Хайх

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ

Ёоко Оно

Text: Л.Өлзийтөгс

Ёоко Оног би "шулмас" гэж боддог байлаа. Битлз-ийг тараасан хорон санаатан, хүйтэн царайтай, муухай хүн гэж... Харин бүүр хожим л өнөөх "шулмас" маань супер зураач, онцгой ертөнцтэй уран бүтээлч, басхүү сэтгэгч, Жон Ленноныг жирийн дуучнаас, жинхэнэ сэхээтэн болгосон хүчирхэг эмэгтэй гэдгийг ухаарсан юм. Юмыг өнгөц мэдчихээд түүндээ итгэчихдэг хүн өрөвдөлтэй. Царай төрхөөр нь бусдыг дүгнэх, мэдлэггүйдэх, мэдрэмж төөрөх үед бид маш том алдаа хийдэг. Одоо бол би энэ эмэгтэйгээр бахархдаг, бас "манай гарагийн хамгийн панк эмээ" гэж хувьдаа нэрлэдэг юм.

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ (фото 1)

Ёоко Оно японы чинээлэг банкирын гэрт төрсөн, Gakuishuin их сургуулийн философийн ангид тэнцсэн анхны эмэгтэй оюутан болсон, авангард зураачдын тэргүүн эгнээнд явж ирсэн, дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байсан, Жон Ленноныг нас барснаас хойш түүнийг "Дэлхийн хамгийн алдартай бэлэвсэн эхнэр" гэж нэрлэх болсон, олон дуу зохиосон, өөрөө ч дуулдаг, 1994 онд Бродвейн тайзнаа рок дууриа толилуулсан, загварын шоу зохиодог гээд тоочвол намтрынх нь баялаг, өвөрмөц түүх барагдахгүй. Харин энд өнөөдөр алдартай зураач гэдгээр нь онцолж байна. Олон сонин сайхан ажил байдаг ч нэг перформанс нь гойд сонирхол татсаныг зориуд сонголоо.

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ (фото 2)

"Өөдөс" хэмээх нэртэй мөнхүү үзүүлбэрийн үеэр Ёоко дэргэдээ хайч тавьж суугаад үзэгчдээсээ урихад тэд нэг нэгээрээ гарч ирэн хувцсыг нь хайчлан, өөдөсхөнийг авсаар байгаад эцэстээ зураач нүцгэрнэ. Энэ ажил хэд хэдэн удаа, янз янзын галерейд бага зэрэг өөрчлөгдсөн хэлбэрээр тавигджээ.

Судлаач шүүмжлэгчид "Энэ бол урлагийн перформанс гэхээсээ хүчингийн хэрэг шиг" гэж үзсэн нь ч бий. Үгүй, энэ бол урлаг, зураач өөрийнхөө хэлээр л ярьж байна. Ёокогийн үзүүлбэр эхлэхэд л далдхан түгшүүр төрдөг. Хэн нэгэн "эвгүй" хүн санаандгүй таарч, тайзнаа гарч ирээд хайчаараа түүнийг гэмтээчих вий гэх бодол эрхгүй төрнө. Хөхөвчнийх нь хажуу хавьд хайч очихыг харах үед бие зарсхийх ч шиг. Гэвч зураач тайван суусаар үзүүлбэрийг дуусгадаг. Ингэхэд, юу болоод өнгөрчихөв өө? 

Маш хүчтэй санааг бодож олон, давхар давхар сэтгэж, аюултай байж мэдэх агшныг давж гарна гэдэг Ёокогийн дотоод эр зоригийг харуулж байгаа хэрэг. Тэр энэ үзүүлбэрээрээ тэртээ жараад онд, энх тайвны төлөөх бяцхан тэмцэл хийсэн утгатай. Эдүгээчлэн харцгаая. Монголчууд одоо дайн дажингүй, амгалан улс оронд амьдарч буй тул уг перформансын үзэл санаа хуучирсан мэт. Гэвч тийм биш ээ. Одоо ч бид хайч барин нэг нэгэн рүүгээ гэтсээр! Хэн нэгнийг чирч авчран, яг голдоо суулган шавж тойроод, түүн рүү асар хурц гэрэл тусган бөнжигнүүлж, хувийн гэх юм бүхэн рүү нь увайгүй халдан, дур мэдэн шүүн хэлэлцэж, бүхий амьдралыг нь, алдаа нэг бүрийг нь ухаж төнхөн доромжилж, дуу нийлүүлэн чангаар инээлдэж байна. Шар хэвлэлийн хүчирхийлэл! Энэ бол нийтээрээ нэг хүнийг "хүчиндэж" буй гэмт хэрэг юм аа!

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ (фото 3)

Өлзийгийн галерей X: Манай гарагийн хамгийн панк эмээ (фото 4)

Зангиатай, нүдний шилтэй, дээд сургуулийн дипломтой, сэхээтэн, орчуулагч, зохиолч нэртэй, ном бичдэг хүмүүс компьютерийн араас "хүчингийн хэрэг" үйлдэн, гаж донгоо хангана. Интернет дэх сэтгэгдлүүдийг уншаад "монгол хүний мөн чанар ийм хар, дорой болсон гэж үү?" хэмээн халагламаар. Муу үг гэдэг бол ирлэсэн, хурц хайч л гэсэн үг. Зөвхөн Сирид дайн болж байгаа юм биш. Энд, яг одоо, цахим сүлжээнд бид хамгийн муу дайныг өдөөж, хэн нэгнийг тойрч суугаад, хэрхэн үхэхийг нь шохоорхон харцгааж байна. Өөрсдөө ганган, гоё, зузаан хувцас өмсөж суугаад хэнийг ч юм бэ хүчээр нүцгэлээд, өө сэвийг нь харахаар шимтэнэ. Ёоко Оно энэ тухай л хэлэх гэсэн юм биш биз?

Жич: Перформансыг эндээс сонирх. Цаг бага бол гүйлгээд үзнэ биз.

Харин энэ бол манай панк эмээгийн Гагатай хамт дуулсан пиано блюз

цааш үзэх