Asia Pacific Triennial-д монголын дөрвөн уран бүтээлч оролцож байна
Queensland art gallery of modern art
"Урд өмнө нь Монголын уран бүтээлчид Австралид өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байгаагүй" гэдгийг Австралын Бюро 24/7 онцолж, контеморари монгол зураач Б.Баатарзоригийн "Нүүдэлчин" бүтээлийг нийтлэжээ. Ази, Номхон далайн бүсдээ хамгийн чухалд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 36 орны 83 уран бүтээлч оролцсоны дотор уран бүтээлч Д.Үүрийнтуяа, Б.Номин, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү нар анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Тэд хамгийн анх шалгаруулсан шилдэг 25 уран бүтээлчийн жагсаалтад багтжээ.
Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерей дэлхийн урлагийн тавцанд сүүлийн үед хүчтэй, чадварлаг тоглогч болсон. Хятадын Ай Вэй Вэй, Цай Гуо Жанг, Шуу Бин, Занг Шиаган, Японы Такаши Мураками, Яаёои Кусама, Энэтхэгийн Аниш Капур зэрэг олон алдартай уран бүтээлчид энэхүү арга хэмжээнд өмнө нь уригдан оролцож, тус галерей тэдний уран бүтээлийг үнэ нь өсөөгүй байхад олноор нь худалдан авсан. Одоо тэдгээр бүтээлүүдийн үнэ эрс өссөн ба хэдэн сая доллараар үнэлэгдэж байна. Тиймээс олон улсын томоохон музейн кураторууд, урлаг судлаачид энэ арга хэмжээнд ирж шинэ од нээх эрэлд гардаг.
QAGOMA бусад олон улсын чанартай 100 гаруй дүрслэх урлагийн наадмуудаас ялгарах нэг онцлог нь үзэгчдэд дэлгэхээр сонгосон бүтээлүүдийг урьдчилан худалдан авдаг ажээ. Чингихдээ олон улсад тэр бүр танигдаагүй уран бүтээлчдийг нээхээр кураторуудаа олон орон руу илгээж, судалгаа хийлгэдэг байна.
Тэд баруунд аль хэдийнэ нэрд гарсан уран бүтээлчид, эсхүл нэрд гарсан урсгал чиглэл, арга барилуудаас аль болох татгалзахыг хичээдэг. Нийт уран бүтээлчдийн тавиас дээш хувийг жижиг арлын, индиан, аброген гаралтай, эсхүл олон улсын хэмжээнд уран бүтээлүүд нь сайн танигдаагүй монгол, түвд, бутан, непал зэрэг үндэстний онцгой авъяаслаг уран бүтээлчид эзэлжээ.
VIII триенналд үйл хөдлөлийн урлаг, видео, кинетик урлаг, уран зураг, баримлаар дамжуулан уран бүтээлчид өөр өөрсдийн уламжлал, соёл, нийгэм, улс төрийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлсэн байгаа. Монгол уран бүтээлчдийн хувьд монгол зургийн арга техник ашиглан орчин үеийн монголын амьдралыг дүрсэлсэн нийт долоон бүтээлээр оролцжээ. Та монгол зураг болон Б.Баатарзоригийн тухай эндээс дэлгэрэнгүй үзээрэй.
Олон улсын өндөр зэрэглэлийн энэхүү арга хэмжээнд Монгол уран бүтээлчдийн оролцуулах талаар Камберра дахь Монголын ЭСЯ анх Куйнслэндийн орчин үеийн урлагийн музейтэй ярилцаж, энэ дагуу нарийн судалгаа хийсний үндсэн дээр дээрхи уран бүтээлчдийг оролцуулах шийдвэрийг музейн зүгээс гаргасан байна. Судалгаа хийх явц болон уран бүтээлчдийг энэ арга хэмжээнд оролцуулах ажлыг зохион байгуулахад монгол талаас 976 Арт галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Куйнслэндийн орчин үеийн урлагийн галерей хамтран ажиллажээ.