Хайх

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд

Нил ягаан туяа, байгалийн өнгө ба төмөрлөг гялбаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид дахин нэг удаа загварын шоунуудыг судалж намрын нүүр будалт, үс засалт болон маникюр дахь 10 гол чиг хандлагыг тодорхойллоо

Нэг улирлаас нөгөө үрүү шилжихдээ үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид тэргүүлэх мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, шилдэг бүтээгдэхүүнүүд болон трендүүдийг тодорхойллоо. Тиймээс есдүгээр сараас эхлээд шинэ төрхүүдээс туршаад үзээрэй.

Намрын эхэн үед байгалийн гоо үзэсгэлэн болон сайхан арьс хамгийн үзэсгэлэнтэй харагддагийг бүү мартаарай.

1. Өтгөн хөмсөг

Хөмсөг засах салонууд бараг бүх томоохон дэлгүүрүүдэд байрших болсон. Харин гоо сайхны брэндүүд хөмсөг будалтад зориулсан тусгай цуглуулгууд гаргаж байна. Орос дахь Chanel-ын тэргүүлэх нүүр хувиргагч Эрнест Мунтаниоль хэлэхдээ "Өтгөн тод хөмсөг "моод" хэвээрээ байгаа. Хөмсөг будахад харандаа, тень эсвэл тусгай гель маягийн будаг хэрэглэж болно" гэж захилаа. "Одоо хөмсөгний хэлбэрийн трендүүд намрын улирал уруу шилжин орно. Илүү байгалийн харагдах, өргөн, сайтар арчилсан, жигд өнгөтэй хөмсөг илүү зохимжтой байна. Мөн хенна* ашиглан хөмсгөө будах арга хүчээ аваад байна. Энэхүү байгалийн арга нь арьсанд будаг оруулж, хөмсгийг өтгөн ба тод харагдуулдаг. Хэрвээ та хэлбэрээ сонгож чадахгүй байвал мэргэжилтэнд хандах нь хамгийн зөв шийдвэр байх болно" гэж Brow Up! салоны мэргэжилтнүүд зөвлөлөө.

* - Энэтхэг, Иран, Пакистанд ургадаг хна гэх олон наст бутархаг ургамлаас гарган авч, арьсан дээр зурдаг будаг

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 1)

2.  Уруулын хурц тод будаг

Хэрвээ хавар-зуны улиралд жимсний цайвар өнгө зохимжтой байсан бол, намар арай бараан өнгөнүүд рүү шилжээрэй.

"Хэрвээ уруулаа тодотгохыг хүсвэл улаан дарсны туяануудтай, бараг хар бараан гэмээр будаг сонгоорой. Энэ тохиолдолд уруулын хүрээг маш цэвэрхэн бөгөөд нягт зурах хэрэгтэй" гэж Эрнест Мунтаниоль хэлэв. "Бараан өнгийн уруулын будаг хэрэглэх үедээ нүдний будгийг аль болох бага хийж, сормуусаа хүртэл будахгүй байвал илүү зохимжтой харагдах болно. Дулаан өнгөтэй будгуудаа дараа хавар болтол хадгалаарай" хэмээн Make Up For Ever-ийн үндэсний нүүр хувиргагч Анна Меркушева сануулав.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 2)

3. Хайхрамжгүй үс засалт

Энэ жилийн гол үс засалтаар сүлжсэн үс тодорсон билээ. "Тэдгээр нь бага зэрэг сэгсийсэн хэв маягтай болсон тул хамгийн сонгодог сүлжсэн үс засалт хүртэл богем өнгө аястай харагдана. Түүнчлэн байгалийн төрх болон хайхрамжгүй байдал харуулсан үс засалтууд моод байх болно. Урт үсэнд Брижит Бардогийн шинэ төрх мэт зөөлөн долгион хамгийн сайхан зохино" гэж Kérastase брэндийн стилист Михаил Арсеньев үздэг аж.

"Өндөр хайхрамжгүй овоолсон үс хамгийн загварлаг байх болно. Энэ засалт нь танд ээмгээ гайхуулах боломж олгох төдийгүй таныг илүү өндөр харагдуулна. Харин энгийн аргаар үсээ боохыг хүсвэл аль болох доор, сул бөгөөд хөвсгөр боолт хийгээрэй" гэж «Фен Dry Bar»-ийн үсний стилист Зина Шлыкова хэллээ.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 3)

4. Гялалзсан төмөрлөг өнгө

Энэ намар, өвлийн гол баатрууд бол төмөрлөг өнгөнүүд юм. Алт, зэс, хүрэл, мөнгөний туяанууд нүд болон хумсыг тань чимж байх ёстой. "Богемийн чик хэв маягтай ягаан алт, хүрэл, бал чулуу болон чийглэг, асфальтын гялалзсан өнгөнүүд ирэх улирлыг чимэх болно" хэмээн Christina Fitzgerald & Kure Bazaar-ын менежер Анна Мельникова ярьж байна. Lanna Kamilina салоны нүүр хувиргагч Людмила Акименко намрын улиралд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүнүүдээс алтан хайлайтер болон төмөрлөг нүдний тень санал болгож байна. "Та гялалзаж, гэрэлтсэн нүүр будалтад дургүй байсан ч гэсэн заавал ч үгүй гялалзсан нүдний тень олж аваарай. Алтлаг, гялалзсан хар, саарал, цэнхэр, ногоон гэх зэрэг өнгөнүүд ирэх улиралд маш эрэлттэй байх болно".

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 4)

5. Байгалийн өнгөнүүд

Намар бол хамгийн баялаг өнгөтэй улирал юм. Жишээ нь шар, улбар шар ба улаан хүрэн навчис, чийглэг асфальт, бараан шороон гэх мэт олон төрлийн туяанууд биднийг хүрээлдэг. "2015 оны намар байгалийн, улиралтайгаа зохицсон өнгөнүүд моод байх болно. Тэдгээр нь тав тухтай, амгалан тайван мэдрэмж төрүүлэм зөөлөн хэрнээ маш нягт, баялаг өнгөнүүд юм" гэж «Фен Dry Bar»-ын маникюрийн мэргэжилтэн Елизавета Федорова хэлж байна. Харин нүдний тень сонгохдоо хул, бор ба карамель өнгө сонгохыг Орос дах Chanel-ын тэргүүлэх нүүр хувиргагч зөвлөж байна.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 5)

6. Хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгч намрын эхэн үеийн гол гоо сайхны хэрэгсэл байх болно. Тоорын өнгөтэй өнгөлөгчийн ачаар борлосон арьсаа тодотгож, харин ягаан туяагаар нүүрний өнгөө сэргээж, шинэхэн төрх олж аваарай. Яг л Burberry-гийн шоун дээрх загвар өмсөгчид шиг маш бага будалттай хэрнээ хацар өнгөлөгчийн ачаар гаргаж авсан алтлаг туяатай арьстай болохыг зорих хэрэгтэй. Харин хамгийн гол мөрдөх дүрэм бол хацар өнгөлөгч ба уруулын будгийн туяанууд хоорондоо тохирох ёстой.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 6)

7. Чёлк

Хэрвээ та үсний засалтаа өөрчилмөөр байвал шинэ улиралд зоригтойгоор чёлк тайраарай. Мөн ямар хэлбэртэй тайралт хийхээ мэдэхгүй байвал Chanel, Giambattista Valli ба Lanvin нарын шоуг дахин нэг удаа үзээрэй.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 7)

8. Тод нүд

Хэрвээ та нүдээ тодруулахаар шийдсэн бол үүнд чухал ач холбогдол өгөөрэй. Мэдээж будалт тод байх хэрэгтэй. Хэрвээ суман хэлбэртэй контур зурах гэж байвал зузаан бас томыг, хэрвээ smoky eyes гаргах бол өвөрмөцийг, хэрвээ тень тавих гэж байвал энэ улиралд моод болж буй өнгөнүүдээс сонгоорой. "Магадгүй та одоо хүртэл тод суман контур зурж үзээгүй бол нэн даруй хурц үзүүртэй, тод лайнер олж аваад зурж сураарай. Яг л улаан уруулын будаг шиг суман будалт нь хүн болгонд зохидог. Түүнчлэн намрын нүдний будалтад бор өнгийн smoky eyes маш эрэлттэй болж байна. Ийм өнгөний улбар шаргалаас шоколадан бор хүртэл бүх туяаг ашиглаарай" гэж Людмила Акименко ярьлаа. Харин та туршилт хийх дуртай нэгэн бол Fendi-гийн шоун дээрх нүд будалтыг санаарай.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 8)

9. Хиппи өнгөнүүд

Хиппи хувцаслалтад ордог бүх өнгөнүүдийг анхааралдаа авч, нүүр будалтдаа нэвтрүүлэх хэрэгтэй. "Хиппи хэв маягийн урсгал энэ улиралд ноёрхох илгэн материал болон нүүр будалтын өнгөнүүдэд тусгагдсан. Улбар шар ба бүдэг шар өнгөнүүд өдөр тутмын будалтад хамрагдаж, хэвшил болсон nude будалтыг хойш нь тавьлаа" хэмээн Анна Мельникова хэллээ. Мөн саарал, бараан ягаан ба жийнсэн цэнхэр өнгөнүүдийг бүү мартаарай.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 9)

10. Гөлгөр үс засалт

Намар-өвөл улирлын шоунууд дээр маш олон гөлгөр, төгс тэгшилсэн үсний засалтууд гарсан хэдий ч Roland Mouret, John Galliano ба Marc Jacobs нарын хувилбар бидэнд хамгаас таалагдсан.

Oribe & Cloud Nine-ийн стилист Вячеслав Рябоконийн бодлоор энэ улиралд зөвхөн хувцаслалтад биш мөн үс засалтад хос хүйсийн хэв маяг ажиглагдах болно. "Үс засалтын шугамууд маш тэгшхэн бөгөөд нямбай байж, харин үс өөрөө маш зөөлөн, гялалзсан, доошоо унжсан байх хэрэгтэй. Мөн тэгш эсвэл ташуу хуваалт зохимжтой. "Богино үстэй бүсгүйчүүдэд тренд болж буй "богемийн тэгш гөлгөр" (шулуун индүүдсэн үс) төрх сайхан зохих болно. Харин урт үстэй бүсгүйчүүдэд зориулж стилистууд доор боосон гөлгөр сүүлтэй үс засалтыг санал болгож байна. Өөр нэгэн хувилбар бол slicked back хэмээх засалт юм. "Бүх үсийг арагшаагаа самнаж, нүүрийг нээж, нуруун дэр гоёмсог геометрийн дүрс үүсгэх хэрэгтэй. Илүү сонирхолтой төрх бүтээхийг хүсвэл бүх үсээ чихнийхээ араар оруулаарай. Мөн хэсэг үс авч нүүрний дагуу унжуулбал бас нэгэн өөр төрх бий болно" гэж Вячеслав ярьж өглөө.

Шинэ улирлын гол 10 гоо сайхны тренд (фото 10)

цааш үзэх