Хайх

Үс будалтын 9 чиг хандлага: Хавар-зун 2018

Үс будалтын 9 чиг хандлага: Хавар-зун 2018

AirTouch гэж юу болох, үсээ хэрхэн будалтын ачаар өтгөн харагдуулах, мөн саарал өнгийн үс хэнд зохих зэргийг эндээс уншаарай

Text: Buro.Mongolia


AirTouch

Өнгөрсөн болон энэ жилийн үс будалтын гол трендүүдийн нэг. AirTouch нь мөн хамгийн эрэлт ихтэй, хийхэд хамгийн хэцүү, удаан аргачлал юм. "Энэхүү аргачлалыг Оросын үсний стилист Владимир Сарбашев сэдсэн бөгөөд одоо энэ нь дэлхий даяар алдартай болсон. Уг аргачлалд няцаах аргагүй хэд, хэдэн том давуу тал бий. Тодруулбал энэ нь ямар ч насны хүнд зохимжтой байдаг, үсийг бага гэмтээдэг, үсийг өтгөн болгож харагдуулдаг, үр дүнгээ удаан хугацаанд барьдаг, эрүүл үсний гялалзсан эффект бий болгодог аргачлал юм" хэмээн Beautylab №7 салоны үүсгэн байгуулагч ярьж байна.

 

"Уг будалтыг хийхийн тулд эхлээд үсийг олон хэсэгт хувааж, хэсэг бүрийг сэнсээр сайтар үлээлгэж, сэнсдсэний дараа гарт үлдсэн хэсэг үсийг цайруулах хэрэгтэй байдаг. Хэсэг үсийг сэнсдэх үед илүү богино бөгөөд нарийн ширхгүүд нь үлээгдэж, гарт илүү бат бөх ба урт үснүүд нь үлддэг учиртай юм. AirTouch будалтыг 4-5 сардаа нэг удаа сэргээн будахад хангалттай" гэж Hair Spot салоны стилист тайлбарлалаа.

Tiger Eye

Энэхүү аргачлалын үр дүнд үс "Барын нүд" чулуутай төстэй өнгөтэй болдог учир энэ нь ийм нэршил авсан юм. "Бороос алтлаг шар өнгө рүү шилждэг энэ будалт нь бараан туяатай арьстай, бараан өнгийн үстэй бүсгүйчүүдэд илүү сайхан зохидог. Tiger Eye будалтыг хийхдээ мөн зарим хэсэг үсийг хагас тунгалаг, цайвар карамель өнгөөр будвал ерөнхий үр дүн нь илүү баялаг болно" хэмээн Hair Spot салоны стилист зөвлөж байна.

 

Балаяж

Шатуш, балаяж ба омбре аргачлалууд одоог хүртэл алдартай хэвээр байна. Гэхдээ эдгээр аргачлалууд нь үе, үе шинэчлэгдэж, илүү байгалийн эффект бий болгох шинэ хувилбарууд гарч байдаг уламжлалтай. "Яг одоо сор тавих сонгодог аргачлалыг балаяжтай хослуулах арга тренд болоод байна. Балаяж будалтын ачаар үс байгалиасаа наранд цайрсан мэт болдог бол, сор тавих нь үсэн дээрх туяануудыг илүү тод ялгарахад тусалж, сонирхолтой болгодог" гэж Beautylab №7 салоны үүсгэн байгуулагч онцоллоо.

Nude

Энэ бол маш тайван, байгалийн, ямар нэгэн огцом шилжилтгүй, үсэн дээрх туяанууд хоорондоо ердөө 1-1,5 тоноор ялгардаг будалт юм. Хэрвээ үс тань байгалиасаа өтгөн бөгөөд будгийн ачаар өтгөн харагдуулах шаардлагагүй бол бүр ганц тоноор жигд будаж ч бас болох юм. "Энэ онд таны өөрийн чинь, байгалийн өнгөтэй үс давамгайлах болно. Nude будалтанд ихэвчлэн нарны дулаан туяанууд сонгогддог. Бага зэрэг улбар шар, цайвар бор, саарал бор, дулаан каштан зэрэг нь нэн тохиромжтой" хэмээн L'Oreal Professionnel брэндийн мэргэжилтэн ярилаа.

