Хайх

Балетмеэйстер Э.Долгормаа Үнсгэлжин бүжгэн жүжгээ толилуулах гэж байна

Балетмеэйстер Э.Долгормаа Үнсгэлжин бүжгэн жүжгээ толилуулах гэж байна

Хоёр дах удаагаа

Text: Ж.Чинбат


Үнсгэлжин сонгодог бүжгэн жүжиг дөрөвдүгээр сарын 8-9нд хоёр дах жилдээ тоглогдоно. Бид энэхүү балетыг дахин тавих санаачлага гаргасан балетмейстер Э.Долгармаатай уулзлаа. Тэрээр бидэнд мөн Москвад суралцаж байх үеийнхээ зарим дурсамжаасаа хуваалцсан юм

Ази тивд анхны балетыг тавьж байсан Монголын сонгодог урлагт сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн балетмейстер нэмэгдээд байна. Тэдний нэг бол 2015 онд Москва хотын Театр урлагийн их сургуулийг найруулагч, дэглээч мэргэжлээр дүүргэсэн Э.Долгормаа юм. Тэрээр анх дипломын ажлаа хийхээр Үнсгэлжин бүжгэн жүжгийг сонгон авсан нь өнөөдөр хоёр дах жилдээ тоглогдож буй хүүхдэд зориулсан сонгодог бүтээл болсон. Түүний анхны санаачлагыг Монголын урлагийн зөвлөл, Хөгжим бүжгийн коллеж, Ub Ballet сургуулийн багш Гэрэлчимэг нар хамтран хөгжүүлж, тус балетыг тайзнаа толилуулсан аж. Харин энэ жилийн хувьд Хөгжим, бүжгийн коллеж бие даан толилуулах болно.  

Балетмеэйстер Э.Долгормаа Үнсгэлжин бүжгэн жүжгээ толилуулах гэж байна (фото 1)

Балетмейстер Э.Долгормаа Москвагийн Театр урлагийн сургуульд маш азтай тохиолдлоор буюу дөрвөн жилд нэг л удаа ирдэг хуваарийн эзэн болж суралцжээ. Тэрхүү Театр урлагийн сургуулийн оюутнуудыг урамшуулдаг нэг гол зүйл нь янз бүрийн сонгодог тоглолтын хөнгөлөлттэй тасалбар байдаг гэнэ. Большой театрын тасалбар гэхэд 20-40 мянган рублийн хооронд хэлбэлздэг ба энэ нь бараг Монголд ирээд буцах үнэ болдог учраас тэнд тоглолт үзэж, хамгийн хайртай бүжигчдээ хэрхэн бүжихийг харах нь ёстой л мөрөөдлийн зүйл байдаг ажээ.

Хэдий тийм боловч Э.Долгормаагийн ангид Большой театрын бүжигчид олон байсан учраас заримдаа ажилчдын мандатаар нь нэвтэрч, нэг давхрын хажуугийн эгнээнээс олон алдартай бүжигчний тоглолтыг үздэг байжээ. Өнгөрсөн өвөл Цөмөөхэй бүжгэн жүжигт МУГЖ Д.Алтанхуягтай хамт том Клара охины дүрд гоцлон бүжиглэсэн Большой театрын бүжигчин Анастасиа Губанова гэхэд Э.Долгормаатай нэг ангид байжээ.

Балетмеэйстер Э.Долгормаа Үнсгэлжин бүжгэн жүжгээ толилуулах гэж байна (фото 2)

Большой театр, Театр урлагийн их сургууль хоёр нэг гудамжинд зэрэгцэн байдаг, тэндэхийн тэмүүлэл дүүрэн амьдралын хэв маяг залуухан балетмейстер Э.Долгормаад шинийг, гоё сайхныг хийх их хүсэл өгсөн гэлтэй. "Хэдийгээр Орос улсад мундаг, сайн бүжигчид олон байдаг ч Монголд тэднээс дутахгүй Г.Цолмон, Ч.Ганчимэг зэрэг олон балетчин бий" гэдгийг тэрээр мөн онцлон хэлж байлаа.

Үнсгэлжин балет Дуурь бүжгийн эрдмийн театрт бус харин Соёлын төв өргөөнд тоглогдох ба үзэгчид үүнд бага зэрэг гайхаж магадгүй юм. ДБЭТ-ын тоглолтын хуваарь жилээр урьдчилан гардаг учраас бүжгэн жүжиг төв театрт тоглогдох боломжгүй болсон аж. Гэвч сонгодог урлагийн мэргэжлийн театр, шоу тоглолтод зориулсан тайз хоёрын ялгааг арилгахаар Э.Долгормаа тэргүүтэй баг хамт олон чамгүй ажиллажээ. Үнэн хэрэгтээ тоглолт ямар газар тоглогдох нь биш харин үзэгчид, бүжигчид хоёрын хооронд амьд мэдрэмж төрж байх нь л чухал юм. 

Тэгэхээр бид одоо балетын ертөнцийг залгамжлах хамгийн залуу үеийн уран бүтээлчдийн бүтээл ямар болохыг үзэх л үлдлээ.

 

 

цааш үзэх