Хайх

Нарийн урлаг: Ямар энгэсгийг хэрхэн сонгох вэ

Нарийн урлаг: Ямар энгэсгийг хэрхэн сонгох вэ

Гарын авлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энгэсэг бол эмэгтэй хүн бүрийн косметикийн цүнхэнд байдаг, нүүр будалтанд орлуулах боломжгүй нэгэн чухал зүйл билээ. Бидэнд тэргүүлэх гоо сайхны брэндийн мэргэжилтнүүд энгэсэг сонгох болон түрхэх хэд хэдэн амархан дүрмүүдийн талаар ярьж өглөө

Энгэсэг түрхэх нь нүүр будалтын хамгийн сүүлийн үе шат гэдгийг үргэлж санаарай. Энэ нь бүх давхаргыг бэхжүүлж, гялбаа арилгаж мөн жижиг өөнүүдийг дарж өгдөг. Тохиромжтой суурь тавигдаагүй л бол энгэсэг удаан тогтдоггүй учир суурь будгаас хамааран энгэсгээ сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг брэндийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь хамгийн тохиромжтой.

Энгэсэгний төрөл

Шахмал, нунтаг, "жигнэсэн" гэх гурван төрийн энгэсэг бий. Эдгээр нь хоорондоо бүтэц ба нягтаршлаараа ялгардаг тул түрхэх аргууд нь ч өөр. «Облака Studio» салоны стилист Светлана Лазарева танд доорх зөвлөгөөг өгч байна. "Шахмал энгэсэгний бүтэц нь наалдсан жижиг хэсгүүдтэй тул энэхүү төрөл бусдаасаа илүү нягт байдаг. Иймээс өдрийн цагт зориулсан нүүр будалтад тэр тохиромжгүй. Гэхдээ ийм энгэсгийг гялтганасан төрхийг засч, өөрчлөхийн тулд биедээ авч явж болно. Энэ тохиолдолд урьдчилж нүүрээ косметик цаасаар норгох хэрэгтэйг мартаж болохгүй шүү. Нунтаг энгэсэгний төрөл "задгай" бүтэцтэй учраас маш хөнгөхөн түрхэгддэг. Илүүдэл хэсгүүд нь багсанд үлдэж, нимгэн бөгөөд тунгалаг бүрхүүл бий болгоно. Харин "жигнэсэн" энгэсэг олон төрлийн бүтцийг нэг дор агуулсан, тослогдуу хэрнээ зөөлөн чанартай ба шахмал савлагаатай зарагддаг. Тэдэн дотор эрдэс агуулсан "жигнэсэн" энгэсэг хамгийн байгалийн гаралтайд тооцогддог юм. Аль болох бага силиконтой, их байгалийн гаралтай орцтой байх тусам энгэсэг арьсны нүхийг бөглөж, бохирдуулахгүй. Гол нь ийм энгэсэг бүтэн өдрийн турш тогтохгүй байх магадлалтай".

Энгэсгийг хэрхэн сонгох вэ

Энгэсэг сонгохдоо анхаарах хамгийн чухал зүйл бол арьсны төрөл юм. Энэ  талаар Jane Iredale брэндийн нүүр хувиргагч, брэнд менежер Татьяна Девятова танд  бяцхан зөвлөгөө хүргэлээ. "Шахмал энгэсэг энгийн, бага зэрэг тослогтой ба асуудалтай арьсанд тохиромжтой. Хэрвээ найрлагад нь эрдэс бодисын бичил хэсгүүд болон төвлөрсөн пигментүүд орсон бол уг бүтээгдэхүүн арьсыг бүтнээр нь бүрхэж, өө дарж, дээрээс нь тунгалаг хэрнээ матт эффект бүрдүүлэх болно". Тослог хэлбэрийн энгэсэг хуурай арьсанд сайн тохирно. Нунтаг энгэсэг тослог болон холимог арьсны илүүдэл тос, чийгшлийг шингээхэд  тохирсон хамгийн зөв сонголт байдаг. 

Өнгөний хувьд энгэсэг нүүр, хүзүүний арьсны өнгөтэй яг адилхан байх ёсгүй. Өнгө сонгохдоо хамгийн чухал нь байгалийн гэрэлд харах хэрэгтэй. Эхний ээлжинд байгалийн ягаан болон шар туяатай өнгөнүүдийг эрүүний доод хэсэгт түрхэн, туршиж үзэхийг зөвлөж байна.

Энгэсэг түрхэх аргууд

Serge Lutens брэндийн үүсгэн байгуулагч Серж Лютансын зөвлөж буйгаар энгэсгийг урьдчилан цэвэрлэсэн ба өдрийн тосоор чийгшүүлсэн арьсанд түрхэх шаардлагатай. Хэрвээ та төгс будалт хийхийг зорьж байвал суурь будаг болон өө дарагч хэрэг болно.
Sisley компанийн тэргүүлэх нүүр хувиргагч Наталья Абрамовагийн зөвлөгөөнд: "Эхний арга бол зөөлөн, болж өгвөл байгалийн гаралтай, үстэй өргөн багсаар энгэсгийг түрхэх юм. Багсандаа бага хэмжээний энгэсэг авч, зөөлөн тойрог маягийн хөдөлгөөнөөр түрхэх хэрэгтэй. Энэхүү аргын ачаар арьс төрөлхийн эсвэл хилэн матт харагдах үр дүнд хүрэх боломжтой. Хоёр дах арга бол спонж юм уу порлоноор түрхэх. Порлондоо бага зэрэг энгэсэг авч, духнаас эхлээд хөнгөхөн хөдөлгөөнөөр түрхвэл энгэсэг сайн шингэж, арьсанд нягт бүрхүүл үүсгэнэ". "Шингэн крем-энгэсэг нь хуурай болон энгийн арьсанд тохирно. Ийм бүтээгдэхүүн хуваарилагчтай савлагаатай зарагддаг бөгөөд гартаа багахан хэмжээг авч, нүүрний төв хэсгээс гадна чиглэлд түрхдэг" гэж GetNow Beauty компанийн шилдэг гоо сайхны мэргэжилтэн Анна Муромская нэмж хэллээ.

цааш үзэх