Хайх

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ?

Хунт нууранд өөрийгөө тольдох нь

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ?
Хүмүүс яагаад театрыг зорин очиж, балет үздэг вэ? Мөн балет үздэггүй хүмүүс юуг мэдэхгүй өнгөрөөдөг вэ?

Өнгөрсөн амралтын өдөр Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт "Хунт нуур" бүжгэн жүжиг тоглогдож, балетын жүжигчин Б.Саруул дахин нэг удаа хар, цагаан хунгийн дүрээрээ үзэгчдийн мэдрэмжийг хөглөлөө. Ганцхан Б.Саруул ч биш театрын балет ангийн бүжигчид, маестро Ж.Бүрэнбэхийн удирдсан симфони найрал хөгжимчид хамтаараа танхимд цугларсан үзэгчдэд зориулж бүхий л ур чадвараа нэгтгэн хүргэсэн. Харин тоглолт эхлэхэд үзэгч нь ирж амжаагүй хоосон суудал цөөнгүй харагдав. "Хунт нуур"-ын өмнөх "Жизель" балет дээр танхим дүүрэн үзэгчтэй байсан ч түүний өмнөх "Үйлийн гурван толгой" балет тоглогдох үед бүх суудлын бараг тал нь эзгүй байсан юм. Түүний дараахан МУГЖ Д.Алтанхуяг нийгмийн сүлжээний хуудсандаа "Дуурийн театрт балет үзэхээр ирлээ. Их олон сайхан уран бүтээлчид ажиллаж байхад үзэгчид байхгүй байгаа нь сэтгэл ..." гэж бичсэн байлаа. Энэхүү сэтгэгдлээс улбаалж "Яагаад хүмүүс театрт ирэхгүй байна вэ" гэх сэдвээр үзэгчид, уран бүтээлчид, сонгодог урлаг сонирхогчдын дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөөд авсан. 

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ? (фото 1)

Тэгвэл яагаад хүмүүс театрыг зорин очдог юм бэ гэх асуултанд эхлээд хариулт олох хэрэгтэй. Мэдээж хүн мэдрэмж авах гэж очдог. Гоо зүйн таашаал хүнийг багахан хугацаанд боловч бүрэн цэнэглэж чадна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тоглогдсон "Sentiment" балетын тоглолт дээр би "Монголын шилдэг 20 групп"-ын нэгийг тэргүүлдэг хүнтэй таарсан юм. Тэрээр "Улс төр, эдийн засаг гэж авах юм алга. Өнөөдөр бүр ядраад, энд нэг сайхан тоглолт үзэхээр ирлээ" гэж хэлж байлаа. Тэр хүн бол уран зургийн арвин цуглуулгатай, урлагийн бүх талын сонирхолтой нэгэн бөгөөд бизнес нь ч маш амжилттай өргөжин тэлсээр байгаа юм. Түүнтэй адилхан алдагдсан оюуны эрч хүчээ урлагаар нөхдөг хүмүүс олон бий.

Нөгөө талаар томоохон тоглолтын үеэр үүдэнд хүлээж зогсдог олон папарацци зурагчдад өртөх гэсэн сонирхолтой хүмүүс ч байгаа. Гэлээ гээд тэд балетчидыг маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник үзүүлэх үед алга нижигнүүлэн ташиж, "Браво" гэх урмын үгийг харамгүй хэлж чаддаг. Сүүлийн үед мөн балетын урлагийг сонирхогч залуу үеийн төлөөлөл эрс нэмэгдсэн. Жишээ нь 17 настай нэгэн охин "Хунт нуур" бүжгэн жүжгийг үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа, "Сонгодог урлагийг ойлгож, мэдэрдэг хүн цаг үеэсээ нэг алхам түрүүлж алхдаг" гэж бичжээ. Анх 15 настайдаа театрт очиж, балет үзэж эхэлсэн түүнийг үеийнхэн нь "Чи ямар хөгшин стильтэй юм бэ" гэхэд нь тэр бүсгүй "Урлаг хэзээ ч хөгширдөггүй" гэж хариулсан байлаа.

