Хайх

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм

Энэ жилийг Венецийн Биеннальд оролцох, Хонг Конг дахь ХанАрт галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах гээд завгүй өнгөрөөж буй Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж эх орондоо өөрийн бие даасан “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэнгээ гаргалаа

Зураач Ш.Чимэддорж Тооно галерейд гаргаж буй шинэ үзэсгэлэнгийнхээ бүтээлийг дөнгөж авчраад байхад нь түүнтэй ярилцлаа. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн олон оронд тасралтгүй үзэсгэлэнд оролцсон түүний шинэ үзэсгэлэнг хүлээсэн үзэгч, цуглуулагч цөөнгүй байгаа болов уу. Тиймээс "Цагийн урсгал" үзэсгэлэнд дэлгэгдэх уран баримал, бэхэн зураг, тосон зургийнх нь талаар түүнд цөөн хэдэн асуулт тавьсан юм. Энэхүү ярилцлагын хамтад түүнийг Москва, Амстердамд 1991 онд анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш гадаадын урлаг судлаачид, уран зураг цуглуулагчдын анхаарлыг татаж эхэлсэн өөрийн онцлог нь юу болохыг танд товчлон хүргэх болно. Дэлхийн гурван тивийн хотуудад нэн шинэ үеийн монгол зургийг толилуулсаар хамгийн сүүлд Венецийн Биеннальд оролцсон түүний уран бүтээлийг тайлж ойлгоход тус болох өгүүллийг гадаадын судлаач, кураторууд бичсэнээс товчлон авч, өөрийнх нь яриа, дурсамжаар баяжуулахыг эрмэлзлээ. Бидэндээ бол "Монгол зургийн", "Морины"  Ш.Чимэддорж хэмээн алдаршсан түүний дотоод сэтгэл дэх баялаг орон зайд тавтай морилно уу.

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм (фото 1)

-

Парисаас холгүйхэн орших "Музей де Шантилли" хэмээх мориор дагнасан музейг өдөр бүр 2000 гаруй хүн зорьж очно. Тэнд зураач Ш.Чимэддоржийн 60 гаруй бүтээл байнгын үзмэр болон гардаг аж. Европ, Азийн ямар ч уран бүтээлч туурвиж чадахгүй өнгө, дүрслэлтэй Ш.Чимэддоржийн өөр 200 гаруй зураг одоо Хонг Конгийн ХанАрт галерейн цуглуулгад бас бий. Өнөө цагийн хамгийн үнэтэй хурдан морины уралдаанууд зохиогддог Хонг Конг хотноо түүний ийм олон зураг байгаа нь цаанаа нарийн учиртай. "Азийн Урлаг" сэтгүүлийн эрхлэгч Иан Финдли Брауны хэлснээр бол " Баруунд ч бас монголчуудын нэгэн адил моринд дуртай, морьтой ойр хүмүүс цөөнгүй байдаг. Адууны тухай сэдэв уран бүтээлийн төвд нь байдаг уран бүтээлчид ч мөн цөөнгүй. Гэвч адуунд байгалиас заяагдсан галтай хийморийг бүтээлдээ шингээж чадсан нь тийм ч олон биш. Морины хүч чадал Чимэддоржийн уран бүтээлд гайхалтай яруу тансаг хүч өгч, түүний бүтээлүүдийг болоод өөрийнх нь хийморийг гэрэлтүүлдэг" ажээ. Тэр гэрэл харин хэрхэн бий болов.

Морин жилийн намар буюу 1954 онд Чимэддорж хурдан морь уяач удамтай айлд төржээ. Угтаа бол Венецийн Биеннальд оролцож, дэлхийн уран бүтээлч гэдгээ өөрийн бүтээлээрээ бататгасан Ш.Чимэддорж гадаадад урлагийн сургуульд сурахыг их эрмэлзсэн авч Улаанбаатарт монгол зургийн ангид элсэж, Ардын зураач Г.Одонгийн урланд суралцжээ. Бага насандаа хөдөө гэртээ элс, цас, хадан дээр морь болоод монгол ахуйгаа зурж өссөн нь хожим урлагт дурласан сэтгэлээр нь улам хөглөгдөж тэрээр мэргэжлийн зураач болжээ. Түүний багадаа өсч торнисон Дэлгэрхангай уулыг нутгийн хөгшчүүд "Унагаа хөхүүлсэн гүү шиг хэлбэртэй" гэж ирээд л домоглодог. Хувьсгалаас өмнө нь бол Амь хайрхан, Инэл хайрхан гэж нэрлэдэг байсан тэр уулын орой дээр ноёдууд даага уралдуулж, хурдан морь болох зүрх, цээжийг нь нээдэг байсан гэх. Яг л тэр уулын оройгоор зугаалж хүүхэд насаа өнгөрөөсөн Чимэддоржийн багадаа зурсан адууны зургийг нутгийн хүмүүс хоймрын авдартаа тавьдаг байсан нь ирээдүйд дэлхийн урлагийн сод бүтээлүүдийг цуглуулсан музейнүүдэд олноороо очих бэлгэ дэмбэрэл байсан гэлтэй. Тэгэхдээ энэ бүхэн мэдээж хялбархан бүтээгүй бөгөөд түүний насан туршийн эрэл хайгуул, хичээл зүтгэлээр боссон байна.

Энэ 2017 онд Хонг Конгд Чимэддоржийн үзэсгэлэнг зохион байгуулсан ХанАрт галерейн захирал, куратор Чан Цон Зуны бичсэн "Лууг унахуй буюу Ш.Чимэддоржийн уран бүтээл дэх морьд" гэх өгүүлэл бичжээ. Тэнд "Чимэддоржийн зургийг үндсэндээ хоёр хэсэгт хувааж болно. Түүний тосон будгийн бүтээлүүд сүүлийн 20 гаруй жилд хийсэн ажлын ихэнх хэсгийг эзэлнэ. Харин нөгөө хэсэг нь анх дасгал, судалгааны зорилгоор хийдэг байсан бэхэн таталбар бөгөөд сүүлийн 8-9 жилээс бүтээл хэлбэрээ олсон" гээд, "Бэхэн зургийн хувьд зураачийн гар, сэтгэлгээ хоёр ямар ч чөдөр тушаагүй хөдөлж, зураас болгоноос амьдралын эрч хүч, эрх чөлөө цацарна" гэж бичжээ.

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм (фото 2)

Энэ нь бэхэн зургаар морь зурах өнө эртний уламжлалтай Хятадын соёлд өнөөдөр үзэгдэхээ больсон ховорхон үзэгдэл ба хамгийн сүүлд ХХ зуунд морьтой холбоотой гарсан дорвитой бүтээл гэвэл зөвхөн Сюй Бэйхун (1895-1953)-ы зурсан давхиж буй морьд гэж Чан Цон Зун нэрлэжээ.

Эндээс харвал бидний хувьд жирийн л нэг морь, энгийн нэгэн зургийн цаана ямар их утга учир байна вэ гэдэг нь мэдрэгдэнэ. Магадгүй дэлхий ертөнц түүгээр дутагдаж яваа ч юм билүү.  Тэр орон зайг зураач Ш.Чимэддорж өөрийн сэтгэл хөдлөл, бийрийн таталтаар багахан ч атугай дүүргэж, бидний дунд амьдарч, туурвиж яваа нь гайхалтай хэрэг биш гэж үү? Үнэндээ адуу гэгч амьтны ертөнцийг сүргийн дотор орсон мэт мэдэрч, морины нүдээр ертөнцийг харж байгаа мэт дүрсэлсэн түүний бүтээлүүдэд бид өөрсдөө, монголчуудын амьд харилцаа оршиж байгаа нь бүр ч бахдалтай.

