Хайх

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй”

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй”

Text: Ж.Чинбат


Уран бүтээлч М.Эрдэнэбаяр орчин үеийн урлаг хэрхэн бүтдэг тухай, өөрийнх нь бүтээлийг хүмүүс тайлж ойлгох ямар түлхүүр байгааг бидэнд өгүүллээ

Та урлагийг, тэр тусмаа орчин үеийн урлагийг ямар нүдээр хардаг вэ? Дэлхий дахинд контемпорари урлагийн үнэлэмж өнөөдөр асар нэмэгдэж, хүмүүс хэдэн арван сая доллараар уран зураг, уран баримал худалдан авч байна. Энэ нь зарим прагматик хүмүүст байж болшгүй "солиотой" зүйл шиг харагддаг. Тэгэхдээ сайн сөхөөд үзэх юм бол урлагт өөрийн гэсэн амьдрал, дагаж мөрдөх ёс суртахуун гэж бий. Сайн уран бүтээл туурвиж байгаа хүмүүс дэлхийн аль өнцөгт амьдарч буйгаас үл шалтгаалан энэ л замаар замнаж, ертөнцөд өөрийн үзэл бодол, харах өнцөг, хийсэн уран бүтээлээ толилуулж явна. Тэдний нэг болох Монхорын Эрдэнэбаяр энэ аравдугаар сард "Тооно" галерейд өөрийн шинэхэн бие даасан үзэсгэлэнг "Хотын морьд" нэртэйгээр гаргаад байна. Үзэсгэлэнд нийт 30 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд уран бүтээлч М.Эрдэнэбаярын энэ зун, намар бүтээсэн шинэхэн ажлуудаас бүрджээ. М.Эрдэнэбаяр бол өөрийн дүрслэн үзүүлдэг "улаан морь"-оороо Монголд төдийгүй дэлхийн олон оронд танигдаж чадсан мастер уран бүтээлч. Тэр 20 гаруй жил зөвхөн мориор дамжуулж өөрийн санаагаа үзүүлж байгаа гэдгийг олон хүн мэднэ. Тэгэхдээ зарим хүмүүс "Хорин жил зурсан морь өнөөдөр юугаараа шинэ, өөр юм бэ?" гэж асуухыг хүсч байж мэдэх юм. Тийм ч учраас М.Эрдэнэбаярыг шинэхэн үзэсгэлэнгээ дөнгөж дэглээд байхад нь түүнтэй уулзаж урлагийн тухай яриа өрнүүллээ.

Та шинэ үзэсгэлэнгээ "Хотын морьд" гэж нэрлэжээ. Өмнө нь хоёулаа энэ сэдвийг нэлээн дэлгэрүүлж ярьсан. Тэгэхэд та, <<Морь гэдэг бол зөвхөн морийг хэлж байгаа хэрэг биш. Дөрвөлж дүрснүүд бол өнөөдөр хотын амьдрал хүмүүсийг янз бүрийн хууль дүрэм, цаг хугацаагаар хайрцаглаж, хэлбэрт оруулж байгаагийн илэрхийлэл юм. Хар өнгө бол орчин үеийн хурдан шуурхай амьдралын өнгийг дүрсэлж байгаа" гэж ярьсан. Энэ удаад юу нэмэгдэв?

Ер нь энэ үзэсгэлэнгийн нэг онцлог бол зургийн хэмжээ багассанд байгаа. Би нэг хэсэг их том зураг зурдаг байж. Нэг өдөр 2007 онд зурсан зургаа харж байгаад жаахан засаадахсан чинь тэр зураг намайг бүр нэг өдөөд. Гадаадад олон үзэсгэлэнд орсон тэр есөн улаан морьтой зургийг багахан засахад л энэ үзэсгэлэнгийн бүх бүтээлийн эхлэл, бас онгод болсон.

Өнгөний хувьд цементний гэмээр хөх саарал туяа нэлээн ажиглагдлаа. Энэ бас хотжилттой холбоотой юу?

Хурц өнгөтэй гол дүрээ асааж өгөхөд ийм өнгө их таардаг. Дээр нь зурагнуудад нэг хэрчлээс маягийн зүйлс байгаа. Энэ бол монгол зураг болоод тосон зурагт будгийг тавьж, бичдэг ажлаас эрс тэрс өөр зүйл болсон. Компьютерын гэмээр ч юм уу, техникжсэн маягийн сэтгэгдэл надад энэ эрчлээс төрүүлдэг.

Таны адууны хялгас ашиглаж зурсан цуврал их сонирхолтой санагдлаа. Та арваад жилийн өмнө ингэж хялгас ашиглан, том том зураг хийсэн гэсэн.

Энэ хялгасан дээр зурсан зургийг "Амь" гэж нэрлэсэн. Харахад нэг л хөндий, ойртоод үзвэл нойтон ч юм шиг, амьтай юм шиг харагдаж байгаа.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 1)

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 2)

Цаанаа олон давхаргатай, алсаас наашилж байх шиг харагдсан. Би бодохдоо цаг хугацааны урсгал байгаа юм болов уу, адууны хялгас нь өөрөө нүүдэлчин бидний алс түүхийг хэлээ юу, тэр суурин дээр одоо бид нэг дөрвөлжин, хавтгай ертөнцөд зогсож байна уу даа гэж харлаа.

Ерөнхийдөө тийм. Үс бол өөрөө ер нь ген хадгалдаг янзын эд шүү дээ. Тэрийг монгол хүн мэддэг байсан юм шиг адуугаа зарахад заавал нэг туг үс авч үлддэг. Дэл, сүүлнээс нь ч юм уу. Тийм л үсээр бүтсэн зураг. Тэгээд их амьтай юм уу гээд "Амь" гэдэг нэр өгсөн. Хялгасан дээр зурахаар тэд орооцолдож арав, хорин давхарга үүсгэж байна. Үүнээсээ болж зураг дотроо сийрэг агаартай, амьсгалтай мэт болж байгаа нь надад маш их таалагдсан. Уран бүтээлч хүн өөрийнхөө зурганд дурлаад байснаа нэг их яриад байх зүйл мөн ч юм уу, биш ч юм уу. Хэдийгээр би өөрөө зурсан ч гэсэн тийм харьцаа үүсгэж байгаа нь надад сонирхолтой байсан.

Модон баримлын ажлуудыг нь харахад онго шүтээн гэмээр хоёр баримал байна. Та юу гэж нэрлэв?

"Бид" гэж нэр өгсөн. Энэ үзэсгэлэн хотжилттой холбоотой. Миний амьдарч, бүтээж байгаа үе бол монголчуудын хувьд маш их хотжилт, нүүдэл суудлын цаг. Хот дотор морь унасан хүн биш, харин морь ачсан машин л харагдаж байгаа биз дээ? Энэ бүхэн чинь тэгээд намайг өдөж байна. Өөрийн эрхгүй тэрэнд автаж, ийм зүйл хийлгэж байна. Нэг бодлын их сонирхолтой юм. Тэгээд яах вэ, зураач хүн учраас миний баримлууд их өнгөтэй болжээ. Би өөрийнхөө зурагнуудыг л баримал болгосон. Өчнөөн жил зурсан хэр нь ээ харин баримал болтлоо их олон жил боллоо. Би ямар удаан юм бэ, уул нь ингээд хажууханд байж гэж бодно. Уран бүтээлч хүнд зурах, бичих, баримал хийх, кино болгох бүгд адил юм. Техник нь өөр болохоос биш.

Тэр толгойнуудыг нэг талаас нь харахад зураг ч юм шиг. Ийм байгаа нь бас миний нэг онцлог болж байгаа юм болов уу. Нөгөө талаар миний баримлууд шууд хэллэгтэй. Тийм учраас заримд нь тайлбар хэлмээргүй шахуу. Тэр мөнгө наасан эмээлийг харахад "Албан тушаалыг худалдаж авч байна" гэдэг их шуугиан хүнд өөрийн эрхгүй санагдах байх.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 3)

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 4)

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 5)

Таныг яг энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдээ хийж байхад монгол орон даяар шуугисан хоёр том сэдэв байгаа шүү дээ. Эрх мэдлийн төлөө 60 тэрбум төгрөг босгох гэсэн санаархал байж магадгүй гэдэгтэй зарим бүтээлүүд утга нэг бололтой.

Тийм ээ, утга нэг.

Тэр үйл явдлыг дахин хүчтэй сөхөж тавьсан хүн бас зураач мэргэжилтэй. Өнөөдөр бид зураач ерөнхийлөгчтэй боллоо. Энэ тал дээр та юу бодож байна. Монголын дүрслэх урлагт ямар нэгэн өөрчлөлт ирэх болов уу гэсэн хүлээлт танд бий юу?

Аа, одоо мэдэхгүй. Ерөнхийлөгч зураач мэргэжилтэй хүн хэдий ч илүү спортын хүн юм уу гэмээр санагддаг. Тэгэхдээ, би өөрөө түүнтэй уулзаж, учирч яваагүй болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Мэдээж сайн үр нөлөө гарах байлгүй дээ. Харин дүрслэх урлагт өөрчлөлт ирэх болов уу гэсэн горьдлого надад алга. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл тэр хүн манай салбар луу айхавтар анхаарч байсныг би лав мэдэхгүй. Тийм болохоор ерөнхийлөгч болоод гэв гэнэтхэн өөрчилнө гэж бодохгүй байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд бүгд л хотын амьдралтай холбоотой. Тэгэхээр одоо цаг үед бүх л сайн, муу зэрэгцэн оршиж байгаа. Яг өнөөдрийн хувьд Улаанбаатарын амьдралаас хамгийн аятайхан, илүү шинэ дэвшилттэй санагдаж байгаа зүйлс юу вэ?

Хот улам л илүү төвөгтэй хэцүү болно. Ер нь хүн өөрөө өөрчлөгдөх ёстой. Түүнээс хот бүхэлдээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Бид утаанаасаа салж чадахгүй, бохироо арилгаж дийлэхгүй байгаа гээд бөөн зовлон бий. Тэр зүйлсийг би уран бүтээлчийн үүднээс дагаж бухимддаггүй л дээ. Жам ёсны, нэгэнт байгаа энэ байдал аяндаа нэг л өдөр зүгээр болно. Нүдэн дээр сайжирч байгаа зүйл олон бий л дээ. Би энэ бүрт дүгнэлт өгье гэж зориогүй. Өөрөөр хэлбэл зүгээр л тусгаж үзүүлсэн хэрэг. Ухаандаа энэ үзэсгэлэнгээс юу харах вэ гэвэл өөрөө өөрсдийгөө харах, өнөөдрийн амьдралаа үзэх л юм. Жишээлбэл өнөөдөр зангиатай уяач их байна шүү дээ. Хэ хэ, бүгд хөдөөнөөс зугатааж байгаа хэрнээ Улаанбаатарын зангиатай уяач болчихсон дүр зураг надад жаахан наргиантай ч юм шиг харагддаг.

Хэдийгээр заавал дүгнэлт хийх албагүй ч гэсэн хүн болгоны ажиглах өнцөг өөр. Тийм болохоор таны өнцгөөс ямар аятайхан зүйлс манай хотоос харагддаг вэ гэдгийг тодруулахыг хүссэн юм.

Манай хотод өөрийн гэсэн сонирхолтой зүй тогтол бий. Гэр хороололтой, нэг их сайхан уулстай. Сонин шүү дээ. Зүгээр л залхуурахгүй бол хэдхэн харайгаад маш гоё агаар, устай ууланд очиж болно. Сайхан гээд харах юм бол сайхан шүү дээ.

Бөөн дусал залгуулсан морины толгойн барималд та "Одоо" гэдэг нэр өгсөн байна. Та энэ бүтээлээ хийхдээ юун тухай бодож байсан бэ?

Хүмүүс янз бүрээр хүлээж авна л даа. Бид өнөөдөр энд, тэндхийн янз бүрийн зүйлсээр тархи руугаа "бөмбөгдүүлж" байна. Соёл урлаг гэхэд л Барууны, Солонгосын, Зөвлөлт Оросын гээд л янз бүрийн "дусал" залгуулчихсан байгаа шүү дээ. Улс орон ч гэсэн бөөн зээл тусламж авлаа. Алинаар нь ч хүлээж авч болно. Надад бол үүнийг хийх шалтгаан энэ зун бөхчүүд болоод морьд харж байхад төрсөн. Наадмын талбайд дусал залгаатай морь зогсож байгаа нь их сонирхолтой санагдсан.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 6)

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 7)

Та ер нь зун юу хийдэг вэ? Энэ жил гэхэд яаж наадав?

Үгүй ээ, би наадам хийгээгүй. Зургаа зураад л суусан. Яг тэр үеэр ид сайхан юм хиймээр санагдсан. Их хачин, би зуны сайхан цагаар хөдөө гадаа явж чаддаггүй. Өдөр урт болж, гэгээ ихтэй байхад юм хийх гэж төвлөрөхөд их аятайхан. Тэгээд л орой нар хүүшлэх хүртэл урамтай ажилладаг.

Та ер нь уран бүтээлээ хийхдээ ч юм уу ямар нэгэн зүйлийг хойш нь тавьдаг уу?

За, ер нь бол бараг л үгүй. Би ч бас түргэн гартай.

Ажиглаад байхад уран бүтээл хийх санаа, сэдэл нь байвч өөрөө хийж бүтээсэн гүйцэтгэлгүй уран бүтээлч олон байх юм. Тэр юунаас болдог бол?

Одоо хийхгүй бол хэзээ ч хийхгүй болчихоод байдаг. Хэдэн сар жилийн дараа нөгөө зүйл маань утгагүй болж, яг тэр үеийн сэтгэл догдлол эргээд хэзээ ч орж ирэхгүй. Заримдаа би энэ тал дээр Пушкины хэлсэн, "Уран бүтээлч хүн их ухаантай байх хэрэггүй" гэдэг үг зөв байх гэж боддог. Хэт ухаалаг байгаад хянаад эхлэх юм бол хүн юу ч хийхгүй. Маш их ухаантай, хэтэрхий их бясалгасан хүн юу ч хийдэггүй. Юу ч хийх утгагүй болчихдог. Би ямар сайндаа, "Зүгээр л чадаж байгаагаа хийе" гэж зарим үед боддог. Бодож байгаагаа биш чадаж байгаагаа хийе.

Таны юмыг ингэж зөнгөөр нь орхиод, урсгалаараа яах нь вэ гэж хардаг хандлага их амар юм. Жишээ нь та өөрийн модон баримлуудаа хагарч, цуурч байвал гоё болдог гэж ярьж байсан.

Би ер нь төгс юм хаана ч байхгүй гэж ханддаг. Төгс хүн ч гэж байхгүй, төгс бүтээл ч гэж байдаггүй. Хорвоо өөрөө угаасаа төгс биш. Төгс биш орчлонд юмыг төгс болгох гэж зүтгэх шиг утгагүй зүйл байхгүй. Тийм учраас зарим зүйлийг өөрийнхөө цаг хугацаандаа хольж байгаа юм. Ялангуяа энэ контемпорари урлагийн нэг сайхан давуу тал бол эд юмсын өөрийнх нь хэллэгийг ашигладаг. Одоо энэ үзэсгэлэнд гэхэд чөдөр, эмээл зэрэг бэлэн материалууд ашигласан байна. Энэ эмээл, чөдөрний алийг нь ч би хийгээгүй л зүйл. Бүр лавшруулаад "Яг энэ дотроос би юуг нь хийчих вэ" гэж асуумаар байгаа юм.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 8)

Зохицол, өнгө, эвлүүлгийг нь хийжээ.

Тэр эмээлтэй барималд гэхэд би зүгээр мөнгө наасан юм уу даа. Гэсэн хэдий ч контемпорари урсгал их эрт үүссэн цагаасаа эхлээд л эд юмсаар дамжуулж хүнд санаа, сэдэл төрүүлсээр байна.

Сайн уран бүтээлч цөөхөнтэй адил сайн үзэгч бас их цөөхөн бололтой.

Өө, тэгэлгүй яах вэ. Зураг сайн мэдрээд зураг авч байгаа хүн уран бүтээлчтэйгээ нэг түвшинд ирж, ойлгож байж өөртөө худалдан авч байгаа хэрэг. Ганц авахдаа биш л дээ. Үзэж байгаа хүний хувьд ч тийм. Таалахгүй байна гэдэг бол тэр хоёр огтлолцохгүй байна гэсэн үг. Урлаг өөрөө заримдаа хэт ойлгомжгүй байхад нөгөө хэсэг нь хэт тодорхой байх нь ч бий.

Таны бүтээлүүдийн тухай Asian Art News дээр том өгүүлэл гарсан байдаг. Тэр нийтлэлийг Азийн үзэгчид уншчихаад тантай эргэж холбогдсон, сэтгэгдлээ хуваалцсан тохиолдол гарч байв уу?

Ганц нэг хүн уулзаж байсан л даа. "Уншаад үзсэний дараа таны бүтээлүүдийг харахад илүү их ойлгомжтой байна" гэж ярьж байсан. Ер нь аль ч улс оронд адилхан байдаг зүйл бол хүмүүс урлагийн шүүмж уншчихаад үзэх биш, шинэ бүтээлүүдийн хажуугаар хараад л өнгөрдөг. Ойлговол ойлгоод, үгүй бол тэр дор нь мартдаг. Миний бүтээлүүдийг цуглуулдаг хүмүүс бол шүүмжийг өөрийн эрхгүй уншдаг бололтой юм билээ. Бүтээл нь байгаа хүн шүүмжийг илүү анхааралтай уншиж, зураач болоод тэр орны соёлыг бүтээлтэй нь илүү зэрэгцүүлэн харж, учир утгыг нь гүн мэддэг байх.

Таны бүтээлүүдээс авч цуглуулж байгаа хүмүүсээс ажиглагддаг нийтлэг зүйлс бий юу?

Ер нь тийм хүмүүс надтай их "ойр" байна гэсэн үг. Миний зургаа бүтээсэн түвшинд ирж бүтээлүүдийг ойлгож байгаа учраас мэдээж сайхан яриа нийлдэг. Зарим нь найз нөхөд болдог. Үзэл бодол таарахаар их баярлаад, "Нээрээ чамайг хэлэхээр анзаарлаа ..." гээд хоорондоо хөөрөлддөг.

Венецийн Биеннальд манай уран бүтээлчид энэ жил дахин оролцлоо. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид орчин үеийн урлагийн хэлээр өөрсдийнхөө өгүүлэмжийг Венецид дэлгэж байна. Гэтэл барууны хүмүүс хоорондоо ойлголцоход илүү дөхөм байх шиг. Харин манай "алс бөглүү" тал нутгаас, "мартагдсан" нүүдэлчдээс, бараг орчин үеийн урлаггүй хотоос очиж байгаа уран бүтээлчдийн туурвил ямар санагддаг бол? Жишээ нь та юу гэж харсан бэ?

Би энэ жил оролцсон бүтээлүүдийг саяхнаас харсан. Зарим нь бас сонирхолтой л юм билээ. Ер нь бол орчин үеийн урлаг хөгжөөгүй орон ч гэж хэлж болохгүй л дээ. Ерөөсөө л өнөөдөр ямар ч улс орны хувьд "өнөөдөр" л байгаа. Тэрхүү өнөөдөр ямар байна вэ гэдгээ л үзүүлж байгаа хэрэг. Ямар ч улс оронд орчин үеийн урлаг бий. Тэгэхдээ л асар өндөр мөнгө төлж үзүүлж байгаа. Тэр нь л жаахан хэцүү юм даа.

Сайн, муу гэхээсээ илүү өөрсдийн аль талаа хэрхэн үзүүлж байна вэ гэдэг л юм байна. Олон хүний анхааралд хүрч чадах нь оновчтой сонголтоос шалтгаалах нь.

Виеннецийн Бьенналь ер нь их хэцүү шүү дээ. Улс орнуудын павильон бол зохион байгуулж байгаа хүмүүсийн шийдэл байдаг. Харин тухайн жилийг хариуцсан куратор жинхэнэ Жардений үзмэрүүдийг цуглуулдаг. Тэр куратор орчин үеийн уран бүтээлчдийг дэлхий нийтээр нь харж байгаад сонгодог. Энэ сонголтоор орсон бүтээл Биеннальд мөнгө төлөхгүй. Тийм ч учраас тэр сонгогдсон бүтээлүүдийг жинхэнэ мундаг гэж үзэх үндэслэлтэй.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 9)

Контемпорари урлагийн бүтээлүүдэд яагаад ийм их мөнгө төлдөг вэ гэж урлаг сонирхдоггүй хүмүүс маш их гайхдаг. Тэдгээр хүний нүдээр харахад хэрэгтэй, хэрэггүй төмрийн хог ч юм уу, үнэ цэнэ хүрэхгүй зүйлсийн цуглуулга байдаг.

Бүх урлаг үнэ цэнэтэй. Ганцхан контемпорари урлаг биш. Тэр сонгодгууд бол бүр үнэтэй. Зарим бүтээлийн үнэ хадгалагдсан хугацаанаасаа болж нэмэгдэнэ. Зарим бүтээл нь өөрийн зураач болоод улс орны түүхээсээ шалтгаалж үзсэн зовлон, дайн байлдаанаас эсэн мэнд гарсан түүхээрээ үнэд хүрдэг. Зарим нь бол сайн гэхээсээ илүү насанд ч явж байгаа нь л тэр юм. Жишээ нь миний гар утасыг зуун жил хадгалах юм бол үнэ цэнэтэй байж магадгүй. Гэтэл энэ урлагийн бүтээл биш шүү дээ.

Тэгэхдээ, ер нь гадаадын том сангууд урлагийн бүтээлүүдийг их сайн ивээн тэтгэж, үнэлж байна л даа. Дээр нь уран бүтээлчийг маш сайн ойлгосон куратор бол мөнгийг "зохицуулж" чаддаг. Тэр нь хөндлөнгийн хүний нүдэнд шал хэрэггүй гэж харагдаж байгаа ч огт хэрэггүй гэсэн юм байхгүй. Хүн, хүний хардаг өнцөг өөр байгаагаас л юм даа. Заримд нь хог мэт харагдаж байв ч нөгөө талд, "Энийг урлаг болтол нь харж, бодож чадсан хүн ямар ухаантай юм бэ" гэж харж байдаг.

Сэтгүүлч хүний хувиар уран бүтээлчид болоод жирийн хүмүүсийн хэн хэнтэй нь ярилцаж байхад хүмүүс, "Яах гэж ийм юм хийдэг байна вэ?", "Яагаад зүгээр сэтгэж болдоггүй юм бол?" гэж хүмүүс асууж байхтай олон тааралдсан.

Түрүү чиний хэлдэг, "Үзэгч өөрөө боловсрох хэрэгтэй" гэдэг л байгаа юм. Үзэгч үнэхээр боловсорсон бол ийм асуулт тавихгүй шүү дээ. "Урлаг юугаар ч хийгдэж болно" гэдэг ойлголттой бол бүтээсэн эд материалыг нь нэг их ярихгүй байхгүй юу. Харин ч юугаар хийснийг нь тэртэй, тэргүй харж байгаа юм чинь, "Энийг яаж ийм үнэ цэнэтэй болгож чадав аа" гэдгийг харах хэрэгтэй. Тэнд том боловсрол явж байна. Хийж чадаж байгаа хүмүүсийг ойлгоод, дэлхий даяар тийм том менежмент хэрэгжүүлтэл нь үнэ цэнэтэй болгож байгаа зүйл бүхэлдээ боловсрол байхгүй юу.

Энэ зун "Тооно" галерей шинээр нээгдээд богино хугацаанд нэлээн олон үзэсгэлэн гаргалаа. Одоо таны үзэсгэлэн нээгдэж байна. Өмнө нь галерейнууд гарч ирээд, тодорхой зорилго дэвшүүлээд хэсэг хугацаанд ажилласан. Ерөнхийдөө "Тооно" галерейн хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, дэлгэгдэж байгаа үзэсгэлэнгүүд дээр та ямар бодолтой байна вэ?

Галерей ер нь бол өөрийн гэсэн дүр төрх бүрдүүлж, "Бид ийм хэмжээний уран бүтээлчийг үзүүлнэ шүү" гэсэн хандлагаа илэрхийлдэг. Монголд галерейн зах зээл нээгдээд удаагүй юм шиг хэрнээ бас ч гэж нэлээн хэдэн жил өнгөрсөн байна. "Улаан гэр", "976" галерейнууд амжилттай явж ирсэн. Анх 2003 онд "Улаан гэр" галерей нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл өчнөөн галерей байхгүй болсон. Тэгэхээр бас шалгарал явагдаж буйн илрэл юм болов уу. Галерей эрхлэнэ гэдэг маш их эрсдэлтэй бизнес. Энэ эрсдлийг давж үлдэнэ гэдэг бол айхавтар зүйл. Тооно галерейн хувьд үнэхээр мундаг байна. Бас нэг монголыг өөрөөр харуулчих бодолтой гэдэг нь сайшаалтай. Галерейн захирал өөрөө бас урлагийн өндөр таашаалтай хүн байж ийм зэргийн зүйл хийж байна. Өөрийн зорилгодоо бас үнэнч байж чадаж байна. Энэ бол уран бүтээлчдийн зүгээс олзуурхууштай, дэмжүүштэй зүйл л дээ.

Харж байхад монголын галерейнууд цөөхөн хэдэн уран бүтээлч дээр төвлөрч байх шиг. Тэгэхээр яалт ч үгүй зураачдад бас шалгарал үзүүлж байх шиг.

Энэ бол сонгож байгаа хүмүүсээс илүү асуумаар зүйл байна л даа. Ер нь бол манай улс хүн ам цөөтэй учраас олон зураачтай байж чадах уу, үгүй юу? Чамд цөөхөн санагдаж байгаа бол буруу юм байхгүй. Тийм л байна. Галерейнууд ч гэлтгүй уран бүтээлчид бас чадвал чадаад, чадахгүй нь болиод л амьдралд туулаад явж байгаа. Бас л адилхан эрсдэлтэй мэргэжил. Төгссөн болгон оройд нь хүрдэггүй хэцүү эд.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 10)

Азид урлагийн зах зээлийн багтаамж томорч байгаатай холбогдоод монголчууд бас өөрийн гэсэн орон зайгаа олж авах санаачлага зарим хүмүүс гаргадаг. Ажиглаад байхад, их олон уран бүтээлчтэйгээр тэнд танигдах санал, эсвэл ганц л уран бүтээлчийг олуулаа дэмжиж ажиллах санаа хоёр зонхилж байна. Хэрвээ ийм зорилго тавьбал таны бодлоор яаж хөдөлвэл зүгээр вэ?

Үүнийг галерей л хийх ажил. Уран бүтээлчдийн хийж чаддаг зүйл биш. Бид орчин үед дэлхий нийтийн жишиг ямар байна вэ, түүнээс хоцрохгүйн төлөө явна. Мэдээж өөрсдийнхөө урлаг, соёлыг өөр нүдээр харж чаддаг байх ёстой. Түүнээс биш тэднийг дуурайгаад хол "явахгүй" шүү дээ. Өөрийнхөө онцлог, давуу чанарыг харж, орчин үеийн урлагтай хослуулж чаддаг байх хэрэгтэй. Чиний ярьж байгаа зүйлийг Соёл, Урлагийн яам гэж байдаг бол тэдний мэргэжилтнүүд бодож байх ёстой юм. Ер нь бол гадаадад бөөнөөрөө зорьж очоод цойлсон амжилт гаргаж чадахгүй л дээ. Энэ бүхэн өөрөө асар их зарлага, эрсдэлтэй. Тийм учраас бэл бэнчинтэй том компани болоод сангууд хийж байж урлагийн бизнес оршин тогтнодог.

Ер нь тэгээд БНХАУ-ын алдарт гарч байгаа уран бүтээлчдийг харахад л үндэсний баячууд нь их дэмжиж, ойлгож байж дэлхий даяар үнэ цэнэд хүрдэг бололтой юм?

Тийм ээ, Хятад гэлтгүй Энэтхэгийг ч харсан ийм дүр зураг харагддаг. Тэдний оюуны хэрэглээ маш өндөр болсон учраас дэмжлэг нь хүчтэй хүрч чадаж байгаа хэрэг.

Энэ дэмжлэгийг бодитоор авах чадваргүй соёл урлагийн ажилтны тоо манай улсад хэт их байгаа юм шиг санагддаг. Нийт 50 гаруй мянган хүн энэ салбарт ажиллаж байгаа. Нэг талаас тэдний урлагийн төлөө гэх сэтгэлийг үгүйсгэж болохгүй авч бас баялаг бүтээдэггүй хүмүүс гэж шүүмжлэх ч хандлага байдаг.

Ихэнх нь сайн дурын уран сайханчид байх аа. Түүнээс монголын урлагт хувь нэмрээ оруулаад явж байгаа хүний хувьд жинхэнэ уран бүтээлчийн тоо дэндүү цөөхөн гэж бодож байна. Харин ч бүтээгч нар олон байгаасай.

Сайн дурын уран бүтээлч, жинхэнэ уран бүтээлч хоёрын хоорондох ялгааг тэр хүмүүс өөрсдөө мэдэхгүй байгаа учраас өөрийгөө урлагийн хүн гэж бодоод байх шиг. Хэрэв зарим хүмүүс өөрийгөө гадна талаас нь хараад үзэхэд, "Би жинхэнэ уран бүтээлч юм байна" гэж итгэж болох ямар шалгуур байх бол?

Өнөөдөр шиг хүний эрх гэдэг зүйл давамгайлсан нөхцөлд энэ асуултанд хариу гарах хэцүү л дээ. Юм л бол хүний эрх. Өөрийгөө л "мөн" гэж бодож яваа бол тийм байж таардаг. Жишээлбэл манай Урчуудын Эвлэлийн Хороо гэхэд 700-800 гишүүнтэй байна. Тэднийг хомроглон бүртгээд л, сонгуульд ашиглаад давхиж яваа юм. Түүнээс биш энэ тоо чадвартай уран бүтээлчдийг илтгэх бодитой зүйл биш. Харин ямар хүмүүс уран бүтээлчид мөн бэ гэдгийг харуулахад хувийн галерей зөв зохицуулж байна. Олон нийтийн юм уу, улсын байгууллага бол дандаа худал ханддаг. Дэргэд нь өөрөө мөнгөө зарж байгаа хүн бол сайн уран бүтээлчтэй ажиллая гэж бодохоос сайн тэмдэгтэй хүнтэй хамтрая гэж бодохгүй. Монголын тэмдэг хилийн цаана гараад л хэнд ч хэрэггүй зүйл болно. Яалт ч үгүй сайн уран бүтээлчтэй ажиллаж байж галерей өөрийн зарцуулсан хөрөнгөө олж авна. Тиймээс үнэхээр чадна гэсэн хүнээ сонгож, монголдоо сорьж үзнэ. Тэгээд гадагшаа дараагийн алхмаа хийнэ.

М.Эрдэнэбаяр: “Хүн заримдаа хүссэнээ чадахгүй бол чадаж байгаагаа хийх хэрэгтэй” (фото 11)

Монголдоо сорьж үзнэ гэснээс сүүлийн үед уран зургийн үнэ харьцангүй нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг худалдан авах чадвартай цөөн бүлэг хүмүүс гайхангүй хүлээж авч харагдана лээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

Хүнд өөрт нь өгч байгаа таашаал бол мөнгөөр хэмжихгүй зүйл мэдрүүлнэ. Гэр бүлд нь үргэлж хамт байгаа, байнга харж байгаа зургаасаа таашаал авч чадаж байвал тэр бүтээл мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Тэгж чадахгүй хүн бол угаасаа зураг авах ч хэрэг байхгүй. Ер нь бол зураг хэтэрхий үнэтэй болж байна гэдэгтэй санал нэг байна. Хэрэв уран бүтээлч галерейтай ажиллаж байгаа бол үнийг галерей шийдэхээс биш зураач өөрөө бодож байгаад зохиох ёсгүй. Дээр нь уран бүтээлийн үнэ нэг өсвөл буцаад бууж болдоггүй шахуу зүйл. Тийм учраас хэт үнэтэй байх ч сайн биш, хэт хямд байх ч сайн биш. Ер нь үнэ бол шоглоом шахуу зүйл.

Танд дүрслэх урлагаас гадна та монголын бусад урлагийн салбараас сүүлийн нэг жилд таашааж харсан ямар бүтээл байна вэ?

Саяхан Улаанбаатар кино наадам үзэхэд сонирхолтой байсан ч дан гадаад кинонууд таалагдсан. Хамгийн сүүлд гэвэл Г.Аюурзанын "Сахиуст хангайн нууц" романыг уншсан. Их сонирхолтой. Цаг хугацаанд улирч хоцрогддоггүй зүйл гэж юу вэ гэдгийг харуулсан. Уул усны эзэн савдагуудын тухай, тэдэнтэй холбогдож байгаа лам нар нь өөрөө бөө ч юм шиг. Угтаа бол Бурханы сургаальд ийм зүйл огт байхгүй ч хүмүүс бид өөрсдөө лам нараас ямар нэг ид шид хүсдэг. Харин тэр ид шидийг уул усны эзэн савдагууд л хүмүүст өгдөг байна. Эргээд энэ харилцаа нь ард олныхоо амьдралд нэвт шингэчихсэн байгаа сонин.

Одоо харин таны "Хотын морьд" үзэсгэлэн нээгдээд байна. Ирж сонирхох хүмүүс таны зургаас юуг олж анзаараасай гэж бодож байна вэ?

Түрүүн ярьсан шиг, миний харсныг харж, мэдэрснийг мэдрээсэй гэж би энэ үзэсгэлэнг гаргасан. Хэрэв тэгж чадвал надад сайхан байна.

цааш үзэх