Хайх

Леонардо Да Винчигийн "алдагдсан" зураг 450 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоолоо

Christie’s дуудлага худалдаагаар

Леонардо Да Винчигийн "алдагдсан" зураг 450 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоолоо

Text: Бюро 24/7

Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотод Christie's компанийн дуудлага худалдаагаар алдарт зураач Леонардо Да Винчигийн "Salvator Mundi" нэртэй уран зураг 450,3 сая ам.доллараар худалдаалагдлаа. Ойролцоогоор 500 жилийн настай энэхүү уран зураг нь түүхэндээ дуудлага худалдаагаар зарагдаж байгаа хамгийн өндөр үнэтэй бүтээл болж, дэлхийн дээд рекордыг тогтоож байна.

Удаан хугацааны турш устаж, үгүй болсон хэмээн тооцогдож байсан "Salvator Mundi" зурагт хөх өнгийн өмсгөлтэй Есүс Христ, баруун гараараа адислаж, зүүн гартаа бөмбөлөг барьснаар дүрслэгджээ. Энэхүү уран зургийн дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 100 сая ам.доллараар тогтоосон бөгөөд оролцогчид 19 минутын турш үнэ хаялцсаны эцэст уг бүтээл нь 450,3 сая ам.доллараар эзэндээ очсон гэдгийг Christie's компанийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Нэгэн цагт Английн I Чарльз хааны эзэмшилд байсан "Salvator Mundi" зураг нь 1900-аад онд Их Британийн нэгэн цуглуулагч худалдаж авснаа зарлах хүртэл алга болсонд тооцогдож байжээ. Харин 2005 онд энэхүү уран зургийг маш их гэмтсэн байдалтай байхад нь урлагийн бүтээлийн хэсэг худалдаачид 10,000 ам.доллараас бага үнээр худалдан авч, сэргээн засварласан байдаг. Харин өнөөдрийг хүртэл Леонардо Да Винчигийн уг бүтээл нь ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлевын эзэмшилд байсан юм. Тэрбээр "Salvator Mundi"-г 2013 онд 127,5 сая ам. доллараар худалдан авч байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх