Хайх

Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй

Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй

Гэрэл зургийн тухай

Text: Ж.Чинбат


Гэрэл зурагчин Ц.Шувуугийн хорин зургийг Австралийн MRIT сургуулийн багш Жерри Галиа худалдан авчээ. Түүний сонирхлыг ямар зургууд, яагаад татсан талаар бид Ц.Шувуугаас асуулаа

"Монголын гэрэл зураг" сэдвээр докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж буй Жерри Галиа өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатарт ирж, олон зурагчидтай уулзаж, ярилцсан байна. Тэрбээр Австралийн Мельбурн хотын хааны нэрэмжит технологийн институтид багшилдаг бөгөөд өөртөө болон оюутнууддаа зориулж Ц.Шувуугийн зурагнуудаас худалдан авчээ. 

Чамайг яагаад Шувуу гэдэг юм бэ? Энэ чиний жинхэнэ нэр үү?

Шувуу гэдэг нэрийг аав минь надад өгсөн ч багадаа өвдсөний улмаас нэрээ сольж байсан. Одоо бол энэ нэрээрээ яваа. 

Ц.Шувуугийн зургууд фэйсбүүкт Yellow bird нэрээр байдаг. Чиний зургууд монголын үзэгчдээс гадна зарим нэг хүмүүсийн анхаарлыг татсан бололтой?

Австралийн MRIT сургуулийн гэрэл зургийн багш Жерри гэдэг хүн хоёр жилийн өмнө нээсэн хуудсыг минь үзээд надтай холбогдож байсан л даа. Тэгээд Монголд ирэхдээ надтай уулзаж, ярилцсан юм. 

Тэр хүн зургуудаас чинь худалдаж авч байгаа гэсэн. Түүнд чиний юу таалагдсан юм бол?

Өмнө нь цахимаар харилцаж байсан ч энд уулзахад ярилцлага их нөлөөлсөн байх. Миний анзаарснаар бид хоёрын зан чанар, харж байгаа өнцөг төстэй санагдсан. Тэгээд Жерри миний зургуудаас худалдаж авья гэсэн санал тавьсан юм. Би хэзээ ч зургаа зарж байгаагүй болохоор надад их сонирхолтой санагдсан. Мэдээж би зөвшөөрсөн.

Ямар зургуудыг нь сонгож авсан бэ?

Ер нь бол тэр хүний харж байгаа өнцөг миний бодсоноос өөр байсан. Би монголын тухай сэдэвтэй зураг их сонгох байх гэж бодсон ч тэр тэгээгүй. Жерри хувьдаа арван зураг авснаас гадна оюутнууддаа зориулж мөн арван зураг авахаар болсон. Бас хальсаар авсан зурагнаас сонгосон. 

Зургаа анх удаа зарахдаа хэрхэн үнэлсэн бэ?

Эхлээд би үнэ хэлж мэдээгүй. Найз маань нэг зургаа 50$ гэж хэлж, тэгэхдээ эхлээд өөрийнх нь үнийг сонсохыг зөвлөсөн. Тэгээд асуутал тэрнээс олон дахин үнэ санал болгосон. Яг тодорхой хэлмээргүй байна.

Жерри чамаас гадна олон гэрэл зурагчидтай уулзаж, ярилцсан байсан. Чамаас тэр голчлон юу асуусан бэ?

Миний багын түүх болоод зургаараа юу илэрхийлдэг, ямар утга санаатай, хүмүүс үзээд юу мэдрээсэй гэж боддог вэ гэх зэрэг асуултууд ирсэн. "Өөрийгөө ямар чиглэлийн гэрэл зурагчин гэж боддог вэ?" гэхэд нь "Мэдэхгүй байна. Би өөрийгөө анчин гэж боддог" гэж хариулахад Жерри бас өөрийгөө тэгж боддогоо хэлсэн.

Тэгвэл чиний зураг хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлээсэй гэж чи хүсдэг вэ?

Тайвшраасай гэж боддог. Хэдхэн секунд ч болтугай өөр зүйлд сатаарч, тэр зураг руу орох ч юм уу.

Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй (фото 1)

Зурагчин бүрийн өнгө, өнцөг өөр. Чинийх ямар вэ?

Би Хонг-Конг, Япон, Тайваны гэрэл зурагчдын зургийг хардаг болоод удаж байгаа. Тэдний зургийн уур амьсгал их таалагддаг. Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй. Бидэнд өөрсдийн гэсэн амт байгаа.

Гэрэл зурагчин болоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй юу? Эсвэл дарсан болгон чинь бүтээл гэж боддог уу?

Би өөрийгөө шууд тийм мундаг хүн болчихно гэж бодохгүй байна. Өмнө нь авсан зургуудаа харахаар надад ичмээр санагддаг. Гэхдээ тэр миний бүтээл. Тэд байгаагүй бол хүнд таалагдаж, миний зургийг худалдан авахгүй ч байсан юм билүү.

Чамд зургийн санаа, урам өгдөг гол зүйл юу вэ?

Өмнө нь дуу байсан. Одоо бол өөр. Жирийн жижиг зүйлээс би аз жаргалыг мэдэрдэг болсон. Гудамжинд ээжийгээ хөтөлчихсөн хүүхэд над руу хараад инээмсэглэх ч юм уу.

Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй (фото 2)

Монголд гэрэл зурагчин бэлтгэдэг сургууль хараахан алга. Ихэнх зурагчид өөрсдийн туршлагаар уран бүтээлч болдог. Энэ сайн уу, муу юу?

Мэдээж бидэнд гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн, ерөнхий мэдлэг хэрэгтэй. Ирээдүйд бид гадаад ертөнцтэй өрсөлдөх гол хүчин зүйл нь тэр. Тэгэхдээ нэг бодлын монголд байгаа энэ нөхцөл шинэлэг зүйл ч болж болох юм.

Чи сэтгүүлд "Улаанбаатарын хүмүүс" гэж булан хөтөлдөг. Монголчууд ер нь нийтлэг хүмүүс үү, эсвэл хоорондоо өөр үү?

Монголчууд бие биенээсээ айдаг ч юм уу, бие биенээсээ хол байхыг хүсдэг. Гэхдээ миний анзаарснаар хүн болгоны дотор их гоё мөн чанар бий. Хамгийн цайлган ч юм уу, хамгийн хайрламаар зүйл байх. Үүнийгээ хүмүүс их хааж, нуудаг. Тийшээ нэвтрэх л хамгийн чухал.

Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй (фото 3)Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй (фото 4)Ц.Шувуу: Гэхдээ би дуурайхгүй. Дуурайсан ч чадахгүй (фото 5)

цааш үзэх