 

"Энэ онд хүн бүрийн анхаарал блонд өнгө дээр байх болно. Тэр дундаа саарал, цагаан эсвэл үнсэн туяатай блонд өнгө хамгийн өндөр эрэлттэй байна" гэж Framesi брэндийн арт директор тодотголоо.

Color Relief

Үсний уг нь бараан атлаа бусад хэсэг нь илүү цайвар өнгөтэй байхыг Color Relief будалт гэнэ. Энэ нь үсийг илүү өтгөн харагдуулах шилдэг аргачлалуудын нэг юм. "Бараан өнгөнөөс цайвар руу шилждэг энэ аргачлал нь бараан туяатай арьстай бүсгүйчүүдэд илүү зохимжтой байдаг. Ерөнхийдөө Color Relief аргачлалыг маш олон байдлаар, төрөл бүрийн хувилбараар хэрэгжүүлж болно" хэмээн Hair Spot салоны стилист хэллээ.

Тод өнгөнүүд

Тод, баялаг өнгийн үснүүд сүүлийн хэд, хэдэн улирлын турш томоохон брэндүүдийн тайзнаа үзэгдэж байгаа. Харин энэ онд "нууцлаг будалт" буюу үсний хаа нэг нууц хэсэгт, дотроос нь тод өнгөөр будах аргачлал хүчээ авах болно. "Үсний үндсэн өнгө нь байгалийн туяатай байх атлаа чамархай, шилэн хүзүү эсвэл толгойн орой хэсгийн хэсэг үсийг дотроос нь ягаан, нил ягаан, цэнхэр, ногоон гэх зэрэг тод өнгөнүүдээр будах хэрэгтэй. Өдөр тутамдаа үснийхээ тэрхүү тод өнгөтэй хэсгийг нуух боломжтой гэдгээрээ том давуу талтай юм" хэмээн Beautylab №7 салоны үүсгэн байгуулагч тайлбарлаж байна.

 

Soften

Бараан үсийг илүү өтгөн бөгөөд гялалзсан харагдуулах аргачлал. "Soften аргачлалаар үсээ будахын тулд үснийхээ нэг давхаргыг бараанаар, дараагийн давхаргын цайвраар, дараагийнх нь бараанаар гэх мэт бараан ба цайвар өнгөнүүдийг ээлжлэх хэрэгтэй" гэж Hair Spot салоны стилист онцоллоо.

 

Саарал

Саарал өнгийн бүхий л туяанууд энэ онд тренд болно. Instagram олон нийтийн сүлжээгээр тархаад буй #Grannyhair, #Silverhair, #Greyhair, #Noyellow гэх зэрэг хэштагууд нь энэ чиг хандлагын бас нэгэн баталгаа юм. "Нэгэн жигд саарал өнгийн, эсвэл цагаанаас саарал руу шилжсэн балаяж будалт нь залуу бүсгүйчүүдэд гоёмсог харагддаг. Гэхдээ тэдгээр бүсгүйчүүдийн арьсны өнгө нь зөгийн балны дулаан туяатай байх шаардлагатай. Учир нь хэтэрхий цайвар арьстай бүсгүйчүүд үсээ саарал өнгөөр будвал яг л өвдсөн мэт харагдана" хэмээн Framesi брэндийн арт директор зөвлөлөө.

 

Контуринг

Контуринг гэх үгсийг бид гоо сайхны ертөнцөд нэг биш удаа сонсож байсан. Харин үсний контуринг гэдэг нь үснийхээ ачаар нүүрнийхээ хэлбэрийг хүссэнээрээ "өөрчилж" болох ижил зорилготой аргачлал юм. Тодруулбал гэгээлэг ба бараан өнгийн будгийг нүүрний хэлбэрээс хамааран үсний тодорхой хэсэгт байршуулснаар нүүрний шаардлагатай хэсгийг сүүдэртүүлж, хэлбэрийг нь өөр болгон харагдуулах аргачлалыг контуринг будалт гэж хэлнэ. Энэ аргачлал нь дунд буюу урт үсэнд илүү тохиромжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх