Хайх

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид

Өөрсдийн өнгө төрх, донжоо олсон дотоодын авьяаслаг уран бүтээлчидтэй танилцана уу

Text: Э.Амартүвшин


Зураг: Buro.Mongolia

Сүүлийн жилүүдэд урлаг сонирхогчид уран зураг, уран баримал, керамик зэрэг урлагийн бүтээлүүдийг өөрсдийн мэдрэмжид нь тохирсон гэж үзээд, эсвэл гэр, оффисынхоо дотоод засалд нийцүүлэн чимэглэх зорилгоор худалдан авах, цуглуулах тохиолдол эрс нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан бид өөрсдийн гоо зүйн донжийг олсон, ид танигдаж эхэлж байгаа залуу уран бүтээлчдийг сар бүр сонгон танилцуулах зорилготой шинэ булан нээж байгаа юм.


Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 1)

Б.Баттогтох

@batkalalala


Би бүр хүүхэд байхаасаа л зурах дуртай байсан. Яваандаа дүрслэх урлагийн коллежид элсэж, зураач мэргэжилтэй болсон. Ер нь бол бага багаар дурласаар мэргэжилдээ хайртай болсон гэсэн үг. Дээд сургуулиа төгсөх үеэр зурсан бүтээлүүд маань бага сагаар үнэлэгдэж эхлээд ер нь урлаг гэж юу болох, уран бүтээлч байна гэж ямар утгатай болох зэргээр маш олон талаас өөрөөсөө асууж эхэлсэн. Тэр үеэс л бага багаар судалж, туршсаар л байна. Тухайлбал, анхандаа зүгээр л “гоё” зураг зурчихдаг болох гээд мэрийж байсан бол одоо илүү өөртөө үнэнч, өөрийгөө илэрхийлсэн зураг зурахыг хүсдэг болсон. Уран бүтээлч байна гэдэг ер нь хүнийг өөртэй нь их ажиллуулдаг санагддаг, амьдралын амттай зүйлсэд илүү ойр байлгадаг ч юм шиг.

Зураг зурна гэдэг мэдээж өнгө будаг, хэмжээ, консептоо гаргахаас эхлүүлээд бодох зүйл их байдаг. Яг бодсон, хүссэнээ, байгаагаар нь л илэрхийлэхийг хүсдэг учраас түүндээ хүрчихвэл маш их жаргалтай болдог ч жаахан л дутуудчихвал гутраад, бүр өдөржин зураг зурахгүй зүгээр суучих ч тохиолдол бишгүй бий. Өөрийнхөө хийснийг өөрөө дахин шүүмжлэгчийн нүдээр харж, байнгын засварладаг ба эцэстээ бүрэн дууссан гэж үзсэн үедээ л доор нь гарын үсгээ зураад төгсгөдөг. Захиалгын ажил бол тухайн захиалагчийн хүссэнд нийцэж байвал дууссан гэж үзэх ч, миний өөрийн бүтээлийн хувьд би өөрөө захиалагч болж буй учраас үргэлжид л “ингэчих ч байж уу, тэгчих ч байж уу” гэсэн сэтгэгдэл төрсөөр л байдаг юм. Ингэж мэдрэгдэх нь хугацаа өнгөрөхөд тодорхой хэмжээнд хөгжсөн байгааг минь мөн илтгэж байгаа хэрэг.

Зураг зурах орчин, уур амьсгалаа бүрдүүлэхийн тулд заримдаа Шуман, Бетховен, Вивалди нарын сонгодгууд, эсвэл заримдаа орчин үеийн nu metal хөгжим сонсох нь ч бий. Техник өндөртэй, бэлтгэл сургуулилт их шаарддаг болоод ч тэр үү орчин үеийн сонгодог хөгжмийг металл хөгжим гэж ойлгодог.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 2)
Reason to be /oil on canvas/
Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 3)
Sisters /oil on canvas/

Уран бүтээлчдийн хувьд “би ингэж мэдэрсэн, би ингэж харж байна” гэдэг үгийн ард нуугдалгүйгээр дэлхий даяар хүмүүс ямар түвшинд уран бүтээл туурвиад байгаа талаар маш өндөр мэдлэг, мэдээлэлтэй байж, бүхий л цаг үед уран бүтээлчид тухайн нийгмийн соён гэгээрүүлэгчид байсаар ирсэн гэдгийг ойлгож, хариуцлагатай хандаасай гэж их хүсдэг. Хэн нэгэн галерей ороод нэг бүтээл хараад “өө ямар гоё юм” гээд өнгөрөх биш, бүтээл нь тухайн хүнд ямарваа нэгэн гүн сэтгэгдэл төрүүлж чаддаг байх хэрэгтэй юм. Үүгээрээ үзэгч ч мөн адил өндөр мэдлэгтэй болоход чиглүүлж байх нь зүйтэй санагдаж байна.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 4)
True King /oil on canvas/

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 5)

Ө.Оюусувд

@oooyusuvd


Манай аав уран зурагт их сонирхолтой хүн байгаа юм. Тэгээд Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэх гээд бүртгүүлсэн ч орос хэлний шалгалт дээрээ тэнцээгүйн улмаас чадаагүй л дээ. Гэхдээ өөрөө гарын ур дүй сайтай хүн учраас мужаан, гар урлалын чиглэлээр явсан. Тиймээс намайг бага байхаас минь л урлагт ойр байлгаж хүмүүжүүлсэн учраас миний уран бүтээлч болох эрмэлзэл бүр хүүхэд байхаас л эхэлсэн дээ. Тэгээд л ШУТИС-ийн лицей, Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн ангийг төгссөн. Дараа нь харин Германд суралцах боломж гарч, сургуулиа төгсөөд одоо галерейд ажиллаж байгаа. Энд ирээд л ер нь яг уран бүтээлч болъё гэж шийдэж байсан юм.

Уран бүтээл туурвих нь ямар ч уран бүтээлчид өөрийгөө илэрхийлэх туйлын эрх чөлөөг олгодог байх. Мөн нөгөө талаасаа миний хувьд өөртэйгөө тэмцэлдэх тэмцэл мэт байдаг. Жишээлбэл, би зурахдаа жижиг деталиудад их ач холбогдол өгдөг л дөө. Тэгээд ирэхээр маш их ажил болоод, хүн л болсон хойно түүнээсээ залхаж түүртэж эхлэх нь мэдээжийн хэрэг. Ингэж түүртээд ирэхээр зурж буй зургаа хэр их хичээж зурсан минь, нөгөө талаас зурсан зургаа арилгаж устгах гэсэн хоёр эсрэг эрмэлзлийн зөрчил зурган дээр минь үлдчихсэн байдгийг анзаарах их таатай байдаг юм. Ер нь л өөрөө өөртэйгөө зөрчилдөх хандлагатай, түүнийг даваад гарахад асар их сэтгэл ханамж ирдэг, бараг тэр л мэдрэмжийн төлөө амьдраад буй юм шиг санагддаг шүү. Эмч, эсвэл улс төрч ч юм уу байсан бол мэдээж ижилхэн түүртэх мэдрэмж авах байх л даа. Гэхдээ уран бүтээлч байхын нэг ялгаа, онцлог тал нь хүссэн үедээ өөртөө цаг гаргаад амарчих боломжтой байдаг нь юм шиг. Өөрөөр хэлбэл энэ нь эргээд эрх чөлөөний тухай ойлголттой холбогдож байдаг. Уран бүтээлч байна гэдэг ихэнх тохиолдолд “comfort zone”-доо байдаг учраас надад одоогоор хамгийн тухтай мэдрэмжийг өгч байгаа юм.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 6)
SALI /acrylic, spray on canvas/
Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 7)
LIRO /acrylic, spray on canvas/

Уран бүтээл дээрээ суугаад ажиллах үеэр тухайн үеийн өөрийн сэтгэл хөдлөлийн байдлаас хамаарч сонсох хөгжмөө сонгодог. Германд байдаг болоод ч тэр үү, хөгжмийн сонголтод минь электроник, техно хөгжим нөлөөлөх нь их. Өмнө дурдсанчлан зургаа зураад сууна гэдэг өөртэйгөө зөрчилдөх, ялан дийлэх тулаанд яваад орж буй юм шиг л байдаг учраас хэмнэлтэй, хурц элементүүдтэй хөгжмөөр орчноо бүрдүүлдэг дээ.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 8)
BUWI /acrylic, spray on canvas/

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 9)

Э.Жанцанхорол

@jantsa_


Уран бүтээлч гэдэг хэн нэгэн хүний, хэсэг бүлэг хүмүүсийн, бүр эсвэл амьгүй зүйлийн дуу хоолойг дамжуулдаг хэрэгсэл ч гэж нэг талаараа хэлж болно. Хийсвэр, бодит байхаас үл хамаарч утга санаа, түүх, өгүүлэмжийг дамжуулдаг. Цаашлаад энэ нь хэн нэгэнд, хэсэг хүмүүст ч юм уу хэлэлцүүлэг үүсгэх, хэн нэгэнд нь асуулт гарч ирэх, өдөөгдөх байдлаар илэрч болно. Нэг бодлын дуу хоолой болох гэдэг нь түүх өгүүлэхтэй ч жишихүйц юм шиг. Энэ утгаараа миний зан төлөвт их тохирдог юм болов уу. Эргэн тойронд олон үзэгдэл, үйл явдлууд болж өнгөрөх ба би харин түүнийг нь өөрийн оролцоогоор илэрхийлж бүтээгээд, энэ нь цаашлаад бусад хүмүүсийг ч ижил байдлаар өдөөх тухай л үйл явц юм. Энд мөн тэнцвэрийн асуудал яригдах байх. Миний, эсвэл хэн нэгний үзэл бодол давамгайлчихсан байвал зааж сургасан шинжтэй болчихно. Урлаг бол тийм зүйл биш шүү дээ. Ямарваа нэгэн зүйлийг илтгэсэн, тэр зүйлдээ автуулсан, нөлөөлсөн байж болох ч тулгасан шинжтэй байж болохгүй байх.

Уран бүтээлч гэхээр аливаа зүйлийг өөр нэг байдлаар харж байгаа гэдэгтээ итгэлтэй, түүнийгээ илэрхийлэх эрмэлзэлтэй байх нь чухал. Өдөр тутмын амьдралын судалгаа, ажиглалт зэргээсээ сэдэл авч, саруул ухаанаар бодож бүтээх гэхээс, “онгод орно” гэж ярьдаг шиг хэсэгхэн зуурын хугацаанд гаргалгаа хайж, хүлээх нь орчин үед явцгүй л болчхоод байх шиг. Тиймэрхүү бөө, удган шиг байдлаар урлагт хандах нь энгийн хүмүүс, үзэгчдийг мунхруулаад байгаа хэрэг. Орчин цагт утга оноож чадаж л байгаа тохиолдолд урлаг хэн бүхэнд их ойр зүйл болсон.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 10)
Where Is The Spirit Today?

Бүтээлээ хийх явцдаа аль болох аясаар нь, хүчлэхгүй байхыг эрмэлздэг. Харин гацаад ирсэн үедээ өөр юм хийх ч юм уу, сатаардаг ч өмнө дурдсанчлан бүтээлээ хийх итгэл, эрмэлзэл маань үргэлж намайг хөтөлдөг. Хүмүүс аливаа эвдрэл, гэмтлийг хэрхэн засаж байгааг харах надад сэдэл эрмэлзэл төрүүлдэг шүү. Ямар аргачлалаар, тухайлбал аргацаалаад, “монголчлоод” засчихдаг хүмүүс байхад, ул суурьтай хандах хүмүүс ч бий. Өөр газраар, ялангуяа гадаадад явахдаа багажийн дэлгүүр орох дуртай. Их зарагдаж байгаа багаж бол тухайн нутгийн иргэдэд өдөр тутамд нь ямар асуудал тулгардгийн толь болсон зүйл. Тэдгээрийг нь ажиглах их сонирхолтой байдаг ба уран бүтээл туурвих сэдэл их өгдөг юм. Өөрийгөө хүчлэхгүй, ая тухтай байдалд байхыг хүсдэг ч өөрчлөлтөд бүрэн нээлттэй байдаг.

Buro. Arts: Дүрслэх урлагийн салбарт таны мэдвэл зохих уран бүтээлчид (фото 11)
Where Is The Spirit Today?
цааш үзэх