Хайх

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач, Б.Сарнайгийн ярилцлага

Хайр, урлаг, загвар, бясалгалын тухай

Text: Ж.Чинбат


Монголд абстракт уран зургийг анхлан нэвтрүүлсэн Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болдын гэр бүл "Сэтгэлийн уянга" нэртэй хамтарсан үзэсгэлэн нээх гэж байна. Тиймээс бид энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагч Б.Сарнайтай уулзаж ярилцлаа

Урлагийн гэр бүлийн хүмүүсийг оюуны баялаг бүтээдэг" гэж зураач, дизайнер Б.Сарнай ярьж байна. Түүний аав нь Монгол улсын ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд бол ээж нь 30 гаруй жил СУИС-ын Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд багшилсан, Урлагийн гавъяат зүтгэлтэн Я.Оюунчимэг билээ. Харин Б.Сарнай өөрөө зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй бөгөөд мөн СУИС-д багшилж, Цагаандариум арт галерейн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм. Түүнээс бид До.Болд, Я.Оюунчимэг нарын зургууд юу өгүүлдэгийг, уран бүтээлч гэр бүлийн юу нь хамгийн сайхан болохыг, монгол дахь урлагийн бүтээл цуглуулагчдын нийтлэг чанар болон уран бүтээлчид яагаад бясалгалд тэгтлээ их дурладгийг асуулаа. 

Урлагт дуртай уншигчдын сонирхлыг татсан үзэсгэлэн нээх гэж байгаад тань юуны өмнө баяр хүргэе. Хүмүүс зураач До.Болдыг шинэ зургаараа ямар өнгө, зохиомж илэрхийлэх вэ гэж хүлээдэг юм шиг санагддаг. Та энэ үзэсгэлэнд ямар, ямар бүтээлүүд дэлгэгдэх гэж байгааг эхлээд тоймлоод хэлэхгүй юу. 

"Сэтгэлийн уянга" үзэсгэлэнгээр бид зураач, уран бүтээлчид нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг юм шүү гэдгийг харуулж байгаа. Үзэсгэлэнд аав, ээжийн маань зургуудаас гадна шавь нарынх нь олон бүтээл орсон. Одонбаяр, Батсайхан (Маршал галерейн захирал), Солонго, Гандулам, Түвдэндорж зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүд бий. Ерөнхийдөө үзэсгэлэн аав, ээжийн зургуудаас голчлон бүрдсэн. Түүн дотроо Монголын анхдагч абстракт зураг болж байсан бүтээлүүд нь бий. Ерээд он дөнгөж гарсны дараа аав маань Франц, Польшоос танин мэдэж ирсэн урлагийн шинэ төрлөөр зурахад тухайн үед нь хороо, галерейн дарга нар "Гоё сонирхолтой юм байна. Тэгэхдээ наадахаа цааш нь далд хий" гэж хэлдэг байсан гэдэг. 

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 1)Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 2)

Мөн таны аав, ээжийн Репиний академийг төгсөж ирээд зурж байсан хөрөг зургууд харагдаж байна. Аав, ээж нь Ленинградад сурч байсан цагаа дурсахдаа юуг нь илүү их ярьдаг вэ?

Аав, ээж хоёр маань анх Хөгжим, бүжгийн дунд сургуульд дөрөвдүгээр ангиасаа л хамт сурч байсан юм билээ. Дараа нь Ленинградад Репиний урлагийн академид суралцаж байхдаа танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд би бас тэнд анх бий болсон. (Тэгэхдээ Монголдоо төрсөн л дөө). Ерөнхийдөө Оросод харанхуй, бүүдгэр цаг нь их болохоор байнга л зургаа зурдаг байсан гэдэг. Академийн сургалт их хүнд, хэцүү учраас их л удаан цагаар ажилладаг байсан гэж ярьдаг. 

Репиний академийг төгссөн зураачдыг бүгдийг нь мастер ажиллагаатай гэж үнэлэх хүмүүс  их. Таны бодлоор амьдрал дээр үнэхээр тийм байдаг уу?

