Хайх

\"Монгол уран дархан\" үзэсгэлэн 12 жилийн дараа зохиогдлоо

"Монгол уран дархан" үзэсгэлэн 12 жилийн дараа зохиогдлоо

Ерөнхийлөгчийн ивээл дор

Text: Ж.Чинбат


Анх 2004 онд зохиогдож байсан Монгол уран дархан нэгдсэн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн зарлигаар гурван жил тутамд зохион байгуулах болжээ

Хэрэв та "Монгол уран дархан"-ы бүтээл гэж юу юм бэ гэдгийг мэдэхийг хүсвэл Монголын уран зургийн галерейд долоодугаар сарын 8-ны өдөр хүртэл гарч буй энэхүү үзэсгэлэнг очиж сонирхоорой. Энэ жил ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд зуу гаруй уран бүтээлч, хорь орчим үнэт эдлэл үйлдвэрлэгч урлангууд оролцжээ.

Уран дарханы урлал бол монголын бүх түүхэн цаг үед үргэлж хан төр, хаад язгууртнуудын ивээл дор хөгжиж, дээлийн ганц товч байсан ч ахин давтагдашгүй ондоогоор хийгдэж ирсэн бидний язгуур урлаг билээ. Тийм ч учраас энэ удаагийн үзэсгэлэнд илүү уламжлалт ур хийцтэй бүтээлүүд тавигдсан байна. 

Үзэсгэлэнг монгол уран дарханы чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийг нэгтгэсэн "Түмэн эрдэнэс холбоо" зохион байгуулжээ. Тус холбооны тэргүүн С.Батзоригт хэлэхдээ "Ер нь орчин үеийн уран дарханууд хуучны алдартай хүмүүсийн хийдэг байсан цуутай бүтээлүүдийн гол шинж, чанаруудыг бүгдийг хийдэг болсон. Зарим нь бүр илүү ч болсон байж мэднэ. Тэгэхдээ тэр бол хуучнаа давтаж байгаа зүйл юм. Хуучны дархчууд өөрсдийн цаг үедээ хийсэн зүйлсээ Дарьгангынх, Далай Чойнхор вангийнх, Батноров, Ноён сэрвээ хийцийнх гээд өөр, өөр нэршлээр ялгартал нь хийж чаддаг байсан. Өнөөгийн ойлголтоор бол тэд брэнд бүтээсэн гэсэн үг. Тэгвэл одоо хуучнаа давтсан бүтээл хийж чадаж байгаа ч орчин үеийн брэнд болсон зүйлс бүтээх нь бидний гол зорилго болсон" гэлээ. 

Арван хоёр жилийн дараа зохион байгуулагдаж буй "Монгол уран дархан" энэ жил ирсэн бүтээлүүдийг дөрвөн төрөлд хуваан шилдэгийг тодруулсан байна. Тухайлбал Ардын урлал төрөлд О.Болдбаатар "Мөнгөн тоногтой эмээл", Шашны урлал төрөлд Э.Мөнх-Эрдэнэ "Шүтээний цогцолбор", Үнэт эдлэлийн төрөлд Б.Мягмарсүрэн "Шигтгээтэй утсан сүлжмэл аяга", Чөлөөт урлал төрөлд Д.Гэрэл "Шийдэл" бүтээлээрээ тус, тус шалгарчээ.

Дашрамд дурдахад Бюро 24/7 өмнө нь уран дархан Д.Гэрэлийн эв нэгдэл, чөлөөт байдлыг бэлгэдэн бүтээсэн "Шийдэл" нэртэй дөрвөн баримлын тухай дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. 

цааш үзэх