Хайх

Абстракт зураг ба айсуй цаг

Абстракт зураг ба айсуй цаг

Бүх урлагийн салбар тэсрэлт хийж болох арван жил айсуй

Text: Ж.Чинбат


Эхлээд зураач О.Энхтайваны “Нар сар”, “Шинэ квадрат” абстракт бүтээлүүдийн тухай, дараа нь урлагийн тухай ярилцъя

I

Абстракт зураг ба айсуй цаг (фото 1)

Галерейн хананд "Нар, Сар" гэх нэртэй холимог техник бүхий содон зураг өлгөөстэй харагдана. Шар өнгө нь нарыг шууд илтгэх авч дөрвөлжин нар байх аж. Хөх нар гэдэг шиг энэ нь өөр нарны тухай юм болов уу. Сарыг ч өөр зүйл илтгэнэ. Абстракт зурганд бодит дүрслэл байхгүй учраас бусдыг нь мэдрэмжиндээ даатгаж үлдээе.
Ийм холимог техник ашигладаг, деталь гаргаж, эффекттэй зураг бүтээдгээр нь Ч.Болдбаатар зураачийн бүтээл юм уу гэж анх андуурсан ч энэ бол абстракт зураач О.Энхтайваны /Дүрслэх Урлагийн Их Сургуулийн багш/бүтээл байлаа.
Түүний бүтээл мэдээж Ч.Болдбаатарын зургаас техникийн хувьд өөр, зохиомжийн авалт, утга санаа нь ондоо аж. О.Энхтайван хэлэхдээ "Зохиомжийг авахдаа зарчмуудаас зайлсхийж, бараан өнгөний тоглолт зургийн дээд хавиар байж гэмээнэ хүний нүдэнд эвтэйхэн харагддаг байтал би хажуугийн буланд аваачаад хийчихэж байгаа юм. Тэгэхдээ тийм муу харагдахгүй байгааг олно гэдэг нь зохиомжийн шийдэл өөр гэдгийг илтгэнэ" гэлээ. Мөн зураач нь хэдийгээр абстракт зураач боловч холимог техник ашигласан болохоор уг бүтээлийг контемпорарид ч хамруулж болох юм.

II

Абстракт зураг ба айсуй цаг (фото 2)

"Шинэ квадрат" бүтээлийг О.Энхтайван зурахдаа, зургийг хүн зурж чадах чадвараас илүү харин уг зураг өөрөө хүнд нөлөөлөх байдал нь илүү абстракт байхаар бодож бүтээжээ. Үзэгч харахад үелзэж харагдах өнгөний тонны тэнцлийг олж бүтээсэн ба ямар нэгэн утга санаа, шийдэл агуулагдаагүй байна. Уг бүтээл квадрат биш мөртлөө шинэ квадратыг илэрхийлжээ.

   III


О.Энхтайван нь дөрвөн төрлөөр ажилладаг. Урлаг сонирхогчид түүний нүд, чихний элементээр зурдаг зургуудыг нь сайн мэднэ. Тийм бүтээлүүд нь илүү гүн ухааны чиглэлтэй ба сэдэв нь хүн, хүний далд ертөнцтэй холбоотой. Түүний хоёр дахь хэлбэр болох цэвэр абстракт буюу бодит дүрслэлгүй бүтээлүүд нь байгалийг байгаагаар нь харуулах биш илүү мэдрэмжээр дамжуулж ойлгуулах зорилготой. Мөн тэрбээр "Үйлийн үр", "Сэтгэл" зэрэг инстоляци болон хүрлээр хийсэн баримлын ажлуудтай.

Та далд ертөнцтэй холбоотой бүтээлүүд хийдэг. Тэгэхээр та зэрэгцээ ертөнц байдагт итгэдэг үү?

Итгэнэ. Би харь гараг, нисдэг таваг зэрэг зүйлсийг байгаа гэдэгт итгэж, тэрийг судалдаг зүйлсийн талаар сонирхох хоббитой л доо. Тэгэхдээ тэр бол шашнаас өөр сэдэв юм. Далд ертөнц ч өөр. Миний зурганд байгаа нүднүүд бол Буддын шашинтай, байгаль дэлхийн эрхшээлтэй илүү холбоотой дүрслэгддэг.

Сүүлийн үед үзэсгэлэн олон зохиогддог, олон ч галерейтэй боллоо. Та багш хүн. Энэ бүх үйл явцыг харахад манай орчин үеийн дүрслэх урлаг хөгжиж байна гэж харж болох уу?

Одоо бол жинхэнэ "гоё" үе дээрээ ирж байна гэж би боддог. Үзэсгэлэн олон гарах тусмаа сайн болох байх. Нэг талаар муу гэдэг ч одоо орчин үеийн урлагийн их задралын үе тохиож байна. Тиймээс олон үзэсгэлэн гарч, их үзэж байгаа нь сайн. Ер нь манай урлаг цаг үеэсээ бага зэрэг хоцорч яваа. Одоо тэгтэл нөгөө дэлхийн хэмжээний нөлөөлөл нь бидэнд орж ирээд, хүмүүсийн оюун санаа нь чөлөөтэй хүлээн авч, монголчуудын өөрсдийн унаган авьяас нь хөгжиж байгаа учраас дэлхийд өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн.