Мэдээж хэрэг тэнд суурь, үндэс нь маш сайн тавигддаг учраас хүний анатоми сайн, алслалт перспективийн хуулийн дагуу зөв зурагдсан байдаг, гэрэл сүүдрийг тэд сайн гаргадаг. Түүнээс гадна аав, ээжийн багш нар нь Ардын зураач Д.Амгалан, Ардын зураач О.Цэвэгжав гээд мундаг хүмүүс байсан л даа. Сайн, муу гэхийн урьтад хаана ч сурсан бай зургаа зурдаггүй хүмүүс байдаг? Тиймээс хэн их ажиллаж байна тэр хүн их хөгждөг гэж би боддог.

Та ээж, аав хоёрынхоо зургийн хэв маягийг тодорхойлоод хэлэхгүй юу. Энгийн хүмүүс уран зургийг ойлгоход хэцүү зүйл гэж ярьж байгаа нь сонсогддог. 

Аав маань "Хүн зургаас юу олж харах нь үргэлж чөлөөтэй байх ёстой" гэж ярьдаг. Өөрөө зургаараа дамжуулж хөдөлгөөн, зураас, өнгөний тоглолтыг гаргадаг л даа. Зарим хүмүүс зураг үзээд "Би ойлгохгүй байна" гэдэг ч энэ нь тэр хүн өөрийнхөөрөө л хүлээж авч байгаа зүйл бөгөөд бэлэн хариу нэхэх хэрэггүй. Уран бүтээлч хүн хэзээ ч "Та үүнийг ингэж ойлгох хэрэгтэй" гэж үзэгчдэд тулгадаггүй. Манай аавын зургийг хараад хүмүүс "3D зураг шиг байна, энд нэг хүн эсвэл шувуу байна" гэх зэргээр янз бүрээр л хэлдэг. 

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 3)

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 4)Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 5)

Тэгвэл таны нүдээр юу харагддаг вэ?

Ерөнхийдөө аав маань асар өндөр энергитэй хүн гэдэг нь зургаасаа илт харагддаг. Хэдийгээр уран бүтээлчид янз бүрийн шалтгаанаар зан авир нь өөр, өөр байдаг ч аавын маань бодол нь гэгээн, сэтгэл нь их гоё зөөлөн хүн байхгүй юу. Ээжийн бүтээлүүдийн хувьд нарийн мэдрэмжтэй. Хүн нь ч гэсэн өөрөө их уяхан, бүр хэт зөөлөн гэж хэлж болохоор хүн учраас мөн л зурагнаас нь сэтгэлийг нь уншиж болдог. 

Бүтээлд хүний сэтгэл шингэж үлдэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг л тэгдэг байх нь.

Мэдээж зураач хүн бүх сэтгэл, авьяас, оюун бодлоо зориулж хийж байгаа бүтээлд сэтгэл нь шингэж, амьд энерги үлдсэн байгаа нь уншигддаг л даа. Хэвлэмэл зураг, эх уран зураг хоёрыг зэрэгцүүлээд харвал аль нь илүү амьд харагдах вэ?

Тийм ээ, уран зураг илүү харагдана. Сүүлийн үед гадуур хуулбар зураг их олширчээ. Жишээ нь зураач Ж.Мөнхцэцэгийн зургийг хэвлээд, дээр нь оюутнуудаар давхарлаж зуруулсан хувилбар би нэг том компаний оффист харсан юм байна. Хүмүүс магадгүй зураг л бол зураг гэж боддог байх. Та харин эх зураг яагаад тийм чухал үнэ цэнэтэй гэдгийг хэлж өгөхгүй юу. 

Ж.Мөнхцэцэг эгчийн байтугай олон уран бүтээлчийн зургийг зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлэж байгаа нь Монголын уран бүтээлчдийн эрхэнд ноцтой халдаж буй асуудал болж байгаа. Нэг талаас уран зураг өөрөө монгол түмний оюуны баялаг юм. Тиймээс аав, ээж хоёр маань ч бусад зураачид ч баялаг бүтээгчид гэсэн үг. Нөгөө талаар энэ баялаг өөрөө үл хөдлөх хөрөнгө болж өгдөг. Машин, байр жил ирэх тусам элэгддэг. Тэгвэл Ван Гог, Гоген, Сальвадор Далигийн зураг жил ирэх тусам үнэ нь өсөөд байдаг. Яагаад гэвэл тэр бүтээл ганцхан хувь л бий. Тэр ганц хувийг эзэмшиж байна гэдэг нь үнэ цэнийг нь улам нэмэгдүүлдэг. Тэгээд зургийг үр хүүхдүүддээ өвлүүлэх болно. Зураг өөрөө харах бүрт хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг. "Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн учир юу вэ?" гэдэг үг зургийн мөн чанарыг гоё онож хэлсэн. Хүнийг бусад бүх амьтнаас ялгаж байдаг оюун санаанаас төрөн гарсан учраас зураг товчхондоо оюуны баялаг юм даа. 

Та сая В.Инжинаашийн үгнээс иш татлаа. Ванчинбалын хөвгүүд болох Гүлранс, Гүнагчуг, Инжинааш нар бидэнд мэдэгдэж байгаагаар монголын хамгийн эртний уран бүтээлч гэр бүлүүдийн нэг. Тэдний бүтээлүүд зуун дамжин үлдсэн байна. Харин та бидэнд урлагийн гэр бүлийн юу нь хамгийн сайхан байдгийг ярьж өгөхгүй юу. 

Хүмүүс бидний дотор "жинхэнэ би" гэж байдаг шүү дээ. Ээж, аав хоёр маань тэр л жинхэнэ "би" буюу хоёр биенийхээ оршихуйг таньсан тул манай гэр бүл бий болсон. Яг л Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёр шиг бие, биенийгээ олж, дотоод сэтгэлийг нь ойлгож чаддаг байна гэдэг асар том аз завшаан шүү дээ. Тийм хүмүүс биенийхээ зовлон, жаргалыг эд эсээрээ мэдэрч чаддаг нь их гоё. Хэцүү зүйл гарч ирэв ч, ааш зан нь тохирохгүй байв ч тэд нэгнийхээ сэтгэлийг нь ойлгож байгаа болохоор уучилж чаддаг, яах аргагүй ийм зүйл болж дээ гэдгийг нь ойлгож, хүлээн зөвшөөрдөг. 

Урлагийг үнэтэй гэхээс илүү амьдралын бүх зүйлд урлаг байдгийг олж хараасай

Та Цагаан Дариум галерейг ажиллуулж байсан учраас зураг цуглуулагчдыг сайн мэдэх байх гэж бодож байна. Монголд зураг цуглуулдаг хүн хэр олон бэ? Тэдний нийтлэг чанар юу вэ?

Одоо зураг цуглуулдаг хүн олширсон бөгөөд мэдрэмж нь муухан зураачаас илүү мундаг болчихсон. Тиймээс зураач нар цуглуулагчдын нүдийг хуурна гэж байхгүй. Зарим зураачид мөнгө бодоод л хурдхан хийсэн ажил байвал цуглуулагч зураачаасаа илүү олоод харчихна. Тийм урлагийг ойлгодог хүмүүс гарч ирж байгаад би их баярладаг. Чи Модиглианигийн тухай киног үзэж байсан уу?Модиглиани ямар мундаг зурдаг билээ. Тэгсэн хэрнээ зургаа ганц зоосоор ч хүнд өгч чаддаггүй. Би жаахан байхдаа тэр киног үзээд уйлж байсан. Эхнэр нь Модиглианиг ойлгоод л. Хамгийн сүүлд нь тэд хоёулаа амиа егүүтгэж төгсдөг. Ван Гог ч гэсэн амьд байхдаа өөрийнх нь зураг одоо ийм алдартай, үнэ цэнэтэй болно гэж мэдээгүй өнгөрсөн. Тэр утгаараа яг одоо Монголд байгаа уран зураг цуглуулагчиддаа талархууштай санагддаг. Яагаад гэвэл бидэнд тийм зүйл нүүрлээгүй, хүмүүс хүний уран бүтээлийг үнэлж чадаж байна. 

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 6)

Урлаг XIX зуунаас өмнө аристократуудад үйлчилдэг зүйл байсан. Үүнийг эвдэж, бүх хүнд хүртээлтэй болгосноороо олон измүүд гарч ирсэн гэж үздэг шүү дээ. Одоо ч гэсэн сайн зураг, сайхан бүтээл чамгүй үнэтэй. Мэдээж оюуны бүтээл үнэ цэнэтэй байлгүй яах вэ. Тэгэхдээ заримдаа хэтэрхий дээд түвшнийхэнд зориулагдсан мэт санагддаг уу?

Урлагийг үнэтэй гэхээс илүү урлагтайгаар амьдрах тухай хүмүүс хараасай гэж бодож байна. Одоо урлаг гэдэг нэг инсталляц бий болгож байрлуулахаас илүү халиад, тэр хүн яаж биеэ авч явж байна, хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ, тэр байтугай яаж машин барьж байна вэ тэр бүхнээрээ урлаг үзүүлэх боломжтой болсон. Жишээ нь Виенна хотод очиход гудамж нь бүр тэр чигтээ урлаг шиг. Ямар гоё сэтгэл хөөрч, шинэ сайхан юм хиймээр санагддаг билээ. 

Урлагтай амьдрах гэж та гоё хэллээ. Ер нь урлаг сонирхогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг болсон. Тэд голчлон зураг авахаас илүүтэй үзэсгэлэн үзээд л өнгөрч байна. 

Үзэсгэлэн үзэх бол голох биш харин ч сайшааж, магтах зүйл. Гоё сайхан юм чинь хүнийг хөглөж, нэг сонин, шинэ бодол төрүүлж байдаг. Зарим хүмүүсийн бүтээл дотор арай ч хэтрүүлчихсэн юм уу гэмээр зүйлс байгаа л даа. Консептуализм гээд ямар нэг үл ойлгогдох зүйл тавьчихаад үүнийгээ контемпорари арт гэж нэрлээд. Тэгэхдээ түүнийг үзээд хэн нэгэн хүний бодолд оч үүсч л байвал тэр болж байна гэсэн үг.

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 7)

Тэгвэл жинхэнэ урлагийн бүтээл мөн эсэхийг хэлдэг урлаг судлаачид манайд байж чадаж байгаа юу? Ер нь шүүмжлэгчдэд байх үндсэн чанар юу вэ?

Таны хэлж буйгаар урлаг судлаач монголд байхгүй, цөөхөн биш, зөндөө бий л дээ. Тэгэхдээ монголд зураачид олон байдаг ч зах зээл нь бага, уран зураг сонирхож авах зах зээл нь бага болохоор гадаадад сурч, төгссөн шинэ сайн судлаачид энд ирж нэг их ажиллах шаардлага нь гарч ирэхгүй байх шиг. Угтаа бол  урлагийн аль нэг том хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр шүүмжлэл гарснаар тухайн зураач, уран бүтээлчид олонд танигдаж, бүтээл нь зарагддаг. Ер нь бол шүүмжлэгч хүнийг би өөрөө зураг оролдож үзсэн байх хэрэгтэй гэж боддог. Өнгөний мэдрэмжийг мэдэхгүй мөртлөө "Энэ зураачийн зургийг авах ёсгүй" гэж хэлж болохгүй. Их үндэстэй, мэдлэгтэй л байх хэрэгтэй. Мөн нөгөө талаар уран бүтээлчид ганцхан өөртөө таашаал авах гэж хийсэн бүтээлийг нь хүн үзэхгүй, таашаахгүй байвал тэр бүтээл үхмэл болчихож байгаа юм. Хүнд мэдрэмж, ойлголт өгөхгүй бол хэчнээн гоё зүйл хийсэн ч болдоггүй зүйл байдаг шүү дээ. 

Та Японд 2003 онд загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшээд, дараа нь Монголдоо бас хэсэг хугацаанд энэ чиглэлээрээ багшилсан. Тэгэхээр таныхаар загвар зохион бүтээгч болох хүнд ямар шинж чанар байдаг вэ? Үүнийг хараад л мэдэж болох зүйл юу вэ?

Би ерээд оны сүүлээр, зах зээлийн хэцүү үед Японы засгийн газрын тэтгэлгээр сургуульд явсандаа их баярладаг л даа. Тийм болохоор сурч мэдсэн зүйлээ эргээгээд хүүхдүүдэд зааж, өөрөө бас сурсан зүйлээ бататгаад явсандаа баяртай явдаг. Хүнд цаанаас нь заяасан авьяас гэдэг зүйл үнэхээр байдаг учраас та өөрийгөө авьяастай юу гэдгээ эхлээд анзаарч болно. Үүн дээр нэмээд тухайн хүний өөрийнх нь цааш хөгжих гэсэн хүсэл эрэмзэл, чармайлтаас их зүйл шалтгаалдаг. Ер нь ихэнхдээ тэр хүүхэд хэр зэрэг чөлөөтэй сэтгэж байна вэ гэдэг нь чухал.

