Хайх

Өвлийн маникюрын таван гол чиг хандлага

Өвлийн маникюрын таван гол чиг хандлага

Nude өнгөөс саа хүртэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид та бүхэнтэй энэ өвлийн хумсны будгийн чиг хандлагаас хуваалцахад бэлэн боллоо. Бидний жагсаалтад хорь гаруй шинэ санаа орсон бөгөөд тэр дунд шинэ жилийн үдэш хэрэг болох хэдэн будалт бий

Товчхондоо бол шинэ улиралд зоригтой хэрнээ нэгэн зэрэг даруухан байх нь загварлаг тооцогдоно. Энэ өвөл бүүдгэр саарал, цэнхэр, хөх ягаан, маргад ногоон, хаки, хагас гэрэлтсэн nude, цагаан туяатай пастель ягаан, төмөрлөг өнгөнүүд болон аливаа саа, гялбаа шилдэг сонголт байх болно. Технологийн хувьд гэвэл хумсны будаг бүтээгчид гэрлийн өнцөгт өнгөө хувиргадаг, халуун хүйтэнд өнгөө хувиргадаг, мөн 3D нөлөөтэй будгууд улам их үйлдвэрлэх болжээ.

1. Геометр ба дүрслэх урлаг

Минималист зурагнууд яг одоо алдар нэрийн оргилд байгаа. Энэ нь геометрийн дүрснүүд эсвэл энгийн зурааснууд байж болно. Мөн хумсны толиог хэдэн хэсэгт хувааж 2-3 төрлийн өнгөөр будах нь ч бас энэ төрөлд хамаарна.

"Өнөөдөр загварын тайз болон хумсны салбарт тод шугмууд, тэдгээрийн зоригтой хослол ба шинэлэг аргачлал тренд болж байна. Хамгийн гол нь тэдгээр дүрснүүд дээр ямар ч саа, гялбаа байж болохгүй гэдгийг санаарай" хэмээн Nail Spot салоны мэргэжилтэн Адесиле Милли ярьлаа.



2. Сувдан гялбаа

Бид шинэ жилийн үдэш тод өнгийн, төмөрлөг туяатай будаггүйгээр хаачих билээ. Энэ жилийн баярт зориулж индранил, маргад, бадмаараг гэх зэрэг үнэт чулууны өнгийг сонгоцгооё.



3. Саа

Гялалзсан будаг тань элс шиг сэвсгэр эсвэл геометрийн дүрс бүхий том саатай, маш бага зэргийн гялбаатай гээд ямар ч бүтэцтэй байж болно. Хэт их гялалзахыг хүсэхгүй байвал саатай будгийг дангаар нь биш, өөр тод юм уу бараан өнгийн будаг дээр бүрхүүл болгон хэрэглэж болно. Харин хуурай саагаар хумсны толийг бүхлээр нь аль эсвэл хэсэгчлэн чимэглэж болохыг бүү мартаарай.

Сааг орлож болох нэгэн сонирхолтой шинэ бүтээгдэхүүн нь хамба хилэн бүтэцтэй, нарийн ширхэгтэй элс юм. Маникюрын мэргэжилтнүүд бүгд л үүгээр хээ угалз бүтээх боллоо. "Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан энэхүү "свитер" хэмээн нэрлэсэн, ноосон цамцны сүлжмэлийг санагдуулам угалзтай будалт охидын сэтгэлийн булаах боллоо. Энэ жижиг тренд шинэ жил болтол үргэлжлэх нь гарцаагүй" гэж Nail Sunny салоны PR захирал Элеонора Мовсисян хэллээ.



4. Мөнхийн сонгодог хэв маяг

Бидний хувьд хэзээ ч трендээс гардаггүй, мөнхийн сонгодог хэв маяг нь улаан ба nude өнгийн будгууд юм. Улаан өнгө маш нийтлэг тул ямар ч төрх дээр сайхан зохицдог. Тэгэхээр танд час улаан, дарсны улаан, бараан хүрэн улаан гэх зэрэг улаан өнгийн олон туяануудаас таалагдсанаа сонгох л үлдлээ. Харин nude будаг хүйтэн эсвэл дулаан суурь туяатай байж болно.

"Босоо ба хэвтээ чиглэлтэй гайхамшигт омбре будалт шараас цэнхэр лүү гэх жишээний тод өнгөнүүдээр шилждэг байсан бол одоо илүү зөөлөн хэв маягтай болж, хоорондоо бараг ялгагдахааргүй nude өнгөнүүдээр шилждэг болсон. Та бүхэн туршаад үзээрэй" гэж Адесиле Милли зөвлөлөө.



5. Уран сэтгэмж

Туршилт хийхээс айлгүй хумсан дээрээ цацраг, абстракт зураг зурж эсвэл янз бүрийн наалт хэрэглээрэй. "Энэ улиралд аливаа шигтгээ, сувд, төмөрлөг өргөс ба хадаас хэлбэрийн наалтууд эрэлттэй байгаа. Мөн хуучны мартагдсан трендүүдээс хотын үзэмж, сансар огторгуй ба чулуун угалзны уран сайхны зургууд эргэн ирсэн" хэмээн Адесилле Милли хуваалцлаа.

цааш үзэх