Монголчуудын унаган авьяас гэж та юуг хэлж байна вэ?

Ер нь байгальтайгаа холбоотойгоор өнгө, зохиомж, шийдэл нь ондоо байдаг. Бид техникийн талаар жаахан хоцрогдмол ч гол нь мэдрэмж нь өөр. Харин тэдний түвшинд сэтгээд байгаа мөртлөө яг бүтээл хийгээд тавихаар технологи ч юм уу ямар нэг зүйлээр дутдаг.

Гадаадад үзэсгэлэнд оролцохын ач холбогдол нь өөрийгөө болоод монголын урлагаа танилцуулах. Түүнээс гадна зургийг тань худалдаж авах бодит үр дүн хэр гардаг вэ?

Бид нар "Олон улсын уран бүтээлчдийн Монголын холбоо"-ны шугамаар Азид гэхэд Азийн урлагийн холбоодуудтай ажиллаж, 7-8 үзэсгэлэн гаргасан. Германд "Урбан номадс" төсөлд 2014 оны 11 дүгээр сард оролцсоны дараа Тайваньд Азийн урлагийн холбооны үзэсгэлэнд, Хөх хотод Чингис хааны үзэсгэлэнд, Канадад гурван хотод, хамгийн сүүлд Малайзад үзэсгэлэнд оролцоод ирсэн.
Монгол зураачдын зургийг гадныхан худалдаж авна аа. Дэлхий даяар алдартай зураачид олон ч гэлээ тэдэн дотроос монгол зураачдын зураг нэг тийм сонин, өнгөний сонголтоороо өөр байдаг.

"Урбан номадс" төслөөр Германчууд юуг эрэлхийлсэн бэ. Ер нь цаашдаа бид хэр удаан нүүдэлчин байх бол? Энэ чухал уу?

Нүүдэлчин амьдралаа авч үлдэх л зорилго бидэнд байх шиг байна. Ер нь Европын урлаг шинэ сэдвийн мухардалд орж, тэдэнд байхгүй сонирхолтой зүйлсийг дэлхий нийтээс хайж яваад манай нүүдэлчин соёлын элементүүдийг илрүүлж, янз бүрийн холимог урлагийн бүтээл хийгээд байгаа. Одоо л дөнгөж сонирхож эхэлж байгаа энэ чиглэл нь манай урлагийн бүх салбар тэсрэлт хийх боломж олгох арав орчим жилийн хугацаа бидэнд өгч байгаа байх. Гол нь бид өөрсдөө хийсэн бүтээл нь яагаад дэлхийд тийм нэр хүндтэй болж чадахгүй байна вэ? Дэлхий нийтийн урлагийг ойлгодог тэр хэллэгээр нь бид үзүүлж чадахгүй байх шиг. Бид л өөрсдөө хараад ойлгоод байдаг, тэд ойлгодоггүй. Тэгэхдээ тийм хэллэгэд оруулах гэж хэт их холимог урлаг хийх нь дэмий байх.

Та жилд ДУИС-ийг бүх мэргэжлээр 100 гаруй оюутан төгсөж, тэднээс арван жилийн дараа 1-2 нь уран бүтээлч болж байна гэж ярьлаа. Монголд төгсөх, гадаадад төгсөх хоёрт ялгаа бий юу?

Бид сүүлд хийсэн судалгаагаар ДУИС төгсөгчдийн 80 хувь нь огт зураг зурахгүй байгаа ба 20 хувь нь уран бүтээлээ туурвиж байна гэсэн дүн гарсан. Гадаадад сурч мэргэжлээ дээшлүүлэх үр дүнгийн хувьд Монголд төгссөнөөс зарчмын ялгаа байхгүй. Монголын Урчуудын Эвлэлийн хорооны 600 гишүүнээс гадна өөр залуу уран бүтээлчид дотроос идэвхитэй зургаа зурж байгаа 200 уран бүтээлчийг аваад үзэж болно. Тэдний хамгийн шилдгүүдийг нь шагнал, зэргээр нь шалгаруулъя л даа. Төрийн шагналт, олонд танигдсан, зургаараа боломжийн амьдарч байгаа зэргээр нь хараад, тэднийг гадаадад төгссөн, Монголд төгссөн хоёрыг нь хуваабал тэнцүү тоо гарна.

Зуу гаруй жилийн өмнө галерейнууд дахь шинэ үзэсгэлэнгээс олон измийг судлаач, шүүмжлэгчид төрүүлдэг их сонирхолтой байж. Одоо тийм изм нэг их гараад байдаггүй. Цаашид яах бол?

Нэг зураачийн хэлснээр бол энэ олон измүүд зургийг өөр хооронд нь ялгахын тулд л байдаг гэдэг. Тэгэхдээ изм дахиад л хөгжинө. Модерн урлаг нь пост модерн болж өргөжсөн. Дараа нь бид орчин үеийн урлагийг контемпорари гэж нэрлэж байна. Магадгүй одоо нэн орчин үеийн буюу пост контемпорари гэж гарна байх. Тэгээд цаашаа ч шинэ изм төрнө.

 

цааш үзэх