Хайх

Нүүрний үс авах тренд: Давуу ба сул талууд

Нүүрний үс авах тренд: Давуу ба сул талууд

Энэ трендийг дагах хэрэгтэй юу?

Text: Buro.Mongolia


Азийн гоо сайхны зах зээлд нэгэн сонирхолтой тренд үүсээд байна. Дермапилинг буюу нүүрний үс авах трендийг Vogue сэтгүүлийн редакторууд туршиж, Sephora брэндийн мэргэжилтнүүд дэмжиж байна.

Дермапилинг, kao sori, эсвэл зүгээр л нүүрний үсийг сахлын хутгаар авах тренд нь нүүрний гадаргуу дээрх үс болон дээд давхаргын арьсыг 45 хэмийн налууд хусах үйлдлийг хэлж байгаа юм. Нүүрний арьсыг гуужуулах ийм төрлийн уламжлалт бус аргачлал нь арьсны гадаргуу дээрх эвэршсэн эсүүдийг устгаж, гадаргууг илүү гөлгөр болгодог байна. Дермапилинг процедурыг хийлгэсний дараагаар суурь крем арьсан дээр илүү гөлгөр түрхэгдэж, бусад косметик бүтээгдэхүүнүүд ч бас илүү сайн уусаж өгдөг аж.

Энэхүү процедур нь анх 2010 онд Япон улсад үүсч, өнөөдөр уг улсын бүх гоо сайхны салонуудад хийгдэж байна. Харин Европ болон АНУ-д дермапилинг чиг хандлагыг гоо сайхны блогерууд Худе Каттан, Лиза Элдридж ба Карли Байбл нар 2016 онд дэлгэрүүлж, Youtube хуудаснаа дунджаар дөрвөн сая гаруй хандалт авсан байдаг.

Үнэн хэрэгтээ дермапилинг нь тийм ч шинэхэн тренд биш юм. Мэрилин Монро, Марлен Дитрих ба Элизабет Тейлор гэх зэрэг олны танил бүсгүйчүүд тухайн үедээ нүүр будалт хийхээсээ өмнө үсээ хусдаг уламжлалтай байсныг мэргэжилтнүүд нэг биш удаа онцолж байсан билээ.

Гэхдээ дермапилингийн үндсэн асуудал юунд оршиж байна вэ гэхээр нүүрний арьсан дээрх хуссан үс долоо хоногийн дараа гэхэд илүү бүдүүн бас ширүүн бүтэцтэй болон, дахин ургадаг. Хэрвээ та нүүрнийхээ арьсыг цэвэрлэж, гадаргууг нь гөлгөр болгохыг хүсэж байгаа бол юуны түрүүнд илүү найдвартай, уламжлалт аргуудыг сонгосон нь зүйтэй. Үүнд химийн пилинг, механик пилинг, лазер өнгөлгөө гэх зэрэг процедурууд хамрагдах юм. Хэрвээ та нүүрэн дээрээ мэдэгдэхүйц их үстэй бол хэд хэдэн давтамжаар хийгддэг лазер эсвэл фото эпиляциг туршаад үзээрэй. Ерөнхийдөө илүү бодитоор хараад үзвэл үс авах уламжлалт аргууд сахлын хутгатай харьцуулбал хэт дахин илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал лазер эпиляци үс авахаас гадна, мөн арьсыг илүү залуужуулж, багахан хэмжээний судасны гажгийг засах том давуу талтай юм.

A post shared by Huda Kattan (@hudabeauty) on

цааш үзэх