилтэн монголд хоёр дахь удаагаа аялаад буцахад нь бид уулзсан юм. Тэр бол солонгосын алдартай пластик мэс заслын реалити шоугаар төрөлхийн гажигтай төрсөн олон хүмүүсийг өөрчилж, амьдралд нь баяр баясгалан, итгэл найдвар төрүүлсэн ажлуудаараа алдаршсан нэгэн.
Анх монголд ирээд, Тэрэлжид амарч явахад нь түүний тухай сонссон олон бүсгүйчүүд уулзаж, гоо сайхны зөвлөгөө авахыг хүсчээ. Энэ удаа ч тэр бас л оройн зоогийн үеэр ч хүмүүсийн "миний энэ хэсэг ямар байна" гэх сониуч асуултанд дарагдсан ч эелдгээр зөвлөж явжээ. Харин бидэнд Солонгосын болоод дэлхийн олон алдартай, нэр хүндтэй хүмүүст гоо сайхны мэс засал хийсэн хүний өөрийнх нь төрх ямар байх бол гэдэг нь сонирхолтой санагдсан.
Нүдэнд дулаахан царай, найрсаг яриа хөөрөө, үг солих бүрт хөгжилтэй зүйл өгүүлж сэтгэл дүүрэн инээмсэглэх Жүнсүнг Ким эмчээс эерэг энерги мэдрэгдэнэ. Түүнд Beatles гэх бичигтэй усны шилэн аяга их таалагдсан ба Ливерпулийн дөрвөлд тэр маш дуртай гэсэн.
Түүний өгдөг гол зөвлөгөө бол "Хүмүүс гоо сайхны мэс засалд маш их фантазитай ханддаг. Заримдаа энэ нь сайн талаар хэрэг болдог ч заримдаа үгүй. Тиймээс пластик мэс ажилбар хийлгэхээсээ ѳмнѳ хамгийн түрүүнд өөрт тань юу тохирохыг хэлж чадах үнэнч эмч олж, зѳвлѳгѳѳ авч, зарим бүтэхгүй байж болох хүсэлдээ хязгаар тавих хэрэгтэй"-г ойлгуулах юм байна.


Таныг манай оронд аялахаар ирэхэд уулзсандаа баяртай байна. Та энд ирээд мэргэжлийн хүний нүдээр олж харсан онцгой зүйлс юу байна вэ?

Би Монголд хоёр дох удаагаа ирж байна. Гоо сайхны мэс заслын эмч учраас би хүн бүрийг харахдаа дотроо онош тавьж ажигладаг л даа. Миний бодлоор монголчууд солонгосчуудтай маш тѳстэй тѳрхтэй, бидний зарим ДНК адилхан санагддаг. Хятад, Япончуудыг бодвол Монгол, Солонгос хүмүүсийн нүүрний яс илүү том, товгор байдаг.
Харин монголчуудын нэг онцлог нь солонгос хүмүүсийг бодвол илүү барууныхантай тѳстэй санагддаг. Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэндээ их анхаарч, хѳмсѳг, нүд, уруулаа гоё буддаг нь сайхан санагддаг. Хэрвээ та Хятад эмэгтэйчүүдийг харвал тэд бараг л нүүрээ буддаггүй.

Монголчуудад пластик мэс заслыг буруу хийсэн тохиолдол ажиглагддаг уу?

Манайд монголоос олон үйлчлүүлэгч ѳмнѳ нь хийлгэсэн ажлуудаа засуулахаар ирдэг. Миний ажигласнаар Монголд байгаа мэс заслын эмч нар дѳнгѳж анхан шатандаа сурч байгаа хүмүүс харагддаг. Жишээ нь хамарны мэс заслыг 10 минутанд хялбархан хийдэг. Мөн давхрааг сүүлийн үед нимгэн арьстай хүнд зүсэлгүйгээр 1-2 цэг хатгаад л, таван минутанд гаргаж болдог болсон. Давхраа хийлгэх явцад үүссэн сорви эмчийн ур чадваргүй оёдлоос үүсдэг бѳгѳѳд дахин хагалгаанд орж байж арилгадаг. Солонгост хүмүүсийн арьсны онцлогоос шалтгаалаад давхраа хийхэд 30 хувьд нь зүсэлт хэрэггүй байхад, 70 хувьд нь давхраа хийлгэхэд оёдол ордог ба ямар ч сорви үлддэггүй.

Танд хандсан монгол үйлчлүүлэгчид юугаа өөрчлөхийг илүү хүсч байсан бэ?

Дэлхийн олон орноос бидэнд ханддаг л даа. АНУ, Англи, Хятад, Дани, Финланд гэх мэт улсуудын үйлчүүлэгчдээс Монгол хүмүүс маш ѳѳр хүсэл сонирхолтой. Солонгосууд жишээ нь байгалиас заяасан мэт юу ч хийлгээгүй дүр тѳрх биднээс хүсдэг. Харин Монголчууд илүү барууныхантай адил болох хүсэлтэй ирдэг. Тэд том нүд, том давхраа, ѳндѳр хамартай болохыг хүсдэг. Тайланд, Тайвань хүмүүс мѳн Монголчуудтай ижил сонирхолтой.

Францын томоохон мэс заслын компанийн ашигласан силикон нь хөхний хорт хавдар үүсгэх магадлалтайн улмаас эргүүлэн солих зар олон мянган хүнд гаргасан тухай мэдээлэл сонсож байсан. Энэ мэт эрсдэлүүд одоо бүрэн шийдэгдсэн болов уу?

Пластик мэс заслын аюулгүй байдлын хувьд АНУ-д хамгийн хатуу хууль, дүрмээр зохицуулагддаг. Европ харин АНУ-ыг бодвол илүү сул байдаг л даа. Дэлхийд олон тѳрлийн найрлагатай силикон үйлдвэрлэгдэж байна, Тэдэн дотор хүний биед хортой элементүүд орсон зарим силикон ч хүний хөхөнд суулгадаг. Хамгийн хоргүй, найдвартайг нь АНУ болон Солонгост FDA стандартын дагуу мөрдүүлдэг ба итгэмжлэгдсэн газруудад эрсдэлгүй гэсэн үг. Ер нь хамгийн ѳндѳр эрсдэлтэй хоёр ажилбар байдаг. Эхнийх нь liposuction буюу ѳѳх соруулах. Хүн 3000 cc ээс дээш хэмжээнд ѳѳх соруулах бол энэ нь маш эрсдэлтэй. Нѳгѳѳх нь ясны мэс ажилбар бөгөөд ялангуяа эрүү, шанааны хэсэг дээр ажиллах орно. Учир нь тухайн хүн мэс ажилбар хийлгэн, унтаж байхдаа их хэмжээний цус алдаж болзошгүй.

Пластик мэс засалд одоо хэрэглэгддэг ямар тэргүүлэх зэрэглэлийн технологи бий вэ?

Сүүлийн үеийн техник, технологийн тусламжтайгаар бид хүний гавлын ясыг ѳѳрчилж чаддаг болсон. Эрүүг нь нааш нь татах, гавлийн яснаас хасах гэх мэт бүгдийг хийж байна. Үүнд маш нарийн судалгаа, тѳлѳвлѳгѳѳ, хэмжилт хийж байж амжилттай болдог.
Одоо бид дэвшилтэт технологи ашиглан хүний тѳрхийг бүхлээр нь ѳѳр болгон ѳѳрчилж чадна. Солонгос, Ази эмч нар барууныхныг бодвол мэс ажилбартаа илүү мэдрэмжтэй гартай санагддаг. Энэ нь савх хэрэглэдгээс ч болдог байж болох юм. /инээв/
Хүн бүр Солонгосыг дэлхийд тэргүүлэх гоо сайхны мэс засал хийдгийг мэддэг болтол бид АНУ-д маш их суралцаж, хичээсэн. Солонгост гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг олон учир ѳрсѳлдѳѳн ихтэй. Нэг байршилд 400-500, нэг байшинд 4-5 ижил эмнэлэг байх нь хэвийн үзэгдэл. Үүнээс үүдээд бид илүү их сурч мэдэх, бусдаасаа илүү болохын тулд байнга сурч судалж байдаг юм. Арван жилийн ѳмнѳ баруунд АНУ, Азид Япон шилдэг нь байлаа. Харин ѳнѳѳдѳр Солонгос шилдэг нь болсон. Энэ салбарт бид маш олон тѳрлийн шинэ техник технологи, арга барил боловсруулаад байна. Солонгос ѳндѳр технологийн дэвшилттэй нийгэм болсон.

Монгол дахь зарим гоо сайхны мэс заслын газруудад "Бид танд 100 хувийн баталгаа өгөхгүй" гэсэн бичиг харагддаг. Ер нь үйлчлүүлэгчдээ 100 хувийн сэтгэл ханамж өгөх боломжтой юу?

Гоо сайхны мэс засал дээр баталгаа ярих нь зохисгүй л дээ. Яагаад гэвэл хүний нүүр царай бүтээгдхүүн биш шүү дээ. Харин үүнийг тухайн улсын Засгийн газар нь хуулиар шийдвэрлэж ѳгѳх хэрэгтэй байдаг. Жишээ нь, Солонгост сэтгэл ханамжгүй үлдсэн үйлчлүүлэгчдэд хоёр жилийн хугацаатай эргэн засварлуулах баталгаа ѳгѳх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлж болдог. Энэ бүхнээс өмнө нь хамгийн чухал зүйл бол мэс заслын эмч нар үйлчлүүлэгчдээ цаг гарган бүх ажиллагааг маш сайн тайлбарлан, тухайн хүний хүссэн тѳрх ѳѳрт нь тохирох эсэх, үйлчлүүлэгчийн хүсэл хэт фантазитай байна уу, мэс ажилбарын дараа ямар харагдах вэ гэдгийг сайн ярилцсаны үндсэн дээр хагалгаа хийх нь зѳв юм. Бүгдийг тайлбарлах хэрэгтэй.

Алдартай, чадварлаг эмчээр мэс засал хийлгэх нь маш үнэтэй, бас удаан хугацаа шаарддаг гэж сонссон. Үнэнээс шалтгаалж эрсдэл гарах магадлалтай юу?

Солонгост олон гоо сайхны мэс засал хийдэг эмч нар бий ч зѳвхѳн 10 хувь нь л шилдэг нь байдаг. Маш хүнд мэс ажилбар хийлгэх гэж байгаа хүмүүс дадлага туршлагатай хамгийн сайн гэсэн эмч нарт хандах нь зүйтэй. Харин жижиг ажилбаруудыг орчин үеийн техник технологийн тусламжтайгаар хийж байгаа учир ялгаагүй байдаг. Том эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгэх зѳвлѳгѳѳг би ѳгдѳггүй. Тэд хэт том. Олон үйлчлүүлэгчтэй том үйлдвэр шиг л ажилладаг. Би ѳѳрѳѳ том эмнэлэгт ажилласан болохоор эмч нэг хүнд тухайлан анхаарлаа хандуулах зав тун бага байдгийг сайн мэднэ. Солонгост хамгийн туршлагатай эмч нар нь бүгд ѳѳрсдийн жижиг эмнэлэгтэй байдаг. Хэрвээ та туршлагатай сайн эмч дээр очихыг хүсвэл ѳндѳр үнийг тѳлөхѳѳс ѳѳр аргагүй, том эмнэлгүүдийн хямд үнэ чанар дээр тулгуурлан тавигддаггүй.

Монголд зургаан сарын дараа арьс аажмаар татдаг үйлчилгээтэй аппарат бий. Ийм удаан хугацааны дараа үр дүнгээ өгөх хэрэгслүүд хэр бодитой байдаг бол?

Одоогоор маш олон тѳрлийн арьс чангаруулах машин байна. Ultrasonic, radio frequency radiation, Laser гэх мэт. Гэхдээ энэ бүгд нь огцом ѳѳрчлѳлт хийдэг тѳхѳѳрөмж биш юм. Үүнд харин нүүрний арьсны үрчлээнээс хамааран хязгаар тавих хэрэгтэй байдаг. Хэрвээ та хэт унжсан арьсаа дээш нь татах хүсэлтэй байгаа бол хагалгаа хийлгэж, тухайн хэсгийг авахуулахаас ѳѳр арга одоогоор байхгүй. Харин бага зэргийн арьсаа чангалмаар, тэгсэн мѳртлѳѳ нүүрээ зүсүүлж, хэд хоног хѳхѳрсѳн нүүртэй явах дургүй хүнд тэдгээр машин тохиромжтой юм. Энэ машинууд мѳн тухайн хүний арьсны онцлогоос болоод адил, тѳсгүй үр дүн үзүүлдэг. Яг нэг тѳрлийн машинаар мэс хүргэлгүй нүүрээ чангалуулсан хүмүүст нөлөөлсөн үр дүн хоорондоо ѳѳр байдаг. Энэ тѳрлийн машиныг 45 -аас доош нансыханд илүү үр дүнтэй гэж бодож байна. Харин 50 аас дээш насныхан хагалгаа хийлгэн арьсаа татуулбал үр дүн ѳгнѳ.

Ботокс агуулсан шилийг харахад юу ч харагддаггүй гэдэг. Энэ үл үзэгдэгч зүйлийн талаар та юу хэлэх вэ?

Ботокс бол түр зуурын хугацаанд үрчилгээ арилгадаг үйлчилгээ юм. Энэ нь таны үрчлээг эдгээхгүй, бүр мѳсѳн арилгахгүй гэсэн үг. Ботокс зѳвхѳн булчинд нѳлѳѳ үзүүлж чаддаг. Дух, хѳмсѳгний голын үрчлээ, зовхи гэх мэт газар ботокс хийн 4 сар үрчлээгүй явна гэсэн үг юм. Жилд 2-3 удаа тариулна гэсэн үг л дээ. Ботокс хийлгэхэд насны хязгаар байхгүй ч ботокс ѳѳрѳѳ хортой бодис үчир хэрэглэхдээ сайн чанарынхыг нь сонгож, хямд ботоксыг хийлгэхгүй байх нь чухал.

Нүүрний арьс чангалахын тулд хэрэглэгддэг нэг арга болох цус шахах ажилбар ямар үр дүнтэй юм бол?

PRP буюу хүний цуснаас Plasma-г гарган авч (цусны эсийг ялгаруулж авсаны дараа үлдэх хэсэг) хүнд хийдэг арга байдаг л даа. Нүүрний арьсанд ѳнгѳ нэмж, гэгээ оруулдаг түр зуурын хялбар ажилбар юм. Тэгэхдээ энэ нь үрчлээ арилгадаггүй, арьсанд түр зуур нөлөөлдөг.
Гоо сайхны мэс засал хийлгэхэд тохиромжтой нас бий юу?

Улс орон бүр өөр онцлогтой. АНУ-д залуу хүмүүс хагалгаа нэг их хийлгэдэггүй. Харин 18-21 насанд Солонгосчууд нүд, хамарны хагалгаа хийлгэж эхэлдэг. Арван наснаас доош хүнд косметик хагалгаа биш харин гажиг засах ажлууд хийгдэнэ. 16 наснаас ясны хагалгаа хийж эхэлж болно. Яагаад гэвэл 16 наснаас доош хүний яс ургаж, томорсоор байдаг. 20-30 насанд эрүү, хацар гэх мэт ясны гоо сайхны ажилбарууд хийлгэдэг. Энэ насанд хүний арьс маш чанга байдаг учраас яс буцаад арьсанд наалдан хэвийн байдалдаа хурдан ордог. 30 наснаас дээш ихэвчлэн бүсгүйчүүд хѳхний мэс ажилбарууд хийлгэдэг. Хүүхэд тѳрүүлсний дараа хѳх нь жижгэрсэн болон дахин хүүхэд тѳрүүлэхгүй гэж шийдсэн хүмүүс хѳхөндѳѳ силикон хийлгэдэг. 30 насны сүүлээс 40 нас ѳнгѳртѳл үрчлээний эсрэг ботокс мѳн нүдний эргэн тойронд үүссэн үрчлээ болон арьсаа чангалах тѳрѳл бүрийн аргыг хэрэглэж эхэлнэ. 40 ѳнгѳрѳѳд нүдний эргэн тойрны арьс ихээр унждаг. Тиймээс 50, 60 нас гарсан хүмүүс нүүр өргөх (face-lifting) мэс ажилбарууд сонгох жишээтэй. Европчууд маш нимгэн арьстай учир 40 нас гараад л нүүр ѳргѳх мэс ажилбарууд захиалдаг. Aзиуд харин харьцангуй чанга арьстай тул үрчлээ орой үүсч эхэлдэг.

Энэ бүхэн гайхалтай сонсогдож байна. Зарим өөрчилж болохгүй тохиолдлууд гэж бий юу. Хүмүүс төрсний дараах нүүрний сэвхийг лазераар арилгуулах гэж оролдох зэрэг төөрөгдлүүд байдаг бололтой.

Хүүхэд тѳрүүлсний дараа эмэгтэйчүүдийн нүүрэн дээр мелезма гэх бор толбонууд гарч эхэлдэг бѳгѳѳд үүнийг арилгахад маш хэцүү. Лазераар арилгах талаар гоо сайхны эмч нар зѳвлѳдѳг. Энэ бол үнэн биш, лазер үүнийг бүрэн арилгаж чадахгүй. Яагаад гэвэл Мелезма гормоны ѳѳрчлѳлтѳѳс уусдэг. Мѳн хурц нарнаас Melesma үүсдэг гэдгийг анхаарч арьсаа сайн хамгаалж байх хэрэгтэй. Бор толбоны 50 хувийг нь эмчилгээний аргаар эм ууж арилгаж болдог. Дотроосоо Витамин C их ууж хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн Монголчууд мах их хэрэглэдэг нь мѳн арьсанд муугаар нѳлѳѳлдѳг. Мах нь ѳтгѳн хатаадаг бѳгѳѳд энэ нь арьсанд сѳрѳг нѳлѳѳ үзүүлдэг. Арьсаа сайхан байлгахын тулд сайн ус ууж, ногоо, жимс идэн, нарнаас хамгаалах хэрэгтэй ба энэ нь таны арьсыг гайхамшигтай эрүүл харагдуулна.

Нэг асуулт үлдлээ. Пластик мэс засал сонгохгүйгээр хүн гоо сайхан харагдах ямар боломж байгаа бол?

Эцэст нь хэлэхэд хэрвээ та сайхан бодолтой байвал аз жаргалтай болж, таны бие болон тархинаас сайн эсүүд ялгардаг. Та сайхан инээх тусам таны нүүрний хэлбэр хүртэл сайхнаар ѳѳрчлѳгдѳнө. Зарим их сресстэй, уур уцаартай үйлчлүүлэгч нар гоо сайхны мэс засал хийлгэдэг ч тэд хэзээ ч сэтгэл хангалуун болдоггүй. Тэгэхээр хүн дотроо сайхан мэдрэмжтэй байх маш чухал байдаг.

цааш үзэх