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 8)

Тэгж өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж чадсан монгол дизайнерыг нэрлээч гэвэл та хэнийг хэлэх вэ? 

Би танай Бюро 24/7-с хэд хэдэн ярилцлага уншиж байсны дотор надад дизайнер Цоло Мөнхийн ярилцлага их таалагдсан. Яагаад гэвэл би тэр хүнийг ойлгож байгаа байхгүй юу. Түүний бүтээл, загварууд монголчуудад одоогоор хүрэх болоогүй ч юм уу, эсвэл монголын нийгэмд хүлээж авах хэрэгцээ нь бага ч байж магадгүй. Тэгэхдээ л тэр хүн өөрийнхөөрөө оршиж, бүтээж чадаж байгаа нь надад их гоё санагддаг.

Уран бүтээлчдэд байдаг нийтлэг нэг зүйл бол нийгмээсээ тусгаарлагдах ч юм уу, ер нь нэг тийм ганцаардлын мэдрэмж байдаг шүү дээ. Танд тийм зүйл тохиолдвол та хэрхэн даван туулдаг вэ?

Би хүмүүстэй өөр, өөр талаасаа нийцдэг, уран зураг сонирхдог найзууд, загвар сонирхдог хүмүүс маань бүгд өөр, өөр хүмүүс байдаг л даа. Тиймээс би нэг хүн бүх зүйлийг ойлгоосой гэж нэхдэггүй. Мөн "Намайг ойлгохгүй байна" гээд гомдоллоод суух эрх байхгүй шүү дээ. Ганцаардах үе хүн бүрт л бий. Ганцаардал хүнд өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, хөгжиж боловсрох боломж олгодог сайн тал бий. Ер нь хүн өөрөө, өөрийгөө авч явж сурах л хэрэгтэй. Би Токиод оюутан байхдаа их ганцаарддаг байсан. Харь оронд, эцэг эхээсээ хол, сэтгэл нэг их хоосон оргидог байлаа. Одоо бол хүүхэдтэй болоод, бясалгал хийдэг болсон болохоор харин ганцаараа байх хугацаандаа яаж их юм амжуулах вэ гэж боддог.

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 9)

Бясалгал та тогтмол хийдэг үү?

Өглөө болгон йогийн амьсгалын дасгал хийдэг, бясалгалд аль болох цаг гаргахыг зорьдог.

Таныхаар бясалгал гэж юу вэ?

Бясалгал төвлөрөл биш л гэдэг юм билээ. Сэтгэл тэлэхээрээ бясалгал болдог гэж бас ярьдаг. Мөн зураг зурахыг ч бясалгалын нэг хэлбэр гэж үздэг. Монет, Пикассоны адил манай Ардын зураач Б.Чогсом багш маань ч сайхан насалж байна. 

Монголын сэхээтнүүдэд нэг хэсэг бясалгал их моод болсон. Үүний учир юунд байсан бол?

Одоо бас бясалгал йогатай хосолж их дэлгэрч байгаа. Ер нь урлаг бодит амьдрал дээр их зөрчилдөөнтэй. Зүүн тархи нь сайн ажилладаг, логик сэтгэлгээ өндөр хөгжсөн хүмүүсийн дэргэд зураач нар хичнээн сайхан зурдаг байлаа ч зарим энгийн зүйлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Эндээс зөрчилдөөн гардаг. Тиймээс хэт их сэтгэл хөдлөхөөс сэргийлж, амьдралтай ойрхон, тэнцвэртэй байхад бясалгал тусалдаг. Ер нь бол амьдралд бүх л зүйл бий. Хэрэв та амьдралыг тэр чигээр нь тэвэрч авч чадахгүй л бол нэг танихгүй зүйл гарч ирэхэд унаад өгч мэднэ. Бид мөнхийн хутагтай биш болохоор зовлон, өвчин зэрэг хэнд ч зайлшгүй тохиолдох зүйлсэд сэтгэлээ тэнцвэртэй л байлгах хэрэгтэй. Урам зоригоор өөрийгөө цэнэглэж, ёстой л урлагтай амьдрах боломж хүн болгонд байдаг.

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 10)

Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 11)Урлагтай амьдрах нууц юунд оршдог вэ?: Зураач,  Б.Сарнайгийн ярилцлага (фото 12)

цааш үзэх