Хайх

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд

Кофе, элсэн чихэр, органик хүнс болон бусад

Text: Г.Тэмүүлэн

Алдартай уран бүтээлчид уран бүтээл туурвих урам зоригоо маш олон зүйлээс авдаг нь гарцаагүй. Үүний нэг нь яах аргагүй хоол юм. Хэрэв "Америкийн модернизмын эх" гэгддэг уран зураач Жоржия О'Кифф уран бүтээлээ туурвих үедээ эрүүл хооллохыг илүүд үздэг байсан бол поп артын хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Энди Уорхол элсэн чихэртэй бүхий л зүйлсэд донтдог байжээ. Ингээд дэлхийн алдартай таван уран бүтээлчийн амьдралд онцгой байр суурь эзэлж байсан хоолнуудыг харцгаая.

Пабло Пикассо ба эрүүл хоол

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд (фото 1)

Хэдийгээр алдарт уран бүтээлч хязгааргүй хоолны дуршлаараа алдартай байсан ч түүний өдөр тутмын цэс хэмжээ хязгаартай байжээ. Кубизмын мастер 1930-аад онд буюу 50 орчим насандаа эрүүл мэндийн шалтгаанаар мөн илүү үр бүтээлтэй байхын тулд эрүүл хооллож эхэлсэн байдаг. Түүний цэсэнд загас, ногоо, усан үзэм, цагаан будааны пудинг багтдаг байв. Тэрбээр хоолныхоо араас эрдэст ус эсвэл сүү уудаг байсан аж. Мөн Пабло Пикассо хооллох үедээ бараг юм ярьдаггүй байсан гэдгийг долоон жил түүний найз бүсгүй байсан Фернанда Оливье хэлж байсан нь зохиолч Мейсон Карригийн "Daily Rituals: How Artists Work" номонд тэмдэглэгдсэн байдаг.

Фрида Кало ба Мексик хоол

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд (фото 2)

Мексикийн алдарт уран зураач Фрида Калогийн амьдрал гуниг гутрал, адал явдал, хайр дурлалаар дүүрэн байсан гэдгийг хүн бүр мэднэ. Түүний энэхүү баялаг амьдралд хоол маш чухал байр суурь эзэлж байсан юм. Уран бүтээлч бүсгүй хайрт нөхөр Диего Риверад зориулан төрөл бүрийн Мексик үндэсний хоол бэлтгэдэг байсан бөгөөд 1994 онд тэдний гэр бүлийн жороос бүрдсэн "Frida's Fiestas" нэртэй ном хүртэл хэвлэгдэн гарч байжээ. Номонд акуйо буюу чинжүүний навчинд ороож жигнэсэн загас, хулууны сүмстэй тахиа, сироптой гуава жимс, наргил модны самартай лайм зэрэг Фрида Калогийн дуртай төрөл бүрийн хоолнууд багтсан байна.

Энди Уорхол ба "хачирхалтай" талх

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд (фото 3)

Поп-арт хөдөлгөөний үндэслэгчдийн нэг Энди Уорхол хоолыг өөрийн уран бүтээлийн нэг хэсэг болгосноороо алдартай. Жишээ нь тэрбээр камерын өмнө бургер идэж, лаазалсан шөлийг урлагийн бүтээл болгож байсан түүхтэй. Мөн Уорхол чихэрлэг зүйлсэд маш дуртай байсан гэдэг. "Миний хүсдэг ганц зүйл бол элсэн чихэр" хэмээн тэрбээр өдрийн тэмдэглэлдээ бичсэн юм. Энди Уорхолын хамгийн дуртай зуушнуудын нэг нь хоёр ширхэг цагаан талхны голд хавчуулсан шоколад байсан аж. Хачирхалтай нь тэрбээр үүнийгээ "бялуу" хэмээн нэрлэдэг байжээ. Мөн түүний намтарч Боб Никасын хэлснээр уран бүтээлч жимсний чанамалтай талх оройн хоолондоо зооглох дуртай байсан гэнэ.

Жоржия О'Кифф ба органик хүнс

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд (фото 4)

XX зууны хамгийн алдартай уран зураачдын нэг Жоржия О'Кифф цэцэгтэй зургуудаараа урлагийн ертөнцөд хувьсгал хийж, "Америкийн модернизмын эх" гэх нэрийг хүртсэн билээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр өөрийн цэцэрлэгээс түүсэн хүнсний ногоонуудаар хийсэн органик хоолыг иддэг байжээ. Түүний цэсэнд үр тариа, ногоо, самар мөн гэрийн аргаар бүрсэн тараг багтдаг байсан гэнэ. Мөн тэрбээр ногооны шүүс (цоохор майлз, лууван, яншуй, манжингийн ишийг холин бэлтгэдэг) ба жимсний смути хийж уудаг байснаараа алдартай. "Dinner with Georgia O'Keeffe: Recipes, Art and Landscape" номын зохиолч Робин Лигийн хэлснээр Жоржия О'Кифф эрүүл хооллох нь урт насалж (тэрбээр 98 насалсан!) бүтээлч байхад тусална гэдэгт бат итгэдэг байсан гэжээ. Түүний зөв байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Дэвид Линч ба кофейн

Пикассогоос эхлээд Уорхол хүртэл: Алдартай уран бүтээлчдийн дуртай хоолнууд (фото 5)

Кино урлагийн суутнуудын нэг Дэвид Линч ч гэсэн өөрийн гэсэн онцлог хоолны зуршилтай. Домогт "Twin Peaks"-ын гол баатрын адилаар алдарт найруулагч ч мөн кофейныг шүтэн биширдэг. Бүр тодруулбал кофе ба амттан түүнд сюрреал кино зохиолууд бичихэд мөн дүнсгэр зургууд зурахад нь тусалдаг байна. Түүний кофейны донтолт бүр есдүгээр ангид байхад нь эхэлсэн гэдгийг тэрбээр Huffington Post сонинд зориулан бичсэн эссендээ дурджээ. Дэвид Линчийн тайлбарласнаар кофе түүнд бүтээлч санаа олоход тусалдаг байна. Тэрбээр нийт долоон жилийн турш, өдөр бүр Bob's Big Boy зоогийн газарт очиж шоколадтай шэйк, долоон аяга элсэн чихэртэй кофе захиалан уудаг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа хуваалцсан байдаг. Линч "Энэ их элсэн чихэр намайг сэргээсний дараа надад маш олон санаа төрдөг байсан" хэмээн хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх