Хайх

Луу бүтээгч Кэйсүкэ Тэшима Монголд үзэсгэлэнгээ гаргана

Луу бүтээгч Кэйсүкэ Тэшима Монголд үзэсгэлэнгээ гаргана

Тэнгэрийн хүчийг таны мэлмийд

Text: Ж.Чинбат


Дорно дахины ард түмэн, тэр дундаа нүүдэлчин Монголчууд лууг эртнээс тэнгэрийн амьтан хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Тэрхүү бэлгэдлийн амьтныг дүрслэх урлагийн Буддист арга ухаанаар зурж бүтээдэг зураач Кэйсүкэ Тэшиматай ярилцлаа

Луу хэмээх амьтан сонсогдох нэрээсээ эхлээд л хүчирхэг, ид шидийн мэт нууцлаг сэтгэгдэл төрүүлдэг билээ. Зураач Кэйсүкэ Тэшимагийн бүтээсэн луунуудад тэрхүү ер бусын байдал нь илүү тод томруун гарсан харагдана. Бага байхаасаа тулааны урлагаар хичээллэж, хожим нь Буддист урлахуйн ухаанд суралцаж, япондоо 200 гаруй сүм хийдийн чимэглэлийг сэргээхэд оролцсон тэрээр тун удахгүй Монголд өөрийн үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Кэйсүкэ Тэшимагийн гол онцлог бол зөвхөн луу зурдаг бөгөөд бийрийн нэг л таталбараар лууны их биеийг дүрсэлдэгт оршдог аж. Япончууд аливаа зүйлийг хийхдээ бодлоо төвлөрүүлж, бие сэтгэлээ нэг болгон зангидаж бүтээвэл тэр зүйл жинхэнэ бөгөөд амьтай болно гэж үздэг. Яг тийм сэтгэлийн хүчийг шингээж бүтээсэн эдгээр луунууд ямар бэлгэдэлтэй болохыг бид түүнээс асууж, тодрууллаа. 

Азийн олон оронд лууг тэнгэрийн амьтан хэмээн дээдлэн шүтдэг бөгөөд бэлгэдэлт чанараараа Монгол, Япон, Хятадад бага зэрэг өөр байдаг. Тухайлбал анх Монголын тал нутагт оршиж байсан нүүдэлчин улсууд төрийн хэмжээний бэлгэ тэмдэг болгож байсныг Хүннү гүрний нийслэл Луут хотын нэр, их шаньюйгийн титэм, бүсний арал дээрх дүрслэлээс харж болдог. Хожим нь Их Монгол улсын Юань гүрэн энэ уламжлалыг сэргээж, цэнхэр лууг төрийн бэлгэ тэмдэг болгож байжээ. Юань улсын дараа хятадад байгуулагдсан Мин улс мөн лууг төрийн сүлд, шүтээнээр өвлөн авснаар дэлхий нийт лууг зөвхөн хятад оронтой холбож ойлгох болсон юм. Дараа нь нүүдэлчин угсааны Манжууд Мин улсыг халж, өөрсдийн Чин гүрнээ байгуулахдаа мөн л Монголчуудын төрт ёсны уламжлалаас "суралцаж" лууг үндсэн сүлд тэмдэгээ болгосон байдаг.  Харин япончууд лууг хэрхэн харж, хүндэтгэдэг юм бол?

Сайн байна уу. Таныг манай уншигчдад зориулан ярилцлага өгч байгаад бид их баяртай байна. Та ярилцлагын өмнө өөрийгөө танилцуулна уу.

Намайг Кэйсүкэ Тэшима гэдэг. Би хүүхэд байхаасаа эхлэн каратэгаар хичээллэж, Япон орныхоо уламжлалт соёл, урлагт хайртай болж өссөн. Одоо би 41 настай бөгөөд өнгөрсөн хугацаанд Япон улс дотроо 200 гаруй сүм хийдийн чимэглэл зургийг сэргээх ажилд гар бие оролцсон юм. Тэгэж явахдаа би бийрийн нэг таталбараар луу зурдаг урлагтай танилцаж, өөрийн өв соёлоо үнэхээр их шүтэн биширсэн. Луу зурах техникт би гурван жил суралцаад, 2009 оноос хойш зураачийн ажлаа эхлүүлсэн дээ. Зураач болоод нэг жил болсны дараа би Гинзад анхныхаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш би Японы ёс заншил, соёлыг сурталчлах зорилгоор Америкийн Флорида мужийн Петерсбургийн Их Сургууль, "Safety Harbor" музейд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ тогтмол зохион байгуулж байна. Мөн Макао, Тайвань зэрэг орнуудад өөрийн уран бүтээлээ танилцуулсан үзэсгэлэнг гаргаж байсан. 

Лууг зурахдаа бийрээ салгахгүйгээр зурдаг тэрхүү аргачлалынхаа талаар та дэлгэрэнгүй ярьж болох уу?

Луу зурахдаа бийрийн зураасаа таслалгүй, нэг таталбараар гүйцэтгэх нь луу бөгөөд хүн хоёрын дунд амьд холбоо бий болгож, тэдний дунд үүрдийн хувь заяа бий болгож байгаа бэлгэдэлтэй юм л даа. Бийрийн үзүүрээс минь төрөн гарсан луу заримдаа хүчтэй, ширүүн дүр төрхийг ч гаргаж мэднэ. Би зургийн энэ техникийг сурах гэж гурван жилийн турш бие даан суралцсаны эцэст одоогийн амжилтандаа хүрч чадсан. Эдогийн эрин үеэс /1603-1868/ уламжилж ирсэн энэхүү соёлыг цаашид хадгалж явах нь миний үүрэг гэж би итгэдэг. 

Луу таны хувьд ямар утга учиртай амьтан бэ?

Би луу зурахдаа өөрийн бүтээлээрээ дамжуулан өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүхээ өнөө цаг үетэй уялдуулан холбож, хүмүүст илүү ойр байгаасай гэж хандаж хийдэг. Тиймээс луу миний хувьд өөрийн өв соёлоо Япон улсдаа ч, гадаадын орнуудад ч таниулах гол зүйл минь юм. 

Таныг зургаа Буддист арга барилаар бүтээдэг гэж хэвлэлүүдэд бичсэн байсан. Энэ нь юуг хэлж байгаа юм бол?

Буддист арга барил гэдэг нь хүмүүсийг аливаа сөрөг муу зүйлээс хамгаалах сахиус болог гэж лууг аравнайлж зурдаг тэр онцлогийг хэлж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд Япон улсын газрын зураг лууны дүрстэй их ижил харагддаг. Бид эрт дээр үеэс л байгаль дэлхийг арвин ургац өгөөсэй гэж гуйж, аливаа үйл хэрэг маань үр өгөөжтэй бүтээсэй гэж лууг сахиус болгон тахиж, шүтдэг байсан. Яг л түүнтэй адилаар би хүмүүст жинхэнэ сахиус болж чадах луу бүтээх гэж зургаа аравнайлж бүтээдэг. Хүмүүс лууг өөрийн хамгаалагч хэмээн итгэн, бэлгэшээж чадвал тэр хүний аз хийморь гийнэ гэдэг. Ерөнхийдөө луу дээшээ болон доошоо харсан дүрслэл нь хоёр өөр утга, бэлгэдэлтэй. Өөдөө тэмүүлсэн луу ажил хэрэг бүтэх, аз хийморь дуудах агуулгатай байдаг бол уруу харсан луу нь эзнээ сөрөг энерги, хар цагаан хэл амнаас хамгаалах сахиус болно гэж үздэг. 

Луу бүтээгч Кэйсүкэ Тэшима Монголд үзэсгэлэнгээ гаргана (фото 1)

Та ихэвчлэн өдрийн ямар үед зургаа зурдаг вэ?

Тусгайлан тогтсон цагт зурдаггүй. Миний уран бүтээлийг үнэлж өөрийн сахиус болгон зуруулъя гэсэн хүнд зориулж чин сэтгэлээсээ цэг зураас болгоныг хичээнгүйлэн зурдаг. Зарим тохиолдолд би луугаа сваровский шигтгээгээр чимэглэж, хүмүүсийн захиалгыг улам гоёмсог болгож өгдөг юм. Тийм захиалгаар бүтээсэн зургуудаа би японоос шуудангаар илгээх үе ч байдаг.

Та өөр төрлийн зураг зурдаг уу?

Луунаас өөр зүйл зурдаггүй.

Таны дуртай уран бүтээлчид хэн бэ?

Ёшида ах дүүс болон Солонгосын BIG BANG хамтлаг

Та хэзээнээс тулааны урлагаар хичээллэж эхэлсэн юм бэ?

Би зургаан настайгаасаа эхлээд 14 жил каратэгээр хичээллэсэн. Миний багадаа сурсан тулааны урлаг одоо намайг луу зурдаг болоход их нөлөөлсөн болов уу.

Тулааны урлаг хүнд ямар сайн нөлөө үзүүлдэг вэ?

Тулааны урлагаар хичээллэснээр хүнд талархах сэтгэл бий болж, ёс жаягийг дагах сахилга бат суудаг. Хүн хүч чадалтай, өөртөө итгэлтэй, зориг тэмүүлэлтэй болохын зэрэгцээ дотоод сэтгэлээ удирдаж чадахуйц тэвчээр, хатуужилтай нэгэн болж хүмүүжнэ. Мэдээж японы уламжлал, ёс жаягаас бас суралцана. 

Хүмүүс таны бүтээлээс юуг хамгийн их сониучирхан асуудаг вэ? Мөн өрнө, дорнын хүмүүсийн хүлээж авах хандлага нь юугаараа өөр байдаг вэ?

Хүмүүс бийрийн нэг таталбараар луу бүтээдэг нь ямар учиртай вэ гэж их асуудаг л даа. Мөн лууны зураг ямар агуулгатай байдгийг, лууны хумсны тоо ямар бэлгэдэлтэйг их сонирхдог. Лууг мэддэг Азичуудаас өөр барууны хүмүүс хүлээж авах нь мэдээж хэрэг өөр, өөр байдаг. Намайг луу зурж байхад миний хажууд хараад зогсож байсан хүмүүс "Маш төгс мэдрэмж мэдэрлээ" гэж олон удаа хэлж байсан. Европчууд бас миний бүтээлийн өнгөний хослол, лууны ерөнхий төлөв байдлыг хараад урлагийн нарийн мэдрэмжтэй бүтээл байна гэж дүгнэх нь ч бий. 

Таныг монгол улсад ирж өөрийн үзэсгэлэнгээ танилцуулж байгаад баяр хүргэе. Манай оронд ирэх санаа анх танд хэзээ, яаж төрсөн бэ?

Эртнээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлоо дэлхий нийтэд сурталчлах хүсэлтэй нэг хамтрагч маань Монголд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах санал тавьсан.

Монголчууд дорнын ард түмэн учраас эртнээс лууг ертөнцийн дөрвөн хүчтэн хэмээн хүндэлж, шүтсээр ирсэн. Та бидэнд хэчнээн төрлийн зураг танилцуулах вэ? Мөн хүмүүс хүсвэл таны зургийг өөрийн болгож болох уу?

Би үзэсгэлэндээ 15-20 төрлийн зураг танилцуулах төлөвлөгөөтэй байна. Үзэсгэлэнд гарсан бүтээлээс маань авах хүсэлтэй хүнд би дуртайяа бүтээлээ өгөх болно. Мөн хүмүүс арванхоёрдугаар сарын 7-с өмнө өөрийн хүссэн загварыг захиалж, надаар зуруулж болно. Би арванхоёрдугаар сарын 5-9-ний өдөр хүртэл Монголд ажиллах учир арванхоёрдугаар сарын 8-нд хийх уран бүтээлийн үдэшлэг дээр өөрийн биеэр гардуулж өгөх боломжтой.

Таныг бидэнд өөрийн бүтээлийн талаар ярьж өгсөнд баярлалаа. 

Баярлалаа. 

Хэрэв та эдгээр лууны зургуудыг өөрийн болгохоор захиалга өгөхийг хүсвэл доорх утсаар холбогдоорой.  9915-0347, 9909-3654

 

цааш үзэх