Хайх

Үс будалтын чиг хандлага: Намар-өвөл 2017

Пастель ба цөцгийн блонд өнгийн үс, ургасан мэт эффекттэй үсний уг болон бусад аргачлалууд

Үс будалтын чиг хандлага: Намар-өвөл 2017

"Нэг талаас хараад үзвэл яг одоо маш зөөлөн, байгалийн дулаан туяатай, зөгийн балны блонд өнгө тренд болж байна. Хамгийн гол нь ийм өнгөөр будалт хийхдээ үсний угаа илүү бараан туяатай болгож, цайвар ба бараан өнгөнүүдийн уусгалтыг үл үзэгдэх байдлаар хийж өгөх хэрэгтэй юм. Гэхдээ нөгөөтээгүүр энэ улиралд мөн ямар нэгэн өөр өнгөтэй холилдоогүй, уусгалтгүй цэвэр өнгөнүүд моод болж байна. Энэ нь цагаан шар, бор гээд ямар ч өнгө байж болно" хэмээн Орос дахь Olaplex брэндийн мэргэжилтэн ярьж байна.

 

Цөцгийн блонд, боронзон өнгө ба гүн хар

Саяхныг хүртэл тренд болж байсан цагаан шар өнгийг одооноос илүү зөөлөн туяатай, цөцгийн өнгөнүүд орлох болно. Хамгийн гол нь таны сонгох өнгө дулаан туяатай байх учиртай юм. Ийм зэргийн дулаан өнгөнүүдэд боронзон, кофе ба цайны бор, гүн хар туяанууд хамрагдана. "Нэг өнгийн жигд будалт аажим аажмаар эргээд моодонд орж байна. Тухайлбал уламжлалт Холливүүдийг илтгэх боронзон өнгө энэ улиралд үнэхээр гоёмсог харагдах болно. Ингэж будах нь үсийг илүү байгалийн харагдуулж, гадаад дүр төрхийг илүү сонгодог хэв маягтай болгодог юм. Энэ жил мэргэжлийн үсчид хүйтэн туяатай цагаан шар өнгийг маш ихээр онцолж байсан бол одоо энэ чиг хандлага нь илүү дулаан элсэн туяа руу шилжиж байгаа. Түүнчлэн бүсгүйчүүдийн нэгэн хэсэг дурласан саарал өнгө моодноос гарч байна. Үсийг гэмтээж, эзнээ 10 насаар хөгшин харагдуулдаг саарал өнгө нэг хэсэгтээ л сүүдэрт үлдэх байх" хэмээн Go Coppola салоны бүтээлч захирал хуваалцлаа.

 

Өнгөний шилжилт

Нэг өнгөөс нөгөө рүү шилжих аргачлал одоо хүртэл  ашиглагдсаар байна. Гэхдээ энэ улиралд мэргэжилтнүүд сонгох будагнуудынхаа өнгөн дээр анхаарахыг зөвлөж байна. "Дэлхийн дулаан орнуудад тод өнгөнүүд илүү эрэлттэй байж, хоёр эрс тэс өнгөний ялгаа тренд болдог. Тухайлбал оюу ногооноос цагаан руу, улаан хүрнээс хагас тунгалаг улаан руу, эсвэл улбар шар луу шилжих шийдлүүд мэргэжилтнүүдийн сонголт болоод байгаа" гэж Орос дахь Framesi брэндийн бүтээлч захирал зөвлөлөө.

 

Наранд түлэгдсэн үсний эффект

Энэ нь холливүүдийн алдартнууд дунд үргэлж эрэлт өндөртэй байдаг, бүсгүйчүүдийн хамгийн дуртай будалтуудын нэг юм. Мэргэжилтэн тухайн хүний үсийг эмх замбараагүй байдлаар цайруулж, үсийг аль болох байгалиасаа цайрсан мэт өнгөтэй болгодог. "Яг одоо үсний салбарт баруунд easy chic ба after sun гэх нэршлээрээ алдаршсан байгалийн будалт тренд болж байгаа. Энэхүү будалтыг хийлгэсний дараагаар та яг л дулаан орны далайгаар аялаад ирсэн мэт байгалиасаа цайрсан үстэй болох учиртай. Энэ будалт нь мөн үсийг илүү хөвсгөр бөгөөд өтгөн харагдуулж, үс гэмтээдэггүй давуу талтай. Алтлаг шар, байгалийн зэс, элсэн шар гэх зэрэг өнгөнүүд энэ аргачлалд хамгаас тохиромжтой байх болно" хэмээн «Brow & Beauty Bar Москвичка» салоны стилист ярилаа.

 

Пастель өнгө

Өнгө, өнгийн үсний будалтууд хавар-зуны улирлаас намар-өвөл рүү шилжин орлоо. Цайвар үстэй хүмүүст илүү тохиромжтой энэ шийдэл нь одоо илүү бүүдгэр, пастель туяанууд дээр төвлөрч буйг анхааралдаа аваарай. "Гааны ногоон, нил ягаан, ягаан гэх өнгөнүүдийн бүүдгэр туяанууд эргээд тренд болж байна. Богино үсийг нэгэн жигд өнгөөр, харин урт үсийг олон өнгө хослуулан будаж болох юм" гэж Go Coppola салоны бүтээлч захирал онцолж байна.

 

Омбре

"Сүүлийн хэдэн жилийн турш омбре будалт нь үсний салбар дахь хамгийн алдартай аргачлалуудын нэгт тооцогдож байна. Энэ будалт нь яагаад одоог хүртэл ийм эрэлттэй байдгийг тайлбарлахад тун хялбар. Уг хэсгээрээ бараан атлаа үзүүр рүүгээ цайралттай омбре будалт нь өнгөө удаан хугацаанд хадгалж, нэмэлт арчилгаа шаардах нь тун бага юм" хэмээн Go Coppola салоны бүтээлч захирал нэмж хэллээ.

 

Бараан өнгийн уг ба цайвар өнгийн үзүүр

Ургасан мэт эффекттэй бараан өнгийн үсний уг болон угаасаа эрс ялгагдах цайвар үзүүр нь мэргэжилтнүүд гэхээсээ илүү алдартнуудын дэлгэрүүлсэн чиг хандлага юм. Майли Сайрус, Кара Делевинь гэх зэрэг бүсгүйчүүдээс жишээ авч болно шүү.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх