Хайх

Маникюрын чиг хандлага: Намар-өвөл 2018

Маникюрын чиг хандлага: Намар-өвөл 2018

Яг одоо хумсаа ямар өнгөөр, яаж будах вэ?

Text: Buro.Mongolia


Сонгодог шийдэл ба бор өнгө

Хар, nude, улаан, хүрэн улаан зэрэг өнгөнүүд нь хэзээ ч моданаас гарахгүй. Тэр дундаа улаан дарсны туяатай бараан будгууд жил бүрийн өдийд илүү гоёмсог харагдаж эхэлдэг уламжлалтай билээ. "Nude өнгөний статус хэзээ ч өөрчлөгдөхгүй. Оффисын нөхцөлд пастель өнгөнүүд тохиромжтой байна" хэмээн CND брэндийн мэргэжилтэн хэллээ.

"Намар-өвлийн улиралд бор өнгөний төрөл бүрийн хувилбарууд тренд болно. Элсэн nude-ээс эхлээд гүн шоколадан бор хүртэлх бүхий л туяануудыг сонгож болно. Мөн зөөлөн бор өнгө сонгох атлаа нэг хуруугаа улбар шар эсвэл неон шар зэрэг тод өнгөөр будах нь сонирхолтой шийдэл болно шүү" гэж OPI брэндийн мэргэжилтэн зөвлөж байна.

Товгор бүтэцтэй маникюр

Өвлийн улирал ойртох үед товгор бүтэцтэй дизайнд анхаарлаа хандуулаарай. Тухайлбал Tadashi Shoji-гийн загварын шоу дээрх шиг төмөр тороор бүрхэгдсэн маникюр, эсвэл Gareth Pugh-ийн санал болгосон шиг абстракт хэлбэр бүхий товгор бүрхүүл сонгож болох юм. Ийм төрлийн дизайн гаргахыг хүсвэл маникюрын мэргэжилтэнд хандаарай. "Энэ улиралд арьсан материалтай хувцас ба аксесуар тренд болж байгаа тул хумсаа ч бас амьтны арьс мэт бүтэцтэй болговол загварлаг харагдана" гэж CND брэндийн мэргэжилтэн онцолж байна.

Матт бүрхүүл

Металлик бүрхүүл хоёрдугаар байр луу шилжиж, матт маникюр эргээд ноёрхож эхэллээ. Орчин үед матт будалт хийхэд зориулагдсан тусгай будгуудаас гадна гялгар будгийг матт болгох чадвартай зориулалтын топ бүрхүүл гэж байдаг болсон. Матт бүтэцтэй тохиолдолд бор өнгөнүүд хамгаас гоё харагддаг шүү.

Дөрвөлжин хээ ба график зургууд

"Минимал стильтэй жижиг эсвэл анхаарал татам том гээд таны сонгох график зураг ямар ч байж болно. Тэр дундаа хар-цагаан өнгөөр хийгдсэн график зургууд илүү сонирхолтой харагддаг" хэмээн CND брэндийн мэргэжилтэн хэллээ.

"Түүнчлэн яг одоо nude өнгийн суурин дээр тавигдсан нарийхан зураас ба цэг гэх зэрэг геометрийн дүрснүүд моданд орсон байгаа. Мөн олон жил дараалан тренд жагсаалтад багтаж байгаа дөрвөлжин хээг ч бас мартаж болохгүй" гэж OPI брэндийн мэргэжилтэн тодрууллаа.

Бичээс

"Хумсан дээрх анхаарал татам, өвөрмөц бичээс одоо ч загварлаг хэвээр байна. Нэг хумсан дээр нэг л үсэг байршуулахыг зөвлөх байна" хэмээн CND брэндийн мэргэжилтэн зөвлөлөө.

Маникюрын чиг хандлага: Намар-өвөл 2018 (фото 1)

Харин ямар маникюр хийлгэх хэрэггүй вэ?

Мэргэжилтнүүд нэгэн үед тренд байсан толин тусгалтай маникюр, неон өнгийн френч будалт, нил ягаан өнгө, "муурын нүд" гэгддэг олон туяагаар уусан гэрэлтдэг будалтаас татгалзахыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх