Хайх

Өлзийгийн галерей XI:  \"Сэтгэл зүйн автотизм” буюу Миро

Өлзийгийн галерей XI: "Сэтгэл зүйн автотизм” буюу Миро

Хуан Миро

Text: Buro.Mongolia


Зураг:

Мирог ойлгохгүйгээр, Мирог мэдэхгүйгээр сэтгэлгээний урлагийн тухай ярихын ч хэрэггүй!

Тэр бол 1893 онд Испанид (Барселонд) төрж, 1983 онд Пальмад нас нөгчсөн, ХХ зууны аугаа их зураач, барималч, сюрреализмын томоохон төлөөлөгч юм. "Маш гэнэн, хүүхдэрхэг маягаар зурагдсан, хамгийн энгийн тод өнгөнөөс бүтсэн түүний бүтээл ахуйн элдэв дарамтаас ангижирсан жинхэнэ уран бүтээлчийн баяр баясгалант сэтгэгдлийг илэрхийлнэ" хэмээн урлагийн түүхч бичжээ. Тэрээр энгийн хурц өнгө ба загварчлагдаагүй, цулгуй дэвсгэрийн тусламжтайгаар уран бүтээлүүдээ өөрийн гэх дүр төрхтэй болгож чаддаг. Үр дүнд нь, эхлээд харахад, чимэглэлийн урлагийн маягтай, нөгөө талаасаа их эрч хүчтэй, өвөрмөц, анхаарал татам контрасттай байдал үүсдэг юм.

Өлзийгийн галерей XI:  "Сэтгэл зүйн автотизм” буюу Миро (фото 1)

Хуан Миро бол Сальвадор Далитай нэг зиндаанд яригддаг, Испанийн хамгийн том сюрреалист. Тэрээр дүр бүтээх арга болгож "Сэтгэл зүйн автотизм" хэмээн нэрлэгддэг (урьдчилан бодолгүй, санаандгүй үүсэх дүрсүүдээр сэрэл мэдрэмжээ илэрхийлдэг) аргыг сонгон авсан, сюрреализмын өвөрмөц чиглэлд харьяалагддаг хүн. Ихэнх сюрреалистын адилаар тэр академик биш урлагийг шүтэн биширдэг байсан. Чухам, энэ л бишрэн дагадаг аргынхаа бичилтийн өвөрмөц өгүүлэмжийг ашиглан хагас абстракт зураг, ханын чимэглэл, баримлуудаа хийдэг байж. Тэр долоон настайгаасаа зурж эхэлжээ.

Өлзийгийн галерей XI:  "Сэтгэл зүйн автотизм” буюу Миро (фото 2)

Дашрамд сонирхуулахад, 2001.9.11-нд Дэлхийн Худалдааны Төвийн сүйрлийн үеэр үрэгдсэн хамгийн үнэтэй урлагийн бүтээл бол Мирогийн 81 насандаа туурвисан туурганы чимэглэл нь байсан юм. Уг нь 1974 оноос хойш л тэнд өлгөөтэй байжээ.
Би хориод насандаа Мирод их дуртай байлаа. "Цирк" хэмээх нэртэй нэг зургийн нь хайчилбар шүлгийн дэвтрийн завсар байнга явдаг сан. Ер нь цирк их гоё шүү. Даанч цирк үзэлгүй удсан шигээ Мирогийн номыг сөхөж ч харалгүй уджээ. Харин өчигдөр эргээд үзтэл дур сонирхол минь яг хэвээрээ, энэ зураачийн сэтгэл татам шинж бүр, бүр, бүр их болчихсон ч юм шиг. Хүүхэд насны хайртай зохиолч, зураачдаа бид амьдралын явцад мартдаг ч тэд хэзээд сэтгэлийн гүнд оршсоор байдаг. "Сайн хүнээс л сайн бүтээл төрдөг" гэлцдэг нь үнэн. Өөрийнх нь хөргийг л харахгүй юу! Ийм "гоё" өвгөн л ийм ариун зураг зурна шүү дээ.

Өлзийгийн галерей XI:  "Сэтгэл зүйн автотизм” буюу Миро (фото 3)

цааш үзэх