Хайх

Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг

Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг

Контурингийн шинэ хувилбар

Text: Buro.Mongolia


Зураг:

Өмнөх түүх

Бид энэхүү сэдвийг эхлүүлэхдээ контуринг аргачлалын тухай огт бичихийг хүссэнгүй. Үнэнийг хэлэхэд контуринг гэх аль хэдийнэ мартагдсан үг зарим хүмүүсийн хувьд хар дарсан зүүд мэт санагдаж байгаа байх. Бор эрээн өнгийн хэтэрхий зузаан нүүр будалтыг санаж байгаа биз дээ? Аз болж энэхүү будалтын давлагаа аль эрт дуусч, хүмүүс стробинг гэх хайлайтер ашиглан, нүүрийг гэрэлтүүлдэг илүү байгалийн үзэмжтэй тренд рүү шилжсэн байгаа. Гэхдээ сүүлд ажиглаад байх нь ээ, стробинг давалгаа ч бас олны дунд өндөр амжилт олж чадалгүй, эрчээ алдаж байна. Тэгэхээр одоо ямар будалтын аргачлал хамгийн их эрэлттэй байна вэ гэж үү? Дрейпинг. Энэ шинэ трендийг танд танилцуулахаасаа өмнө бид түүхийг нь ярьж өгөхийг хүслээ.

Таны мэдэж байгаачлан 1960 ба 1970-аад онуудад өөрийн гэсэн будаг хольдог нүүр хувиргагчид тун цөөхөн байсан. Өөрийн будаг холихын зэрэгцээ мөн хэрэглэгчийнхээ арьсны эрүүл мэндэд анхаардаг нүүр хувиргагчид бүр ч цөөхөн байлаа. Харин Америкийн нүүр хувиргагч Way Bandy (Уей Бэнди) тухайн үед мэргэжил нэгтнүүд дундаа хамгийн сэргэлэн бас ухаантай нь байж, арьсыг байгалийн үзэсгэлэнтэй харагдуулах цоо шинэ бүтээгдэхүүнүүд сэдэж, натурал нүүр будалт хийдэг байсан юм. Энэ мэргэжилтний ачаар "дрейпинг" гэх ойлголт үүссэн бөгөөд гол онцлог нь шанааны ясыг контуринг хэрэгслээр биш, харин хацар өнгөлөгчөөр хэлбэржүүлэхэд оршдог юм. Ийм өнгөт гэрэлтүүлэгчээр нүүрнийхээ хэлбэрийг тодотгосны ачаар эмэгтэй хүн илүү цоглог бас байгалийн төрхтэй харагдана.

Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг (фото 1)

Бэндигийн карьер эрчимтэй өсч байна

Тухайн үед Бэнди ийм зэргийн байгалийн нүүр будалтын аргачлал сэдсэнээр дэлхийн хамгийн том алдартнуудын анхаарлыг татаж чадсан. Шер, Мадонна, Фарра Фосетт ба Дайана Росс нар түүний туслалцааг тогтмол авдаг байсан. Дэвид Боуи хүртэл "Aladdin Sane" цомгийнхоо зураг авалтанд зориулж дрейпинг аргачлалыг туршиж байсан удаатай. Товчхондоо бол 1970-аад онуудад Бэнди хамгийн өндөр цалинтай цөөн хэдэн нүүр хувиргагчдын тоонд багтсан. Тэр алдар нэрийнхээ оргилд байхдаа өөрийн гэсэн ном хүртэл гаргаад амжсан байгаа. "Designing Your Face: An Illustrated Guide to Using Cosmetics" гэх түүний ном нүүр будалтын тухай хамгийн сонирхолтой зүйлсийг тоочдог төдийгүй, уншигчдад хэрхэн өнгө ба бүтэцтэй ажиллахыг зааж, хэрхэн өөрийн арьсанд тохирсон нүүр будалт хийхийг харуулдаг билээ. Бэнди энэхүү номондоо нүүр хувиргагчдад хандан, контурингийг зөвхөн нүүрний хэлбэр дээр тулгуурлалгүйгээр, хүний өвөрмөц онцлогийг анхааралдаа авч хийхийг зөвлөсөн байдаг. Түүний энэхүү концепц нь тухайн үед жинхэнэ шуугиан тарьж байсан шүү. Та дрейпинг аргачлалын тод жишээг харахыг хүсвэл интернетээс 1975 оны Vogue сэтгүүлийг олж аваарай. Сэтгүүлийн хуудсууд дээр үзэгдэх загвар өмсөгчдийн нүүр будалт яг л дээр дурдсан аргачлалаар хийгдсэн байгаа. Харамсалтай нь 1986 онд Уэй Бэнди өвчний улмаас таалал төгсөж, гоо сайхны ертөнцөд хүнд гарз учирсан юм. Дэлхийн нүүр хувиргагчид түүний өгсөн зарим зөвлөгөөнүүдийг одоо хүртэл баримтладаг хэвээр ч алдарт дрейпинг аргачлал маш хурдан мартагдсан юм.

Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг (фото 2)

Марк бүгдийг санаж байгаа

Харин 2016 онд дизайнер Марк Жейкобс домогт Уэй Бэндигийн ажлуудыг дурсахаар шийдэж, түүний сэдсэн дрейпинг аргачлалд шинэ амьдрал бэлэглэсэн. Марк "Air Blush Soft Glow Duo" гэх хос өнгөтэй хацар өнгөлөгч худалдаанд гаргаж, хэрэглэгчдэд энэ бүтээгдэхүүний ачаар байгалийн аргаар нүүрээ хэлбэржүүлэхийг санал болгосон юм. Дотроо цайвар бас бараан гэх хоёр төрлийн өнгөтэй энэхүү хацар өнгөлөгч нь дрейпинг хийхэд төгс тохирно. Marc Jacobs Beauty-гийн нүүр хувиргагчид бараан өнгийг шанааныхаа доогуур, харин цайвар өнгийг хацрын төвгөр хэсэгт хөнгөн түрхэхийг зөвлөж байна. Мөн мэдээж хэрэг хоёр өнгийг хооронд нь багсны ачаар уусгах хэрэгтэй. Зарим нэг гоо сайхны блогерууд хацар өнгөлөгчийг мөн хөмсөгнийхөө доогуур, эрүүнийхээ голоор зөөлөн түрхэж, дээгүүр нь хөнгөн хайлайтер ашиглахыг санал болгож байгаа.

Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг (фото 3)Нүүр будалтын шинэ тренд: Дрейпинг (фото 4)

цааш үзэх