***

Та энэ жилийн Венецийн Биеннальд оролцож, Хонг Конгд үзэсгэлэнгээ гаргалаа. Тэдгээр үйл явдлын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу

Хонг Конгд гарсан үзэсгэлэнд хятадын өнцөг булан бүрээс куратор, урлаг судлаачид ирж сонирхсон. Сөүлээс Монгол судлаач, Тайвань, Сингапураас өөр гадны мэргэжилтнүүд ч ирсэн. Тэд өөрсдийн сэтгэгдлээ хэвлэлд ярихдаа "Хятадад ийм морь зурдаг хүн байхгүй", "Хятадын бэхэн зургийн түүхэнд байгаагүй морь зурдаг зураач" гэж байсан. CNN телевизийн сурвалжлагч хэлэхдээ, "Энэ хүний үзэсгэлэн гарсанд Хонг Конгийн ард түмэн талархах ёстой" гэж хэлсэн шүү. Энэхүү үзэсгэлэн маань надтай арваад жил хамтарч ажиллаж байгаа ХанАрт галерей зохион байгуулж, захирал нь болох куратор нь өөрөө монголд ирж бүтээлүүдийг маань сонгож гаргасан юм. Тэр галерей гадны хоёр л уран бүтээлчтэй хамтарч ажилладгийн нэг нь би бөгөөд өөр нэг энэтхэг хүн байдаг.

Венецийн Биенналь танд ямар сэтгэгдэл төрүүлэв

Венеци бол хүн төрөлхтөний өнөөгийн урлагийг тодорхойлдог том фестиваль шүү дээ. Тэр наадамд орчин үеийн урлагт тодорхой хэмжээний шинэ, содон бүтээл хийсэн хүн оролцдог, орсон байх юм бол бахархдаг. Энэ үйл явдлыг зураач болсноос хойш надад оногдсон хамгийн том шагнал боллоо гэж бодсон. "Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зураач" гэх эрхэм нэрийг би төрийн минь хишиг гэж бодолгүй яах вэ. Тэгэхдээ Венецийн Биеннальд оролцоно гэдэг бол миний хувьд нэг мөрөөдөл минь биелсэн гэсэн үг юм. Тэнд ирсэн хүмүүс бүгд л баярлаад, гар барьж, алга ташаад, олон цуглуулагчид бүтээлийг минь худалдаж авья гэж санал тавьж байгаа зэрэг нь надад маш том шагнал юм.

Таны бүтээлүүд нэлээн орны үзэсгэлэн галерейд байнгын бүтээл болсон гэж би сонссон. Монголчууд маань дэлхийгээр аялахдаа очиж сонирхвол ямар, ямар газар таны бүтээлтэй танилцаж болох вэ?

Японд Фукүока дахь "Азийн Урлагийн Музей" миний зургуудыг тус хотын нэрэмжит Азийн Триенальд оролцож байхад авч байсан нь бий. Францын морины музей болох "Музей де Шантилли"-д 60 зураг бий. Парисаас 30 км-ын зайд байдаг эртний цайзад тэр музей байдаг. Мөн Сөүл хотын "Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музей," бас "Моран" музейд миний бүтээлүүд байгаа. Европын банк, Голландын банк, Сингапурын Капитал Лэнд компанийн цуглуулгад байгаа. Ер нь дэлхийн хэмжээний олон цуглуулагчдад миний бүтээл байдаг ба би заримыг нь сайн санахгүй байна.

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм (фото 3)

Та Европ, Ази, Америк тивүүдэд үзэсгэлэн гаргаж, урлагийн ертөнцтэй холбогдсон олон хүнтэй уулзаж явсан байх. Тэдгээр өөр тивийн хүмүүс  хүлээж авах хандлага нь манайхнаас хэр байдаг вэ? 

Манайд бол хүмүүс зургийг гэрээ чимнэ гэж авдаг. Европт бол урлагийн бүтээл бол үндсэн хөрөнгөнд тооцож цуглуулдаг. Гол онцлог нь энэ л юм даа. Монголд хүмүүс гэрийнхээ аль нэг хана, буйдангийн өнгөтэй зохицуулж авах гэдэг үзэл нь өөрчлөгдөхгүй байгаа юм. Харин барууныханд бол бүтээл, байшин хоёр ямар ч хамаагүй. Зураачийн сэтгэлгээ, уран сайхны шийдэл, хэнтэй ч адилгүй өөрийнх нь чанар чухал. Түүнээс ямар нэгэн Чагал, Пикассотой адилхан байх юм бол авахгүй. Тэр хүний өөрийн бүтээл биш байна гэж үздэг. Урлаг гэдэг чинь зөвхөн хүний өөрийнх нь сэтгэлээс гарсан тийм л зүйл шүү дээ. Ганцхан зураас ч гэсэн сэтгээлээс гарч, онож татсан бол урлаг гэж үздэг.

Таны өмнөх ярилцлагуудад сургуульд суралгүй өөрөө зураач болсон гэдгээ хэлж байжээ. Та хүүхэд байхдаа элс, цасан дээр дэрс багцлаад зурдаг байсан гэдэг. Юу зурдаг байв?

Би багадаа элс, цас, хад чулуун дээр л зурж өссөн. Хааяа цаас олдох юм бол бас зурна. Б.Лхагвасүрэнгийн хэлсэн "Өөрийгөө ирлэж, өрөөлийг хурцалдаг Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий бий" гэдэг агуу гоё шүлгэнд гардаг чулуу маань маш зөөлхөн, өөрөөр нь зурахаар цагаан шохойгоор зурж байгаа юм шиг болдог. Тэр үед би морь л зурна. Тэгээд бас юу харагдсанаа зурдаг байжээ.

Та болон бусад морь зурж байгаа монгол зураачид ерөнхийдөө мориор дамжуулж хүнийг, хүний харилцааг ч  юм уу бидний сэтгэлд мэдрэгдэж байгаа сайхан болоод гунигтай мэдрэмжийг дүрсэлдэг. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэг болов уу?

Хүмүүс жирийн морь зурах нь олон. Би бол морь зурдаггүй. Морь зурахдаа аль болох Монголын тайван амгалан, хязгааргүй эрх чөлөөг, тусгаар тогтнолын үнэ цэнийг дотроо бодож, хайрлаж зурдаг. Улс, үндэстнийхээ аль болох хүчирхэг талыг нь дэлгэдэг. Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрсэлдэг. Их Монгол улсыг байгуулсан өвөг дээдэс минь мориор л дэлхийг тамгалсан. Тэр агуу гүрэн өөрчлөгдсөн ч одоо хэр нь бидний цусанд тэнгэрлэг хувь тавилан минь бий. Эрт цагийн баатруудын сүр хүч, хатад бүсгүйчүүдийн байр байдлыг би дотроо төсөөлж зурдаг даа. Мэдээж хүн хараад ойлгох зүйл зурна шүү дээ. Түүнээс зүгээр нэг хэдэн адуу биш. Тэд хоорондоо ярьж байгаа юм шиг, заримдаа би дотор нь морь болоод явж байгаа юм шиг маягаар л.

Зураг гэдэг чинь өөрөө цаанаасаа төрдөг. Анхнаас нь зурья гэж боддоггүй. Миний хувьд зураг өөрөө сэтгэлд олон хоног боловсорч байгаад цаг нь ирэхэд хоосон хавтгайд буух дүр төрх нь шүлэг шиг л урсан орж ирдэг. Бэхээр зурах, тосон будгаар зурах гэдэг нь ч тэр үед л шийдэгдэнэ. Заримдаа бэхээр зурж байтал тосон будгаар зурах үе ч гарна.

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм (фото 4)

Таны бэхэн зургийн талаар урлаг судлаачид хэлэхдээ "Илэрхийлж үзүүлэхээс илүү таамагласан байх. Сэтгэл хөдлөлийн гэхээсээ бодож тунгаасан байх" гэж бичжээ. Энэ үйл явцын талаар та яриач.

Бэхээр зурах  зургийн дүрслэл хэдхэн минут, секундэд бүтнээрээ орж ирдэг. Бараг цаас дэлгэж байх агшинд алга болчихмоор, бийрээ буруу газар дарчихвал балартчихмаар тийм эмзэг торгон мэдрэмжээр. Гол нь түүнийг зураач мэдэрч харна гэдэг Бурханы хишиг байх.

Та зурахгүй удаж байсан уу

Зурахгүйгээр ерөөсөө уддаггүй.  Заавал нэг зүйл татаж, хундага сөгнөсөн чиг л дэвтэртээ хүн шоглож зураад л суудаг.  

Шинэ үзэсгэлэнд дэлгэх баримлууддаа та өмнөх бүтээлүүдээсээ өөр жирийн монгол ахуйг дүрслэн үзүүлсэн байна. Эдгээр бүтээл төрсөн түүхээс ярихгүй юу.

Би яг тийм юм хийе гэж боддоггүй. Тэр үед санаанд орсноо л буулгадаг. Эдгээр баримлууд бол Бээжинд хийсэн ажлууд. Монгол шатар ч юм шиг галбиртай болсон энэ ажлуудад үндэсний уламжлалт арга барил илүү их орсон байх. Ямар нэг утга санааг бариагүй. Зүгээр л тайван сайхан монгол ахуйгаа санагалзсан хэрэг. Жаахан байхад тугал татаад л, эмээдээ загнуулж байснаа дурсах ч юм уу. Тэгсэн мөртлөө энэ үйл явдлыг дүрслэхдээ реалист хэлбэр хөөгөөгүй.

Тантай урлагийн талаар олон хүн ярилцаж байснаас хариулахад их урамтай асуулт юу байв? Гадныхан ер нь юу асуудаг вэ?

Монголын урлагийн тухай асууна. "Таны зураг их сонирхолтой, сонин байна. Урам зоригоо хаанаас олж авдаг юм бэ, монгол чинь хөгжилгүй орон шүү дээ" гэнэ. "Зургийг чинь харахаар аягүй хөгжилтэй юм, та Пикассо, Дали энэ тэрийн талаар хаанаас олж мэдсэн бэ" гэж асуудаг байсан. Францад анх 1993 онд очоод зураач нартай ярилцаж байхдаа, "Өө, энэ Модиглианигийн зураг байна шүү дээ" гэхээр хаанаас олж мэдсэн бэ л гээд шалгаана. Гэтэл өнөөдөр Монголын зураачид бүгдийг нь, бараг Луврыг тэр чигээр нь мэднэ шүү дээ. Нарийндаа тэд өөрсдөө мэддэггүй байхгүй юу. Зураг болоод урлаг бол мэддэг байж бүтээдэг зүйл гэдгийг тэд мартчихсан байна. Мэдэхгүй байх юм бол илүү сайхан гэж үздэг болчихсон ч юм шиг надад бодогддог.

Ер нь бол мэдэхгүй бол өөрөөрөө байж чадахгүй, хэн нэгэнтэй адилхан байх магадлал өндөр болно, тийм үү?

Тийм ээ. Сүүлдээ бүр аль болохгүй юмыг хийж байвал тэрнийг гоё гэж үздэг. Бүх дэлхий ертөнцийн дотроос гарч ирнэ гэдэг хэцүү. Түүнээс болж аль санамсаргүй материал ашиглана, хаана үзэгдэж харагдахгүй юм байна түүнийг дэглэнэ. Орчин үеийн технологи ашиглаад хийнэ. Тэд бол яах ч аргагүй өнөө цагийн өнгө төрх мөн. Тэгэхдээ үлдэх гэдэг бол урлагт их чухал юм. Магадгүй цаг хугацаа өнгөрөхөд түр зуурын үзэгдэл болж мэднэ.

Хүний сонирхлыг татаж, өдөөж өгчихөөд л мартагдана гэж үү?

Мэдээж бас цаг үедээ түрүүлж сэтгэсэн нь танигдаж, үлдэх нь бий.

  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06
  • /
  • 06

Таны болоод монгол уран бүтээлчдийн зураг барууныханд их өнгөлөг, тод санагддаг уу.

Тод санагдана.

Энэ нь бидний байнга нартай, их орон зайд амьдардагаас болдог уу?

Орон зай, хүмүүсийнх нь уужим сэтгэлтэй холбоотой. Хэнэггүй байдал ч нөлөөлнө. Юманд баригддаггүй, айдаггүй байх гэдэг ч чухал. "Тэгвэл яана, ингэвэл хүнд таалагдах болов уу" гэж хийх юм бол юу ч гарч чадахгүй.

Би өөрийн зурдаг тод өнгийг аль болох хиртүүлчихгүй, бүдгэрүүлэхгүй байхыг эрмэлздэг. Цаана нь ямар өнгө тавих вэ гэдгээ мэдэрч байх хэрэгтэй. Тэрийг гаргаж, хадгалах нь миний сурсан сургууль юм.

Ер нь давтагдашгүй өнгө гэж байдаг уу?

Байхгүй шүү дээ. Хүн түүнийг ямар өнгөтэй харшуулж байгаагаар л тэр өнгөний хүч харагдана.

Та насаараа урлагт явахдаа олон үеийн залуучуудыг харсан. Тэдэн дотор шинийг хийх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн залуус байхад өөрийгөө тоосон байдалтай, өөртөө хэт эрдсэн нь ч байсан байх. Ерөнхийдөө жинхэнэ уран бүтээлч болох хүмүүст ажиглагддаг нийтлэг зүйл юу вэ?

Өөрийнхөөрөө байх л хамгийн чухал. Юу ч байсан өөрийнхөөрөө ертөнцийг үзэж буйгаа хийх. Үүний тулд өөрийгөө бэлдсэн байх ёстой. Хаашаа нь хамаагүй замаар яваад байж болохгүй. Өөрийнхөө дотроос гарч байгааг мартаж болохгүй.

Ер нь сайн уран бүтээлч болоход урт хугацаа хэрэгтэй юу?

Тэгэлгүй яах вэ, авьяастай улсууд байдаг л байх. Би лав насаараа зурсан. Одоо ч гэсэн чадахгүй л байгаа юм. Хүн төрөлхтний гоё сайхныг бүтээсэн тэр орон зайд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулахыг мөрөөдөж байгаа шүү дээ. Тэр мөрөөдөл одоо ч хэвээр байна. Илүү гоёыг хийх юмсан гэсэн эрмэлзэл дотор булгисан хэвээрээ л. Дотроос минь байнга өдөөх тэр хүсэл мөрөөдөл биднийг урамшуулдаг. Яавал том юм хийх үү. Тийм том цаас олдоосой, талбай байвал дүүргэхсэн гэж мөрөөддөг байхгүй юу. Тэр хүслүүд заримдаа биелнэ, заримдаа биелэхгүй. Хааяа "чааваас даа" гэж бодох  ч үе гарна. Энэ нь болохгүй байгаадаа биш. Чадахгүй байгаа нь л тэр юм. Чадах арга, эв дүйгээ олоогүйгээс гадна дутуу бодсоноос болж гацчихдаг. Тийм учраас зураг бүтээхийн ерэн хувийг дотроо бодож, бүрэн боловсруулахад зориулдаг бололтой юм. Нүдэнд харагдаж байж л бүтээл болгодог байх аа.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Та түүний бийрийн ажиллагаа нягт, дүрслэл алдаагүй, хиймэл хуурамч зүйл огт байхгүй болохыг "Цагийн урсгал" үзэсгэлэн гарч буй Тооно галерейд ирж сонирхоорой. 

Ш.Чимэддорж: Миний зурж буй морьд бол Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн төрх юм (фото 5)

Ж.Чинбат

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх