Ц.Цэгмэд: Зураг бол минийхээр ямар нэг зугаа, тоглоом юм
Төрийн соёрхолт зураач
Өнгө гэдэг хэчнээн гайхалтай зүйл болохыг харуулсан нэгэн үзэсгэлэн гараад байна. Байгалийн хэвлийд олон мянган жил бойжиж бий болсон үнэт чулуудын хээ шиг тэдгээр өнгөнүүдийн хослол нь тун гайхалтай болжээ. Говийн зэрэглээнээс, шөнийн зүүднээс гарч ирсэн юм шиг урд нь харж байгаагүй, огт санамсаргүйгээс бий болсон өнгөний зохицлыг Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд бий болгожээ.
Эдгээр бүтээлүүдийг орчин үеийн уран зургийн төрөл дотроос импрессионист, пост-импрессионист, сюрреалист чиг хандлагад оруулж болох авч Ц.Цэгмэд гуай өөрөө зүгээр л "Монгол зураг" хэмээн тодорхойллоо. Монгол уран зураг гэж юу болох тухай бид өмнө нь нийтлэж байсан билээ. Тэрхүү нийтлэлд судлаач, зураачид "Монгол зураг бол дүрс, хэлбэр, түүний утга агуулга дээр тогтох ба түүнийг зураасан зураг, тосон будгийн ажил гэх зэргээр техник талаас нь ангилахгүй" гэж өгүүлсэн байгаа. Тэгвэл Ц.Цэгмэд гуайн шинэ үзэсгэлэнгийн бүтээлүүд эртний монголчуудын бүтээсэн дүрс, түүний бэлгэдэл, утга санаа, ертөнцийг үзэх үзлийн цогц дээр бий болж, орчин үеийн контемпорари монгол зургийн дүр төрхийг гаргажээ. Энэ тухай зураач Ц.Цэгмэд гуайтай ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Та үзэсгэлэнгийнхээ нээлтэн дээр "Өөрийн бүтээлүүдээ бодож, төлөвлөж зураагүй" гэж хэлж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ?
Надад зураг зурах зорилго байдаг ч харин яг юу зурах вэ гэсэн төлөвлөгөө байдаггүй тухай хэлж байгаа юм. Зураг бол минийхээр ямар нэг зугаа, тоглоом юм. Би зурахдаа бэлдэж зотонгоо татаж, будагнуудаа өрж тавихаасаа эхлээд яг ийм зүйл зурья гэж төлөвлөдөггүй. Энэ нь яг л бөө нарт онгод, тэнгэр орж ямар нэг зүйл ярьж эхэлдэгтэй адилхан. Зураач нарт далд ертөнцийн онгод орохоор тэд бийр будгаараа тоглож, ямар нэг юм хийж эхэлдэг. Энэ санааг би олон жил хүүхдүүдэд багшилж байхдаа анзаарч олж харсан юм. Хүүхдүүд дургүй хичээл дээрээ хамгийн арын ширээнд суучихаад өөрийн мэдэлгүй ширээн дээр ямар нэг юм эрээчиж зурдаг. Хүүхдүүд тэр үедээ юу зурж байгаагаа огт бодоогүй байдаг. Харин тэдэнд ухамсараас ангид зөн билгээр нь орж ирж буй далд ертөнцийн санааг ширээн дээр буулгаж байгаа нь тэр юм.
Танд тэгвэл зургаа зурахаар бэлдчихсэний дараа бийрээ авч эхний шанхыг татах хөдөлгөгч сэдэл голчлон юу байдаг вэ?
Би зургийнхаа сэдлийг авахын тулд өөрт таалагдсан зүйлсээсээ урам авдаг. Ер нь бол миний зураг гэдэг ямар нэгэн бүтээлээс, амьдралаас харж сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйлсийн илэрхийлэл байдаг. Тэрхүү далд ертөнцийн санааг зураг болгон буулгахдаа би аль болох үзэж буй хүнд эерэг эрчим хүч өгөөсэй гэж зургаа зурахын өмнө заавал хажууд нь лаа асааж, галын дөлөөр ариусгаж зургаа эхэлдэг.