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ? (фото 2)

Үнэндээ хөгжим, бүжиг, үггүй жүжиглэлт гурвын цогц нийлбэрээс бүтдэг балетын урлаг зөвхөн тайз, үзэгч хоёрын дунд үүсэх амьд холбоон дээр тогтдог. Үүнийг мэдэрч үзээгүй хүмүүс л сонгодог урлагийг "хөгшин" гэж тодорхойлдог бололтой. Гэвч бид хүний мэдрэмжинд нас оноох боломжтой гэж үү? Дээр нь үзэгчийн царай зүс, өмсгөл зүүлтээр нь балет үзэж буй хүнийг дүгнэж болдоггүй. Театрт ёслолын хувцас өмсөж ирэх соёл байдаг ч ганган хувцастай хүн бүр сэхээтэн биш шүү дээ. Холливүүдын найруулагч Даррен Арановскийн "Хар хун" кинонд гардаг жинхэнэ сөрөг дүр нь хүний өөрийн эго юм гэдгийг олж харж, П.И.Чайковскийн хөгжмийн зохиол юугаараа агуу вэ гэдгийг жишээгээр тайлбарлаж чадах хүн ямар ч хувцастай, хэдэн ч настай хүн байж болно.

"Хунт нуур" балет гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй бөгөөд бүх л бүжгэн жүжгийн адил нэг ч үг хэлэгддэггүй. Тэгсэн хэр нь үзэгчдэд хайр сэтгэл, хүсэл шунал, сайн муугийн тэмцэл, хүчтэй хүчгүйн өрнөл, бодит болоод бодит бусын ялгаа гээд маш олон зүйлийг бүжгийн хэлээр өгүүлж чаддаг. Гол нь "Хунт нуур" балет 1895 оноос хойш нэг л зохиол, дэглэлтээрээ тоглогдож байгаа ч үргэлж л хүмүүст шинэ мэдрэмж төрүүлдэг юм. Үүний дэргэд бүтэн цагийн турш маш их ярьж, уйлж, дуулдаг бусад сонгодог бус тайзны үзүүлбэрүүдийг аваад үзэх юм бол ихэнх нь цаг зуурын зугаа гаргах зориулалттай байдаг. Тиймэрхүү хэт шоу найруулгатай, "сэтгэлийн массаж" хийдэг үзвэрт дассан хүмүүст магадгүй балет, дуурь хөгшин хүний урлаг шиг санагддаг байж болох юм.

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ? (фото 3)

Балет бол ганцхан гоо зүйн мэдрэмжээр дамжуулж сэтгэлдээ массаж хийдэг зүйл биш. Харин ч хүн өөрөө эгогоо дарж, хүнлэг ариун сэтгэлтэй байх ёстой юм байна гэдэг ухаарлыг төрүүлдэг урлаг. Гэвч жинхэнэ урлагийг бүтээхэд болон ойлгоход  хэзээ ч амархан байдаггүй. Аль ч тохиолдолд хүнээс тодорхой хэмжээний мэдлэг, ёс суртахууны боловсрол, амьдралын мөн чанарыг ойлгох гэсэн хүсэл эрмэлзэл шаарддаг. Дээр нь ийм төрлийн сэхээрсэн боловсролыг бакалавр, магистрын дипломоор тодорхойлох ямар ч арга байхгүй. Бас хүмүүс балетаар дамжуулж тархиндаа тунгааж, сэтгэлдээ мэдэрсэн зүйлсээ тэр бүр ил зарлаад явдаггүй. "Хоосон сав дуу их гаргадаг" бол харин сэтгэл, оюунаа цэгцэлж чадсан хүнийг зан байдал, үйл хэрэг нь илтгэдэг.

Тэгэхээр театрт очиж байгаагүй хүмүүс сайхан тоглолт үзэхээс гадна өөрийгөө шинэ өнцөг, шинэ нүдээр танин мэдэх боломжтой байх нь. Харин балетын жүжигчдээ нэрээр нь таньдаг, бүтээсэн дүрүүдээр нь харьцуулж хардаг байнгын үзэгчид арай өөр зорилготой. Тэд үгээр тодорхойлж хэлэхэд дэндүү хайран өөрсдийн нандин мэдрэмжээ дахин амтлахын тулд ариун сүм гэгдэх театрын ертөнц рүү байн, байн зочилдог болов уу.

Ж.Чинбат

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх