Хайх

Баярын үдэшлэгтээ бэлэн уу? Үс засалтын “trendy” санаанууд

Баярын үдэшлэгтээ бэлэн уу? Үс засалтын “trendy” санаанууд

Туршилт хийх цаг

Text: Ө.Тодгэрэл


Хэт буржийлгасан, бүр тэр дундаа саатай гялалзсан үс аль хэдийнэ хоцрогдсон тул энэ жил тэднийг мартах хэрэгтэй. Энгийн задгай тавьсан үс ч бас хүмүүсийн гайхшралыг төрүүлэхгүй тул аль болох шинэлэг, загварлаг сонголт хийцгээе

Баярын улирал таны бусдаас онцгойрох, зоригтой төрх гаргах үе юм. Төвөгтэй шуусан үс, өвөрмөц гоёл чимэглэл, кино оддын хөвсгөр үс гэх зэрэг нь жилийн бусад сард "арай хэтэрхий" санагдаж болох ч энэ сард та дуртай зүйлээ хийх зөвшөөрөл авсан л гэж бод. Ингээд энэ жилийн тренд болсон мөн хэзээ ч мөхөшгүй сонгодог үс засалтуудаас санаа авцгаая.

1. Шууж сүлжсэн үс

Энэ жилийн үсний гол трендээр сүлжсэн үс тодорсон билээ. Улаан хивс дээгүүр алхах бүхий л одууд дор хаяж нэг удаа сүлжсэн үсээрээ гайхуулаад амжсан. Та ямар ч нүүрний хэлбэр, үсний урттай байсан танд тохирох сүлжээс заавал олдоно.

Франц, бохо, загасан сүүл гэх зэрэг олон төрлийн сүлжээс дундаас бид шууж сүлжсэн үсийг тодотгохыг хүслээ. Энэхүү засалт нь баярын үдэшлэгт төгс тохирч, таныг бусдаас өвөрмөц бас чамин харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно.

"Halo" буюу толгойн орой хэсгийг тойрсон том хуваалтаар сүлжсэн үс, эсвэл "crown" буюу титэм шиг харагдах сүлжээс энэ төрөлд хамрагдах болно. Эдгээр хоёр сүлжээсийг хийхэд бага зэрэг төвөгтэй тул мэргэжлийн хүний тусламж аваарай. Харин гэрийн нөхцөлд, өөрөө сүлжихийг хүсвэл хэдэн сул сүлжээс хийж, толгойгоо тойруулан будлиантай хэв маягаар тогтоогоорой. Ингэснээр та бага зэрэг замбараагүй бохо төрлийн сүлжээс бүтээх болно. Хамгийн гол нь хангалттай их bobby pin бэлдэж тавихаа мартав аа.



2. Хуучин холливуудын ретро увдис

"The Great Gatsby" кино олон бүсгүйчүүдийг байлдан дагуулж чадсан нь зөвхөн царайлаг жүжигчин Леонардогийн гавьяа байсангүй. Тэрээр кинонд хувцаслалт ба үс засалтын дэгжин стиль өөрийн увидасаараа биднийг татаж чадсан билээ. Тэрхүү 1920-иод оны хуучин холливуудын ретро үс засалт трендээс хэзээ ч гарахгүй мэт санагдана. Дэлхийн одууд гэлтгүй олон бүсгүйчүүд энэхүү маш эмэгтэйлэг бас дур булаам үс засалтаар өөрийгөө гоёх болжээ.

Та баярын үдэш энэ төрхийг сонгохоор шийдсэн бол хамгийн гол нь үсээ далий хувааж, өтгөн ба том долгионтой үс засалт гаргаж авах хэрэгтэйг санаарай. Юуны түрүүнд үсний угийг босгодог "мусс" эсвэл "спрэй" хэрэглэж, үсээ сайтар сэнсдэх хэрэгтэй. Дараагаар нь үсээ далий хагалж, дор хаяж 5 см диаметр бүхий үсний хайчийг хөндлөн барьж ороогоорой. Ороосон үсээ буцаагаад мушгин, толгойдоо тогтоох нь чухал. Бүх үсээ ороож дууссаны эцэст хэлбэр тогтоогч "спрэй" цацаад таван минутын дараа суллаарай. Ингээд арзгар шүдтэй самаар үсээ хөнгөн самнаад л таны "va-va-voom" төрх бэлэн болно.



3. Үсний аксесуар

Хавар-зун 2016 загварын долоо хоногийн тайзууд дээр үсний аксесуарууд ноёрхсоныг та санаж байгаа биз ээ. Saint Laurent, Dolce & Gabbana, Marc Jacobs болон бусад дизайнерууд нарийн тууз, эрвээхий зангиа, титэм, хавчаар гэх зэрэг олон төрлийн аксесуарууд санал болгосон. Энгийн атлаа загварлаг төрх бүтээхийн тулд хамгийн гол нь аксесуараа хэтрүүлэхгүй байх нь чухал. Сул сүлжсэн загасан сүүл, мөн сул овоолж доор боосон үс, аль эсвэл гөлийлгөж боосон үс засалт дээр олон биш, харин ганц л аксесуар сонгон зүүгээрэй.



4. Хойшоо самнасан үс 

Бид саяхан Жижи Хадидын хойшоо самнасан гөлгөр үсийг харан, шуугиж суусан билээ. Тэгвэл алдарт загвар өмсөгчөөс гадна Женнифер Лопез, Зендая, Ким Кардашьян, Рози Хаттингтон болон бусад олон алдартнууд энэ трендийг дагаж байна. Balmain брэндийн хэв маяг болсон энэхүү үс засалт нь энгийн хэрнээ хүчирхэг, орчин үеийн, дэгжин бүсгүйн төрхийг гаргана. Хойшоогоо өөгүй гөлгөр болгон самнаж, эсвэл бага зэргийн чийгтэй эффект оруулж болно. Танд хэрэг болох ганцхан бүтээгдэхүүн нь үс хэлбэржүүлэгч "мусс" юм. Толгойн угнаас үсний уртын дунд хэсэг хүртэл мусс түрхэн хойшоо самнаж, үлдсэн доод хэсгийн үсийг сэнсдэж хатаах хэрэгтэй. Толгойн хэлбэрээ даган, аль болох өөрт зохих чиглэлээр самнаарай.



5. Цэмцгэр зангилаа 

Нэгэн зэрэг дэгжин бас зугаатай төрх бүтээхийг хүсвэл "top knot"-ыг сонгоорой. Таны хөөрхөн царай анхаарлын төвд байж, оройн турш үс тань урдуур унжиж саад болохгүй амар байх болно. Энэ нь спортоор хичээллэхдээ замбараагүй овоолчихдог үс засалт биш, харин оройн үдэшлэгт тохиромжтой маш өндөрт боосон, цэмцгэр зангилаа юм. Бүх үсээ дээш овоолох, эсвэл хагас үсээ унжуулж хагасыг нь овоолох, үсээ сүлжиж байгаад овоолох гээд олон сонголт бий.

Эдгээр үс засалт танд тохиромжгүй байвал доорх зурагнуудаас санаа аваарай.

цааш үзэх