Таны бүтээлүүдэд ихэвчлэн эртий амьдрал ахуй харагддаг. Дээр нь хадны зураг ихтэй, тэмээн жин их дүрслэгддэг. Эдгээр зүйлсийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө харах байх. Тэгэхдээ та энэ бүхнээр ямар нэгэн зүйл илэрхийлэхийг хүссэн үү?
Миний хамгийн дуртай сонирхол бол монгол нутагт үлдсэн хад чулууны зургууд юм. Олон төрлийн зургуудыг үзээд байхаар надад тодорхой хэмжээний боловсрол бий болж, улмаар би хадны зураг шиг дүрслэх дуртай болчихсон хэрэг. Зураг зурахдаа би тийм зүйл зуръя гэж төлөвлөхгүйгээр тухайн үед ямар нэгэн зүйл зурах сэдэл авмагцаа л янгирын толгой ч юм уу, тэмээний бөх зурж эхлэх ба дараа нь сэтгэлийн аясаа даган зургаа гүйцээдэг. Мэдээж амьдрал дээр тэмээний хөл миний зурганд байгаа шиг тийм урт байхгүй л дээ. Би өөрийн зургуудаа Монгол уран зураг гэж боддог. Яагаад гэвэл энэ хадны зураг гэдэг бол Монголчуудын хамгийн эртний дүрслэл юм. Эртний монгол дүрслэлийг би орчин үеийн урлаг болгож үзүүлж буй нь энэ.
Нүүдэл дүрсэлдэгийн хувьд?
Нүүдэл бол амьдрал бөгөөд хөдөлгөөнийг илэрхийлдэг. Эхлээд би нүүдэл зуръя гэж бодож байгаагүй л дээ. Харин зургаа зурж дууссаны дараа өөрөө ямар утга учиртай зүйл хийснээ олж тайлахаар янз бүрийн зүйлээс уншиж, судлаж эхэлсэн. Тэгээд тэмээ бол хүнд дандаа эд баялаг, аз жаргалыг авчирдаг зөн билгийн санаатай амьтан юм байна, үхэр тэрэг бол дандаа хүн амьдралаа хөтлөөд явж буй арга ухааныг бэлгэдэж байдаг гэдгийг олж ойлгосон.
Таны зургуудыг харахад надад байгалийн болоод үнэт чулууг зүсэхэд гарч ирдэг хээ, дүрслэлтэй их адилхан санагдах юм.
Хадны зургийг харж судалдаг байхдаа түүний хээ, модны хээг их харж, таашаал авч суралцсан учраас би зурахдаа будгаа химийн урвал шиг болгож, холимог техникээр суурь дэвсгэр тавьдаг л даа. Үүний дараа би ямар нэгэн хүн, морь дүрслээгүй байхад л тэр дэвсгэр хээ өөрөө надтай харьцаад, тийм юм зуруулах гэсэн юм гээд нэхэж эхэлдэг.
Ургийн тамга болон морины тамга их ашигладаг нь ямар учиртай вэ?
Х.Пэрлээ гуайн "Монголчуудын тамга, тэмдэгийн гарал үүслийг судлах нь" гэдэг судалгааны дагуу Хэнтий аймагт байгаа олон тамга, тэмдэгүүдийг би сонирхож судалсан. Тамга гэдэг бол яг хадны зурагтай адилхан дүрсийн анхдагч хэлбэр юм. Тэгээд л тамга тэмдэг, зураасаар илэрхийлэх дуртай болсон.
Үзэсгэлэнд байгаа олон зургийн зүүлтэнд "Холимог техник" гэж бичсэн байна. Таны холимог техникт юу, юу ордог вэ?
Эхлээд би зургийн дэвсгэрээ тавихдаа акрилик будгийг тосон будагтай хольж суурь дэвсгэрээ тавьдаг.
Таны ажиллагааг сэтгэл хөдлөл голчлон тодорхойлох юм байна, тийм үү?
Сэтгэлийн илэрхийлэл гэх юм даа. Далд ертөнцийн санаа миний сэтгэлд нөлөөлөөд, миний сэтгэлийг тодорхой хэмжээнд хөглөж, хөдөлгөхөөр түүний дагуу би илэрхийлж буулгадаг.
Онгод тэнгэр гэдгээр та юуг хэлж байна вэ? Уран бүтээлийн онгод уу, өвөг дээдсийн сүнс болоод ухамсар уу, эсвэл бөө шүтлэгийн олон зүгийн тэнгэрүүд үү?
Ер нь онгодууд гэдэг бол далд ертөнцийн эрчим хүч, цэнэгийн бөөгнөрөл учраас юу ч гэж нэрлэж болно. Эрдэмтдийн хэлдэгээр бол сансарын оюун ухаан гэж тайлбарласан байдаг. Энэ нь надад их таалагддаг. Бид орчин үед багахан хэмжээний флаш хуурцганд маш их хэмжээний мэдээлэл багтааж байна. Тэрэнтэй адилхан сансрын хоосон орчинд байгаа тэр их бодит цэнэгүүдийн нөлөөллийг зурдагаа би хэлж байгаа юм.
Та бясалгал хийдэг үү?
Өдөр тутам, өглөөдөө хийдэг.
Та бүтээлийнхээ нэрсийг судраас харсан гэж сонссон. Энэ талаараа хэлэхгүй юу.
Би зургаа зурахдаа тийм зүйл зуръя гэж бодож төлөвлөхгүй хийдэг болохоор дараа нь зургийнхаа учир утгыг олж тайлаад, нэр зохиож өгөх гэж хичээдэг байсан. Сүүлд манай зээнцэр төрөхөд Д.Чойжамц хамбаас нэр асуусан юм. Тэгэхэд Д.Чойжамц хамба Түвд, Самгарьд нэрний толь бичиг дэлгээд, ном уншиж байгаад мэргэлж сонгосон нэрийг хайрласан юм. Ингэснээр тухайн хүний нэр өөрт нь их онож таарах шиг надад санагдсан. Тийм учраас тэр аргаар нь би Мөнх тэнгэрээс "Энэ зурганд нэр хайрла" гэж гуйгаад Түвд, Самгарьд нэрний толиос сонгож өгдөг болсон.
Та туршлагатай, ахмад уран бүтээлч хүн. Ер нь уран бүтээлч болоход хэр удаан хугацаа шаардагддаг вэ? Жинхэнэ уран бүтээл залуу хүнээс ч төрж болох уу, эсвэл заавал тодорхой туршлага хэрэгтэй юу?
Ер нь бол уран бүтээл хүн бүрээс төрж болно. Ганцхан тэр төрж байгаа уран бүтээлээ өөрөө ойлгоод, түүнийг хөхиүлэн дэмжих хүртэл туршлага, маш удаан хугацаа хэрэгтэй байдаг. Би 1985 оноос хойш гуч гаруй жил зураг зурсан л даа. Анхандаа би өөрөө зураг зураад байна гэж боддог байсан. Тэгтэл би өөрөө зурдаггүй юм байна, өөр хүчин зүйл надад нөлөөлөөд хийлгэдэг юм байна гэдгийг би бясалгал хийж, бусад зүйлсийг судлаад өөрөө мэдэрдэг болсон. Ингэснээр би улам эрч хүчтэй болсон. Тэр хүртэл би өөрөө бодоод зураад байна гэж ойлгодог байсан нь өөрийгөө их ядраадаг байж. Тэгэхээр өөрийгөө таньж мэдээд, өөрийнхөө зургийг ойлгоход уран бүтээлч нарт хугацаа хэрэгтэй. Ялангуяа дүрслэх урлагийн академик сургуульд сурсан хүмүүс бодит зүйл харж, дуурайж зурдаг сургалтандаа хайрцаглагдсан байдаг. Тэр хайрцагнаасаа гарч, бодит зүйлээс халина гэдэг маш хэцүү. Үүнээс гарч чадвал тэр жинхэнэ уран бүтээл боллоо гэсэн үг.