Хайх

Улаанбаатар хотыг граффити урлагаар чимдэг “Номадинк 2017” наадам эхлэх гэж байна

Энэ жил ямар уран бүтээлчид хамрагдаж, хаана зурах вэ?

Улаанбаатар хотыг граффити урлагаар чимдэг “Номадинк 2017” наадам эхлэх гэж байна
Монгол ба олон улсын граффити уран бүтээлчдийг хамарсан “Номадинк” наадам 2017 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдах гэж байна

Digital Ink компанийн санаачилсан орчин үеийн урлагийг хөгжүүлж, Монгол орны түүх соёлыг сурталчлах зорилготой "Номадинк" наадам тун удахгүй эхлэх гэж байна. Жил бүр Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчилж, цоо шинэ уур амьсгал авчирдаг гудамжны урлагийн "Номадинк" наадам энэ удаад гурав дах жилдээ зохион байгуулагдах юм. Нийт найман өдрийн турш үргэлжилж, нэг байршлаас нөгөө рүү шилжин нүүдэлчин хэлбэрээр өрнөдөг уг наадамд уран бүтээлчид зөвхөн граффити зургаар хязгаарлагдахгүйгээр олон сонирхолтой арга хэмжээнд оролцдог. Тэд Монголын амьдрал ба нийгэмтэй танилцаж, байгалийн аялалд гарч, соёлын солилцоо хийж, нэг баг хамт олон болон уран бүтээлээ туурвидаг байна. Тодруулбал наадмын эхний өдрүүдэд олон улсын ба дотоодын уран бүтээлчид хотын төв, гэр хороолол, музей, цэцэрлэгт хүрээлэн ба байгалиар аялан уран бүтээлийнхээ санааг олж, энэ хугацаанд хоорондоо мэдлэг туршлагаасаа хуваалцаж, эцсийн үр дүнд нь өвөрмөц шийдэлтэй граффити зураг танилцуулдаг уламжлалтай билээ.

Улаанбаатар хотыг граффити урлагаар чимдэг “Номадинк 2017” наадам эхлэх гэж байна (фото 1)

Ямар уран бүтээлчид оролцох вэ?

Энэ жил "Номадинк" наадамд АНУ, Өмнөд Солонгос, Герман, Тайвань улсын долоон граффити уран бүтээлчид уригдан иржээ. Харин дотоодын уран бүтээлчдийн дунд тусгай тэмцээн зохион байгуулж, зургаан хүн шалгаруулан "Номадинк" наадамд оролцох эрх олгох юм.

Энэ жил хаана зурах вэ?

Жил бүр шинэ байршил сонгон, граффити урлагийн гайхамшгийг харуулдаг "Номадинк"-ийн хамт олон энэ жил "Terelj" зочид буудал, Shangri-La Centre-ийн гадаах талбай, Нарны гүүр, гэр хорооллын гудамжууд гээд хэд, хэдэн байршилд уран бүтээлээ туурвих болно.

Өнгөрсөн жилийн бүтээлүүд

"Номадинк" гудамжны урлагийн наадам нь 2014 оноос эхлэн амжилттай зохиогдож байгаа Улаанбаатар хотын орчин үеийн урлагийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм. Өнгөрсөн 2016 онд Малайз, Хонг Конг, Өмнөд Солонгос ба Монгол уран бүтээлчид хамтран цоо шинэ уур амьсгалтай граффити зургуудыг үлдээж байсныг бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

 

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх